Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал“ сэдэвт семинарыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

Энэ цаг мөчид Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалтай хамтран “Хааны эрэлд-2023” энхийн ажиллагааны олон улсын сургуулийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

Тус семинар нь эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал чиглэлээр НҮБ-аас гаргасан тогтоолуудыг цэргийн алба хаагчдад сурталчлан таниулах, Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед аливаа бодлого, шийдвэрийг жендэрийн талаас харж мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилготой юм.

Семинарыг нээж ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд хэлсэн үгэндээ “Монгол Улс, АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг томоохон арга хэмжээний нэг нь 2003 оноос эхлэн зохион байгуулж буй “Хааны эрэлд” энхийн ажиллагааны олон улсын сургууль юм. “Хааны эрэлд-2023” энхийн ажиллагааны олон улсын сургуулийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт семинарыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тус семинар нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг цэргийн алба хаагчдад эзэмшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тийм ч учраас семинарт хамрагдах бүрэлдэхүүнийг зөвхөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээр хязгаарлахгүй, ЦЕГ болон Төрийн цэргийн байгууллагын төлөөллийг хамруулахаар төлөвлөсөн. Уг семинарт хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ семинарыг зохион байгуулах боломж олгож, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын мэдлэг, ур чадварт үнэтэй хувь нэмэр оруулж буй Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон Австрали, Фижи Улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш нарт талархал илэрхийлье” гэлээ.

Үргэлжлүүлэн АНУ-ын Цагдаагийн наймдугаар бригадын захирагч хурандаа Чарлис Грийн хэлсэн үгэндээ АНУ, Монгол Улстай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хааны эрэлд-2023” энхийн ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулж буйд баяртай байна. АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын хувьд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал”-ыг нэмэгдүүлэх, сайжруулах үйл ажиллагааг цэргийн өдөр тутмын дасгал, сургуулилт, энх тайван болон аюулгүй байдлын төлөөх бодлого зорилтдоо тусгасан байдаг. “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх сэдвийг хөндөх нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус үүний ард байгаа нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд, өндөр настнуудын аюулгүй байдлыг хангах, нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Уг семинараар жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдэд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал санаачилгыг хамтран боловсруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Семинарт Монгол Улсын Зэвсэгт хүчин болон ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, ШШГЕГ-ын 50 орчим алба хаагчид хоёр ээлжээр хамрагдаж буй бөгөөд эхний ээлжийн сургалт 6 дугаар сарын 20-22, хоёр дахь ээлжийн сургалт 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдах ба семинарыг Номхон далай дахь АНУ-ын ХЗЦК-аас хоёр, Австрали Улсаас нэг, Фижи Улсаас нэг, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг нийт дөрвөн багш удирдаж явуулах юм.

АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.