Өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг эцэслэн баталсан билээ. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэхээр тусгасан. Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөний нөхөн олговрын асуудлаар ХНХЯ-наас мэдээлэл хийлээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор болсон. Ингэхдээ хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүд хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ Үндэсний их баяр наадмын өмнө шилжүүлэхээр болж байна.
Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Уг арга хэмжээний үр дүнд төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа.
Мөн төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Үүнд нэг их наяд төгрөг зарцуулагдана" гэлээ.