Магадгүй та цахим орчноос ногоон зүлгэн дээр унадаг дугуйтай зорчиж байгаа иргэнийг бас хотхоныхоо орцонд хогоо асгаж буй нэгэн залуугийн бичлэгийг үзсэн байж болох юм. Тэгвэл тэд бүгд нэг хүн бөгөөд цахим орчноор дамжуулан нөлөөллийн контент хийж, иргэдийг сайн сайханд урилах эрхэм зорилгыг өвөртөлсөн, хүүхэд ахуйн мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа Т.Баттулга юм. Ubn Story булангийнхаа энэ удаагийн зочноор бид түүнийг урьж, хувь хүний үзэл бодол хийгээд нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөллийнх нь талаар ярилцлаа.
-Юун түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Олон нийт таныг видео контент хийдэг гэдгээр нь мэдэж байгаа байх. Гэхдээ үндсэн мэргэжил болон одоо юу хийж байгааг нь төдийлөн сайн мэддэггүй гэж бодож байна?
-Намайг Т.Баттулга гэдэг. Хүүхэд байхдаа жүжигчин мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ СУИС-д орохоор шалгалт өгөх гэж явж байхдаа халшраад өөрийгөө чадахгүй болов уу гэж бодоод шалгалт өгөөгүй юм. Түүнээс гадна ээж, аав маань тийм ч их дэмжээгүй. Барилга, уул уурхайгаар суралц гэж зөвлөж байсан. Тухайн үед уул уурхай руу хүмүүс их хушуурдаг байсан. Тиймээс би цахилгаанчнаар мэргэжил эзэмшсэн.
Одоогоор барилгын компанид цахилгаанчин мөн бүх төрлийн хаалганы автоматжуулалтын ажил хийдэг.
-Таныг жүжигчин мэргэжилтэй юм болов уу гэж бодож байсан үгүй юм байна тийм үү?
-Тийм. Өөрийн сонирхлоор, хоббигоороо л контент хийдэг.
-Та тэгэхээр маш завгүй ажилладаг юм байна шүү дээ?
-Тийм шүү. Барилгын ажил бол улирлын чанартай ажил. Одоо яг сезоных нь улирал. Тийм учраас маш завгүй байгаа. Түүнээс гадна контентуудаа хийхээрээ, өөрийнхөө толгойд байгаа бодлуудаа бичлэг болгоод гаргахаар маш их тайвширлыг мэдэрдэг.
-Тэгвэл та хамгийн анх ямар бичлэг хийж олон нийтэд цацаж байв. Магадгүй үзсэн хүмүүс нь санаж байгаа байх?
-Хоёр жилийн өмнө эхнэртэйгээ хамт нэг жижигхэн бичлэг хийж үзэж байсан юм. Тэр бичлэг маань тухайн олон хүнд хүрсэн юм шиг санагддаг юм. Хүмүүсээс ч урмын үг их ирсэн. Түүнийг нь хараад нийгэм ийм их стресстэй байгаа юм чинь яагаад ийм хөгжилтэй бичлэг хийж болохгүй гэж гэж бодсон.
Тухайн үед манай дүү нар маш их Тик Ток хийдэг байсан. Тэгээд л санаа бодлоо хуваалцаад ингэж хийвэл гоё болох юм байна. Үүн дээр ийм эффект тавьбал зүгээр юм байна гээд л ярилцдаг байсан. Түүнээс хойш л ийм видео контент хийдэг болсон доо.
-Гэр бүлийнх нь хүн маш их дэмждэг байх нь?
-Манай гэр бүлийн хүн бол намайг үргэлж дэмждэг. Дан ганц контент дээр гэлтгүй бусад бүх л асуудал, ажил дээр, амьдрал дээр үргэлж дэмжиж байдаг. Мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлсээ ч бас заавал эхнэрээсээ зөвлөдөг, асуудаг, хоорондоо ярилцдаг. Ойр тойрныхон маань ч маш их тусалдаг.
-Яриагаа үргэлжлүүлээд саяхан сенсаци тарьсан орцонд хог хаядаг бичлэгийн талаар ярилцъя гэж бодлоо. Контент гэж хүлээж авах хүмүүс байхад шууд хүлээж авч байгаа ч хүмүүс байна. Ер нь яагаад видеогоо ийм мессэж өгөх байдлаар хийх болов?
