Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-аас, "Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд долоодугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 04-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажиллав" гэх мэдээллийг өглөө.
Мөн "Нийслэлийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Түүнчлэн үргэлжилсэн борооны улмаас хавсарсан гамшиг гарах эрсдэлтэй байдаг. Үүнтэй холбогдуулан тог цахилгааны ил задгай утас гарсан бол мэргэжлийн байгууллагад хандах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байх, хот хооронд зорчихдоо аюулгүй байдлаа хангах, голын усанд орохгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна" хэмээв.