Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим шилжилтийг хурдасгаж, цахим худалдааг хөгжүүлснээр эдийн засгаа тэлэх боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 10 секунд

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт" амжилттай болж өндөрлөж байна. Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцсэн юм.

Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон.

Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн юм.

Өдгөө 20 дахь удаагаа болж буй тус чуулганаар Монгол Улс далайд гарцгүй орны хувьд цахим шилжилтийг хурдасгаж, цахим худалдааг хөгжүүлснээр эдийн засгаа тэлэх боломж байгааг мэргэжилтнүүд онцолсон байдаг.

Энэ удаагийн чуулга уулзалт “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо өнгөрсөн өдрүүдэд өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Ногоон болон цахим худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг тэтгэх санхүүжилтийн орон зайг дэмжих, оролцогч улс орнууд өөрсдийн сайн туршлагаа хуваалцах нь арга хэмжээний тэргүүн зорилт байв. Цар тахлын дараах эдийн засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд чиглэсэн “Дэлхийн экспортыг дэмжих чуулган” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Энэ удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-аас та бид далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, боломж нөхцөл, дэлхийн экспортыг төрөлжүүлэх тухайлбал ногоон, цахим, хүртээмжтэй, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй олон асуудлуудыг хэлэлцэж цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тодорхойлохоор Улаанбаатар хотноо хуран чуулж байна" хэмээсэн байдаг.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ. “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.