
Бидний хэрүүл, зовлон мөд дуусахгүй бололтой. Нэгийг нь арай гэж дуусгаад эргээд харахад өөр нэг нь эхэлж байдаг чөтгөрийн тойрогт улсаараа сэнсэрч гүйцлээ. Үндсэн хуулийн хэрүүлээ хийж дуусгаад араас нь англи хэлний шинэ хэрүүлтэйгээ ноцолдож байх зуур хуурамч шатахууныхан оочер дайраад ороод ирэх нь тэр.
Уг нь хуурамч шатахууныг асуудлыг Б.Пүрэвдорж гишүүний санаачилж, батлуулсан Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цэгцэлсэн. Гэвч ганцхан жилийн дараа хуурамч шатахууныхан бизнесээ хамгаалж үлдэхийн тулд байдгаа барж эхэллээ. 2023 оны дөнгөж эхэнд АН-ын гишүүн Ш.Адьшаагаар хууль санаачлуулан өргөн бариулж асуудлаа шийдүүлэхээр үзсэн. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч парламентын босго даваагүй. Засгийн газрын зүгээс ч Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй гэх хариуг өгсөн байдаг.
Ингээд ашиг орлого, амь амьжиргаагаа бүр мөсөн алдах дээрээ тулсан хуурамч шатахууныхан сүүлийн сумаа Үндсэн хуулийн цэц рүү тавьж байна. Б.Пүрэвдорж гишүүний батлуулсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хуурамч Цэцэд мэдээлэл гаргаж, маргаан үүсгүүлээд, улмаар Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг гаргуулаад авлаа. Өөрөөр хэлбэл, парламентыг лоббидох гээд барахгүй болохоор арай цөөхөн хүнтэй Цэцийг лоббидох ажилдаа орсон нь энэ. Хамгийн аюултай нь Цэц бол асуудалтай газар. Энд ер нь алдаад байх нэр хүнд, алдаад байх үнэлэмжтэй хүн гэж бараг л байхгүй дээ. Цэцийн даргаасаа эхлээд ихэнх нь тэтгэврийн насандаа тулчихсан, ахиад Цэцийн гишүүнээр суух боломжгүй нөхдүүд хэвтэж байгаа. Өөрөөр хэлбэл, өвгөчүүд нүдээ аниад хуурамч шатахууныхны төлөө олон нийтийн эсрэг шийдвэр гаргаж, хуулийн үйлчлэл нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс зогсов.
Ийм байхад Цэцийн хэдээс наад захын шударга ёс, хүн ёсны үнэлэмж хүлээнэ гэдэг утгагүй зүйл. Хуурамч шатахууныхан элдвийн үлгэрээ зохиож хэвлэлээр дамжуулж олон нийтийн тархийг мунхруулах ажлаа аль уже эхэлчихсэн байна лээ. Тиймээс байдал улам бүр аюултай тал руугаа л яваад эхэлсэн гэсэн үг.
Ер нь энэ хуурамч шатахууныханд боломж олгосон үйлдэл 2012 онд Засгийн газрын тогтоол байдлаар гарч, уг тогтоолын хугацааг гурван жил байсныг нь зургаан жилээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд сунгаж байв. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хуурамч шатахууныхан иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаар нь тоглосон. Онцгой албан татварыг чөлөөлж хуурамч шатахууны бизнес цэцэглэснээр эзэд нь багадаа 80 тэрбумын ашгийг хийдэг. Их хэмжээний мөнгө хэдхэн хүний халаас руу орж иргэд ард нь эрүүл мэнд, эдийн засаг, эд хөрөнгөөрөө хохирдог. Тэд 75 хувьд нь оргинал дизелийн түлш хийчхээд 25 хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг холих замаар хуурамч шатахуунаа үйлдвэрлэдэг гэдэг. Ингэж үйлдвэрлэсэн хуурамч шатахууны “ач”-аар хот, хөдөөгүй олон машин эвдэрч, хүүхэд багачуудаас хохирч байв.
Хамгийн даварчихсан нь хуурамч шатахууныхан энэ төрлийн ажилдаа хэрэглэгддэг түүхий эдээ 2, 3 мянган тонноор нь хил дээр аваад ирчихсэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахыг харж байгаа гэж Б.Пүрэвдорж гишүүн мэдэгдэж байна. Цэцээс эхлээд УИХ хүртэл хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн энэ увайгүй үйлдлийг маш анхааралтай ажиглаж, дахин нэг таслан зогсоох шаардлагатай боллоо.