-Хог хаяж байгаа бичлэгийг ярихаас өмнө хамгийн анхны бичлэгээ ярих нь зөв байх. Тэр бичлэг нь тарьмал зүлгэн дээр дугуйтай явж байгаа нэг бичлэг байдаг юм. Найз маань надтай холбогдоод "Хүмүүс тарьмал зүлгэн дээр дугуйтайгаа яваад байна, жим гаргаад байна" гэх зэрэг асуудлуудыг хэлсэн. Миний хувьд яагаад болдоггүй гэдгийг нь асуухад таримал зүлэг нь зэрлэг зүлгээс өөр, арчилгаа их байдаг. Хүмүүс ингэж болдоггүй юм аа. Үүнийг хүмүүст ойлгуулаад өгөөч, ядаж 100 мянган хүнд үзүүлээд өгөөч гэж гуйсан юм.
Миний хувьд мундаг инфлүүнсер хүн биш. Хүмүүст зүлгэн дээр битгий гишгээрэй гэж хэлсэн ч хүлээж авахгүй. Яагаад гэвэл фэйсбүүкт хоёрхон секундэд л анхаарлыг нь татахгүй бол шууд үзэхгүй шүү дээ. Тиймээс найздаа хоёулаа маргалдаж байгаа юм шиг бичлэг хийе.
Чи утсаа барьчих, зүлгэн дээр дугуйтай явж болохгүй гэсэн самбараа сайн харуулаарай гээд нэг удаа бичиж үзсэн. Гэтэл найз маань яг зураглаач шиг бичээд байсан юм. Тэгэхээр нь маргалдаж байгаа хүмүүс шиг байх хэрэгтэй гэж хэлээд хоёр, гурван удаа бичсэн. Тэгээд л сүүлийнх нь яг бодсон шиг болсон. Анх 100 мянган хүнд үзүүлэх төлөвлөгөөтэй байсан бол 1,5 сая хүн тэр бичлэгийг үзсэн. Би бол тухайн бичлэг зорилгодоо хүрсэн байх гэж бодож байгаа. Хүмүүс зүлгэн дээр гишгэвэл, дугуйтай явбал яг энэ залуу шиг муухай харагдана гэж ойлголт авсан байх.
Дараагийн бичлэг маань нэг хотхон дотор сигналаа маш чанга дуугаргаж байгаа нэгж бичлэг байгаа юм. Тэр бичлэгийг маань ч гэсэн хүмүүс их үзсэн. Бас маш их сөрөг сэтгэгдлүүд ирсэн.
Үүнээс яг юу харсан бэ гэхээр хүмүүс муу зүйлийг харахдаа, хэн нэгний буруутай үйлдлийг харахдаа хэн нэгнийг шүүмжлэхэд бэлэн байна, муу зүйлийг тэвчиж чадахаа больсон байна. Тэгвэл хогны асуудалд хүмүүс хэрхэн хандах вэ. Байдаг л энгийн пост, постеруудыг хараад хүмүүс тийм ч их хүлээж авдаггүй шүү дээ. Тиймээс хогны асуудлыг ч гэсэн ийм байдлаар харуулбал, арай өөр өнцгөөр үзүүлбэл илүү хүлээж авах болов уу гэсэн үүднээс энэ бичлэгээ хийсэн.
Ер нь орцонд хогоо хаядаг хүмүүс их байдаг шүү дээ. Угтаа байрных нь гадаа хогийн цэг байж л байгаа. Гэтэл орцондоо хогоо хаяад цэвэрлэгчдэдээ, үйлчлэгчдэдээ ажил уддаг. Мөн энэ ташрамд гэж хэлэхэд магадгүй тэр бичлэгийг үзсэн үйлчлэг хийдэг хүмүүс байвал би чин сэтгэлээсээ тэр үгнүүдийг хэлээгүй шүү. Хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг хүмүүс байдаг юм байна. Муухай харагддаг шүү гэдгийг харуулах зорилгоор бичлэгээ хийсэн шүү гэдгийг хэлмээр байна.
-Тавилттай бичлэг хэрнэ огт тавилгүй юм шиг байгаа учраас хүмүүст их хүрээд байна гэж харж байгаа л даа?
