Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намын даргын бодлого дунд ажиллах “Нүүрсний хулгайн“ шинэ түр хороо сонгууль хүртэл сайн “сэгсэрнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 36 секунд
UBN.MN

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах ажлыг дахин зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулсан нь өчигдөр ил болов. Үүнийг нь харсан олон нийтийн зарим нь “Нүүрсний хулгайг орхиж болохгүй. Цагаа олсон шийдэл” гэж алга ташиж. Нөгөө хэсэг нь найр наадмын өдрүүдэд асуудлыг бүр мөсөн алга болгох нь гэж болгоомжилж буйгаа илэрхийлжээ.

Тэгвэл үйлтэй энэ ажлын хэсгийг яагаад дахин байгуулах болов. Улс төрийн өнцөг талаасаа энэ хэнд хэрэгтэй вэ. Нүүрсний хулгай руу гараа гүн дүрэх болгонд МАН-ынхан илүүтэй атгагдана. Ер нь "нүүрсний хулгай" гэж Засгийн газрын үлээсэн шүгэл ингэсгээд унтарвал ирэх сонгуулиар яах билээ. Тиймээс сонгууль хүртэл сэдвээ барих нь МАН-д ашигтай. Улс төрд огт санаандгүй үйлдэл, үг гэж байдаггүй тул талаар хамтдаа зарим зүйлийг эргэцүүлцгээе.

НЭГ, Ажлын хэсгийн ахлагч, бүрэлдэхүүнийг анхааралтай ажигла

Хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах ёстой сэдэв бол ажлын хэсгийн бүрэлдэхүүн. “Ажлын хэсгийн” Х.Нямбаатарыг ахлагчаар нь тавьснаас эхлээд л шинээр бүрдэх түр хорооны ирээдүйн үйл ажиллагаа, улс төр нь үүд хойморгүй уншигдаж эхэлнэ. Харин гишүүдээр нь ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн, өмнөх түр хорооны дарга Г.Ганболд, ХҮН намын дарга Т.Доржханд, “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон ч, сүүлийн үед АН-ын бүлэгт суух болсон С.Ганбаатар нарыг багтаажээ.

Бүрэлдэхүүнийг харахад хуулийн сайд, том байнгын хороодын дарга нараар голцуу бүрдүүлсэн нь өмнөх түр хорооны хэдийг бодвол “гал” атгах чадвартай, улс төрийн манлайлал үзүүлнэ гэж харсантай холбоотой байх. Дээр нь С.Ганбаатараас эхлээд асуудлыг нийгэмд оруулж ирэх онцгой чадамжтай нөхдүүд нэг дор цуглав. Тэдний зарим талаараа ихээхэн поп ч гэдэг. Харин ажлын хэсэгт АН-ын жинхэнэ төлөөлөл энэ удаад багтсангүй. Эвслээс сонгогдсон ч, ойрд АН-ын бүлгийн хуралд суух болсон С.Ганбаатарыг оруулсныгаа эрх баригчид АН-ын төлөөлөл орсон л гэж тайлбарлах биз. Үнэндээ АН-ын жинхэнэ төлөөлөл алга.

Өөр нэг сонин юм ажиглагдаж байгаа нь ажлын хэсгийн бүрэлдэхүүний нас. Эрх баригчдаас гэхэд л Х.Нямбаатар, Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн гээд улс төрд шинэ үеэ бэхжүүлэх зорилготой 80-аад оны төлөөллүүд багтжээ. Харин өмнөх бүтэлгүй түр хорооны дарга, Өвөрхангайн Г.Ганболдыг яагаад дахиж оруулсан нь туйлын сонин. Магадгүй түүнийг оруулах нь Өвөрхангайдаа нэг баг болж тоглодог Я.Содбаатар болон эргэн тойрныхонд нь чухал байсан биз.

ХОЁР, Х.Нямбаатарын ажлын хэсэг сонгууль хүртэл үүргээ гүйцэтгэнэ...

Ажлын хэсэг, цаашлаад түр хорооны гол тоглолт ахлагч Х.Нямбаатарын гар дээр өрнөх нь гарцаагүй. Хуулийн сайд хулгайн асуудалд хамгийн их мэдээлэлтэй, хамгийн ньюанстай хандаж, тултал нь “гал” атгана. Ер нь шулуухан хэлэхэд Х.Нямбаатараар ажлын хэсгийг ахлуулж байна гэдэг бол МАН-ын даргын бодлого их бага хэмжээгээр хэрэгжинэ гэсэн үг. Үгүй гэж хэлэх ч улс төрийн амьдрал ийм л байдаг. Энэ нь сайн муу хоёр талтай. Ах нарын бузар булхайг илчилж улс төрийг цэвэрлэх хүсэлтэй яваа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын 80-аад оны залуучуудын ажил эрчимжих. Нөгөө талдаа улс төрөөс явах болоогүй байсан 70-аад оны ах нарыгаа талбайгаас шахах нийтийн субодник улам бүр өргөжих аюултай. Энэ үйл явц сонгуулийн нэр дэвшилт, МАН доторх үе солих процесстой учиргүй их уялдаж, залуу дарга нарынхаа өөдөөс үг дуугардаг “амьтны” тоо толгой үлэмж ихээр хорогдох байх. Харин том зургаараа Женко тэргүүтэй томоохон атмануудыг ихээхэн зовоох байх гэж найдаж байна.

Ийнхүү 40 их наядын үнэтэй “нүүрсний хулгайн” хоёрдугаар үзэгдэл улстөрд ирэх намраас өрнөж, сонгууль хүртэл үүргээ гүйцэтгэнэ. Харин энэ их улс төр дунд нь олон нийт бага ч болов хожих ёстой. Хэн нь хэн бэ гэдгийг бага ч болов мэдэх хэрэгтэй.

Ард түмэнд бол хулгай илчлэгдэж, их наядаар хэмжигдэх “нүүрсний хулгайн” ядаж зах үзүүр нь харагдвал л бол оо. Улс төрд хэн нь хэнийгээ дүүжилж, хэн нь эрх мэдлээ булааж, эсвэл дархлах нь маньд падгүй. Үйл явдлаар арвин “нүүрсний хулгайн” шинэ анги айсуй...

Г.Лхагвадорж

Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам албан ёсоор эхэллээ
Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам албан ёсоор эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.