Зургаахан настай энэ бяцхан хүүг М.Өнөмөнх гэдэг. Гурван хүүтэй айлын дунд хүү. Тулгын гурван чулууны нэг. Оны өмнөхөн Жюү Жицүгийн спортод хөл тавьсан ч хэд хэдэн томоохон тэмцээнд оролцож, тэр ч бүү хэл Дорноговь аймагт зохион байгуулагдсан тэмцээнээс АЛТАН МЕДАЛЬ хүртэн ирсэн ирээдүйтэй тамирчин юм. Багш нар, найз нөхөд нь ч түүнийг их хайрлана. Бас халамжилна.
Бяцхан хүүг гэр бүлийнхэн хийгээд найз нөхөд нь Томми хэмээн өхөөрдөн дууддаг бөгөөд өөрийн төрсөн ах М.Өнөтөгөлдөрийн хамт "Garuda Дархан цааз академи"-д хичээллэдэг байна. Ах нь бэлтгэлээ сайн хийсэнгүй хэмээн үе үе зэмлэдэг ч ахдаа гомддоггүй тухайгаа бидэнд хэлсэн бөгөөд "Бага загнаарай" гэдэг үгийг ч ахдаа уламжлаад амжсан юм.
Хэвлүүхэн яриатай, хэрсүү ухаантай энэ хүүгийн хувьд дан ганц спортоор хичээллэхээс гадна урлагт ч мөн хайртай гэнэ. Тэр дундаа морин хийл хөгжмийг сонгон суралцаад гурван сарын хугацааг өнгөрөөжээ.
Бяцхан биендээ багтамгүй их авьяасыг өвөртөлсөн түүний хувьд "Утсан хөгжим их хэцүү. Би хэцүү хөгжим сурмаар байсан учраас МОРИН ХИЙЛ хөгжмийг сонгосон" хэмээн хэлж байв. Угтаа хүн бүр сурахад илүү амар хөгжмийн зэмсгийг сонгон суралцаж, өөрийн авьяасаа хөгжүүлдэг ч бяцхан тамирчин бас хөгжимчин хүүд энэ нь хангалтгүй санагдсан ажээ.
Түүгээр ч зогсохгүй М.Өнөмөнх хүүгийн хувьд бэлтгэлээ хийхдээ бас барилдахдаа хэнээс ч илүү гал цогтой болдог. Ирээдүйд "УЛААН БҮС" авч, бүх тэмцээнээс алтан медаль авах томоохон зорилготой түүнээс тийм их эрч хүч мэдрэгдэх нь тодорхой. Тэр ч утгаараа бяцхан тамирчин маань ойр дотныхоо найз нөхдийг спортоор тэр дундаа жюү жицүгээр хичээллэхийг уриалж, спортоор хичээллэснээр эрүүл бас хүчтэй болдог талаар байнга хэлдэг гэнэ. Иймд Ubn.mn сайт олон хүүхдэд үлгэр дуурайлил болж буй бяцхан авьяастан М.Өнөмөнхийг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж хэсэг хором ярилцлаа.