-Бичлэгний хувьд ямар ч тавилгүй юм шиг байгаа юм. Хэрэв монтажтай байсан бол хүмүүс энэ эвлүүлэг байна гэдгийг мэдчихнэ. Яг амьд юм шиг явж байгаа бичлэгийг хүмүүс үзэхээр шууд хүлээж авч байгаа юм шиг санагддаг. Магадгүй хэн нэгэн орк үйлдэл хийлээ гэхэд таныг хэн нэгэн харж байгаа. Хаа нэгтээгээс камтер бичиж байгаа. Хүүхдүүд харж байгаа. Тийм учраас та өөрийн хийж буй үйлдлээ хяна. Цэгнэ гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Бас хэн нэгэн буруутай зүйл хийвэл бие биедээ хэлдэг баймаар байна. Гэхдээ зөв шаардлага тавьж, уриалгахан хандах хэрэгтэй. Учир зүггүй дайраад, элдвийн үгээр хэлээд байж болохгүй шүү дээ.
-Мэдээж таны контентуудын дор янз бүрийн сэтгэгдлүүд ирж байгаа. Сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг юм бэ?
-Миний хийж байгаа бичлэгүүд дандаа тавилттай байдаг. Тавилттай бичлэгүүд нь нэг бол уурлуулна эсвэл уйлуулна.
Хүмүүсийн уурыг хүргэж байна гэдэг бол нийгэм зөв байна гэсэн үг. Ийм үйлдлийг хараад уур нь хүрч байна гэдэг л зөв байгааг нь илэрхийлж байгаа юм.
-Хогтой холбоотой бичлэгийг нь зөвшөөрөлгүй авч ашигласан пэйж хуудсууд мэр сэр харагдаж байсан?
-Хандалтын төлөө юу ч хамаагүй цацдаг, нийгэмд сэвдэг зарим сайтууд байна. Бас пэйж хуудаснууд ч байна. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг шууд нийтэлдэг нь буруу юм шиг санагддаг. Ялангуяа сэтгүүлзүйн салбар ёс зүйтэй байх хэрэгтэй байх. Бас л нийгэмд гэрэл түгээхээр ажиллаж байгаа учраас хандалтын төлөө мэдээ, нийтлэл битгий гаргаж байгаасай гэж бодож байна.
-Тэгвэл та хувь хүний хувьд хэр зөв хүн бэ?
-Миний талаар ойр дотныхон маань чин үнэнийг хэлэх байх. Гэхдээ би сигналаа дардаггүй. Харин холынхоо гэрлээр дохиод явчихдаг юм. Яагаад гэвэл миний хажуугаар нярай хүүхэдтэй хүн, хөгшин хүн магадгүй хайртай залуудаа хаягдаад явж байгаа охин ч өнгөрч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
Автомашингүй өдрийг тэмдэглэдэг шүү дээ. Яагаад хүмүүс тэр өдөрт дуртай байдаг вэ гэхээр хажуугаар нь машин өнгөрөхгүй, чанга дуугаар сигналдахгүй. Стресс байхгүй учраас хүмүүс тайван амгалан байж тэр өдрийг хүлээдэг. Гэтэл жаахан түгжрэхэд л хүмүүс стресстэж эхэлдэг. Тиймээс жолооч нартаа битгий сигнал ашиглаарай гэж уриалмаар байна.
Түүнээс гадна миний хувьд тэр бичлэгэн дээр гараад байгаа шиг уур уцаартай хүн биш. Харин хэлмээр байгаа зүйлээ эвтэйхнээр хэлж ойлгуулдаг, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг. Тиймээс хүмүүстэй аль болохоор тайван харьцахыг хүсдэг. Ерөнхийдөө их зөөлөн хүн дээ.
-Магадгүй тун удахгүй аав болох байх. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд манай нийгэм бэлэн санагдаж байна уу?
-Энэ нийгмээ бэлэн болгох хүмүүс нь бид өөрсдөө. Бидний оролцоо маш чухал, залуусын оролцоо их хэрэгтэй. Тийм ч учраас 40 нас гарч яваа хүмүүсийг "Миний үе өнгөрчихсөн. Би ч юу хийж чадах вэ дээ" гэж ярьж байгаа хүмүүст дургүй. Угтаа хийж бүтээвэл хэзээ ч оройтохгүй шүү дээ.
Миний хувьд ч тэр 30 нас хүртлээ хувийн ажлаа хийгээд л явж байсан. Саяхнаас л нийгэм рүүгээ чиглэсэн зүйл хийж байна. Энэ бол миний эх ороныхоо төлөө хийж буй багахан хувь нэмэр гэж бодож байна. Сайхан нийгмийг бид л бүтээнэ.
-Ярилцсанд баярлалаа.