Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлд "Ид шидийн орон" төслийн хамт олон өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. "Ид шидтэй ах эгч нар" төслийн цар хүрээгээ тэлж, орон нутгуудын хүүхэд багачуудын хөгжилд анхаарахаар хэд хэдэн аймгийн сонгон Ид шидийн орон барих бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орсон. Үүний нэг нь Увс аймаг. Гэвч Ид шидийн орон төсөлд олгохоор төлөвлөгөөнд тусгаж баталсан газарт нь төслийн сонгон шалгаруулалт зарласнаар төслийн ажил гацаад байгаа аж. Тэгвэл газрын асуудалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар холбогдох албаныханаас тодрууллаа.
-"Ид шидийн орон" төслийн газрыг ИТХ-аар тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж баталсан. Газрыг нь зарсан зүйл байхгүй байх-
Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд "Хүсэлтийнх нь дагуу ИТХ газрынх нь асуудлыг шийдвэрлээд тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаад баталсан. Энэ ажлыг чиг үүргийнхээ дагуу шат шатны Засаг дарга нар шийдвэрлээд явах ёстой. Газрын тухайд хувь иргэн болон ТББ-д олгогдохгүй. Аймгийн Засаг даргын тамгын газар аль эсвэл Улаангом сумын ЗДТГ-т эзэмшил нь байж байгаа. Миний ойлгож буйгаар, Улаангом сумын ЗДТГ-аас газрын захирамж нь гаргаад, олгосон газарт үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэж харж байна.
Аймгийн ИТХ-аар төлөвлөгөөнд тусгагдсан газрыг аймгийн Засаг дарга захирамжаараа зохион байгуулна. Тиймээс аймгийн Засаг дарга Чимэдтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв болов уу. Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг зориулалтын бусаар ашиглавал ажил хариуцсан хүмүүсийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой. Сошиал дээр гараад байгаа шиг газрыг нь зарсан асуудал байхгүй байх. Би Улаанбаатар хотод ажлаар яваа учраас нарийн мэдээллийг холбогдож аваагүй байна" гэлээ.
-"Ид шидийн орон" төсөлд өгөх газрыг ИТХ-аар баталсан. Гэтэл тухайн газар дээр нь Засаг дарга Ч.Чимэд төсөл сонгон шалгаруулалт зарлачихсан байна-
Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр "ИТХ-аас газар олгочихоод аймгийн Засаг дарга тухайн газар дээр сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа юм. Тус төслийг хариуцсан хоёр хүн надтай ирж уулзсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан албан бичиг хийж газрын албанд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Тус албан бичигтээ тухайн газрыг Улаангом суманд шилжүүлж өгнө үү, бид энэхүү газрыг хүүхэд хамгааллын Ид шидийн орон төслийг дэмжиж олгох гэж байгаа талаараа дурдсан. Холбогдох хүмүүс нь аймгийн Засаг даргатай очоод уулзахаар тухайн асуудлыг мэдэхгүй гээд байгаа. Гэтэл Ц.Батболд, Чимэд дарга энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс шүү дээ.
Одоо аймгийн Засаг дарга захирамж гаргах аль эсвэл тухайн газрыг Улаангом сум руу шилжүүлэхэд шийдэгдчих асуудал байгаа юм. Гол нь аймгийн Засаг дарга яагаад энэ газрыг өгөхгүй байгааг бид гайхаад байгаа юм.
Ц.Батболд дарга газрыг нь ИТХ-аар баталсан хүн шүү дээ. Гэтэл одоо хуулиа мэдэхгүй байна. ИТХ-аар баталчихаад төсөл сонгон шалгаруулалт гээд аймгийн Засаг даргын мэдэлд өгчихсөн. Тэгэхээр одоо Ч.Чимэд дарга л эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг" гэв.
-Юм хийж бүтээе гээд явж байгаа залуусын хүсэл эрмэлзэл төрийн процесс дээр ирээд л нам гацаж байна-
"Ид шидийн орон" төслийн удирдагч А.Ганчимэг "Би газартай холбоотой асуудлаар Увс аймагт ирээд 14 хонож байна. Холбогдох шатны байгууллагуудад ном журмынх нь дагуу хандая гэж бодоод ирсэн. Аймгийн Засаг даргатай уг төслийнхөө хүрээнд хоёр ч удаа уулзсан. Анхнаасаа "Ид шидийн орон" төсөлд гэж ИТХ-аар тухайн газрыг баталсан байтал төсөл сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа юм. Хэдийгээр ИТХ-аар баталсан боловч ийнхүү төсөл сонгон шалгаруулалт зарлачихсан тохиолдолд бид ч тухайн шалгаруулалтаар нь орж таараад байгаа юм. Тухайн сонгон шалгаруулалтын шалгуурт санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн зэргээс эхлүүлээд хэд хэдэн нөхцлүүд ороод ирж байгаа шүү дээ. Үүнээс шалтгаалж хэдийгээр ИТХ-аар батлуулсан боловч та нарын төсөл боломжгүй л юм байна шүү дээ гэх хариуг бид сонссон.
Газрын асуудлаас шалтгаалан зураг төсөл батлагдахгүй байх, ажлынхаа төлөвлөгөөг авч чадахгүй цааш явах процессууд нам гацчихаад байгаа байхгүй юу. Гэтэл яагаад газрын гэрчилгээ нь гарахгүй байна вэ гээд сураглатал төсөл сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Бидний гайхаж буй зүйл нь аймгийн ИТХ-аар батлагдсан газарт яагаад дахин төсөл сонгон шалгаруулалт зарлагдчихдаг юм бэ.
Энэ асуудалд Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр шийдэх талаас нь оролцож байгаа. Аймгийн Засаг дарга захирамж гаргачихвал энэ газрыг сумаас шийдэж өгөх боломжтой гэх зүйлийг хэлж байгаа юм.
Төсөлд зориулж 3.2 га газрыг батлагдсан байсан. Хэрвээ энэ газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд албан ёсны хариугаа өгчихвөл дараагийн боломжтой арга хэмжээг авна шүү дээ. Гэтэл хүргүүлсэн албан бичгийн хариу ч өгөхгүй байна. Орон нутагт юм хийж бүтээе гээд явж байгаа залуусын хүсэл эрмэлзэл төрийн процесс дээр ирээд л нам гацаж байна. Маш хүндрэлтэй юм байна. Нэг нэг рүүгээ гөлөг төөрүүлж байгаа аятай асуудлаа шидлээд байдаг. Гэтэл үүний цаана олон хүний цаг зав, төлөвлөсөн ажил явж байгаа гэдгийг ойлгохгүй байна" гэсэн юм.