Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгаас гарах хөдөлгөөнийг 6 хоног хязгаарласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл "Алтай телевиз"-ээр дамжуулан мэдээлэл өгөв.
Тодруулбал "Өчигдөр /2023.06.26/ 20.00 цагийн үед Бугат сумын ЭМТ-д эмчлэгдэж байгаад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт зөөвөрлөгдөн ирсэн өвчтөнөөс тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд Зооноз өвчин судлалын төвийн баг ажилласан. Улмаар аймгийн онцгой комисс хуралдаж, хариу арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлж байна.
Энэхүү сэжигтэй тохиолдол нь 2023.06.21-ний өдөр хээрээс олсон тарвагыг өвчсөн гэсэн давхар судлалын өгүүлэмжтэй. Мөн тарваган тахал өвчний эмнэлзүзйн шинж тэмдэг илэрсэн учраас эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын дагуу тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол хэмээн оношилж хариу арга хэмжээ авч байна.
Сэжигтэй тохиолдол нь Алтай сумын хилийн цэргийн ангийн мал дээр байдаг алба хаагч цэрэг байсан. Бугат сумын Хөхсайр гэдэг газар уг үйл явдал болсон. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа.
Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг судлаад, илэрсэн хавьтлуудыг тусгаарлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.