Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ №1: “Тавантолгой”-д баригдаж буй угаах, баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад орсноор НҮҮРСНИЙ ОРЛОГО жилд 400-500 САЯ ам.доллароор НЭМЭГДЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 32 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Нүүрсээ зарахаас өөр гайхалтай лаг хөгжлийн “томъёо” өнөөдөртөө бидэнд алга. Урд хөршийг нүүрс авч байгаа дээр нь аль болох ахиухан зарах нь 10 жилийн турш хий эргэсэн бидний гол зорилго. Тэгвэл зарна гэж хөөрцөглөхдөө хөгийг нь чирч алах шахаж буй “нүүрсний” төсөл. Хараат бусынхаа хонгилд анхлан асаах зорилготой газрын тосны төслүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүдээр үзэж, бүтээн байгуулалтыг нь эргэх боломж тохиолоо. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ...

Говьд зуны тэргүүн сар шувтарч байгаа царай огт алга. Өнгөрсөн оны 7 сараас хойш бороо үзээгүй гэхээр арга ч үгүй биз. Эгц дээрээс шарах нар. Хөл дороос улайсах элс нь хүн байтугай мал амьтныг ч тэсэхүйеэ бэрх болгож буй нь илт. Гэвч улс орныг бүхэлд тэжээж буй өмнийн цэнхэр говьд байгаль нь ч, хүн ч зогсолтгүй хөдөлмөрлөж байна. Энэ удаагийн томилолтынхоо эхний хэсгийг Өмнөговь аймагт хэрэгжиж буй Тавантолгой орд газрын угаах, баяжуулах үйлдвэрийн төслийн үйл явцтай танилцсан хэсгээр эхлүүлж байна.

Өмнийн цэнхэр говьд Тавантолгой, Оюутолгой гэх аварга төсөл хэрэгжиж буй. Аваргынхаа хэрээр аймаар том хэрүүл шуугиантай төслүүд. Тавантолгойн ордыг “Эрдэнэс Тавантолгой” бие даан хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд сайн, муу олон зүйлийг үзэж тууллаа. Нүүрсний хулгай яг энд өрнөж, улс оронд орох ёстой байсан асар их орлогыг буруу замаар зувчуулсан. Ямар сайндаа 40 их наяд гэх цочир тоо гарч ирэх вэ дээ. Одоо харин хулгайн гол судас ил болсон тул тээврийн асуудлыг нь цэгцлэхээр, худалдан борлуулалтыг нь ил болгохоор ажиллаж байна. Үүний нэг хэсэг нь нүүрс биржээр зарах үйл явц.

Гэрэл зургийг UBN.MN

Олборлолтын төв хэсэгт биржээр зарах нүүрс гэх ангилалтай дүнхийсэн нүүрс овоолж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар биржээр 1.2 сая тонн нүүрс арилжаад байна. 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийтдээ 11.7 сая тонн нүүрс БНХАУ руу арилжаад байгаа аж. Энэ жилийн төгсгөл гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 30 сая тонн нүүрс гаргах зорилго, зорилт тавиад буй юм. Харин өнгөрсөн жилийн турш ердөө 11.5 сая тонн нүүрс хилээр гаргасан нь өнөөх л хулгай, нууц оффтейк гэрээний гор. Өөрөөр хэлбэл, хулгай замыг хааж ил тод болгосноор нүүрсний борлуулалт нэмэгдэж, тэр хэрээр Монгол Улсад орж ирэх валютын нөөц нэмэгдэж буй нь энэ билээ. Эдийн засаг жилийн эхний зургаан сарын байдлаар өсөлттэй гарч, орлогын чадамж тодорхой хувиар нэмэгдсэн тул хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврээ нэмж, нийслэлийн тулгамдаад буй асуудлуудад хөрөнгө зарцуулахаар болсон юм. Сануулахад энэ оны төсөвт тодотгол хийж нүүрсний борлуулалтын нийт хэмжээг 50 сая тонн болгож нэмэгдүүлсэн билээ. Үүний 30 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК гаргахаар зорьж байгаа нь энэ.

Гэрэл зургийг UBN.MN

Эхлээд угааж баяжуулах үйлдвэр. Дунд, урт хугацаандаа коксжих үйлдвэр барьцгаая

Нүүрс дагасан орд газруудад сүүлийн хоёр жил эрчимтэй хэрэгжиж буй төслүүд бол угаах үйлдвэрүүд юм. Нүүрсээ ухаад шууд гаргах “техник” Монголоор л дуусч байна. Одоо аль болох угааж, баяжуулах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд хамаагүй илүү. Мөн угааж, баяжуулсан нүүрсний нийт хэмжээ нь багасдаг сайн талтай. Ингэснээр тээврийн зардал буурч, арилжааны үнийн дүн нь 30-40 хувиар нэмэгддэг юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний хамгийн их зардал, хүч гардаг нүүрсний тээврийн хэмжээ буурч, орлогын хэмжээ нэмэгдэх юм. Нүүрс тээвэр нүүрсний хулгайн гол орон зай байдаг гэдгийг энд сануулах зүйтэй.

Дорноговь аймагт гэхэд аж үйлдвэрийн парк болон Айл баян уурхайн жилд 3 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хуурай болон нойтон аргаар угааж, баяжуулах хоёр ч үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна.

Гэрэл зургийг UBN.MN

Тавантолгойн бүлэг орд бүхэлдээ тийм ч сайн чанарын нүүрстэй биш. Хятадууд одоо түүхий нүүрснээс зөвхөн 3, 4 дүгээр давхаргын нүүрснийг л худалдан авч байна

Эхний үйлдвэр нь сул коксжих нүүрс бүхий “Бортээг”-ийн уурхайг түшиглэн байгуулсан хуурай баяжуулах үйлдвэр юм. Хамгийн сүүлийн үеийн усгүй технологиор нүүрсийг угааж, баяжуулах хүчин чадал бүхий уг үйлдвэр энэ оны долдугаар сар гэхэд ашиглалтад орно. Эхний ээлжид жилд 5 сая тонн нүүрс угаах бөгөөд үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн саад гарахгүй бол жилд 30 хүртэл сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр юм.

Хамгийн чухал нь 68 мянган га талбайтай Тавантолгойн бүлэг орд нь тус бүрдээ янз бүрийн чанартай нүүрсний нөөцтэй. Олон нийт ч, улстөрчид ч Тавантолгойн нүүрс л бол бүхэлдээ хамгийн сайн чанарын нүүрс гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ 11 давхарга бүхий 30 орчим төрлийн шинж чанартай Тавантолгойн нүүрснээс БНХАУ-ын худалдан авагчид зөвхөн 3, 4 дүгээр давхаргын нүүрсийг нь л худалдаж авдаг. Жишээлбэл, хуурай баяжуулах үйлдвэрийн гол түшиц болох “Бортээг” уурхай нь 430 сая тонны нөөцтэй. Үүний 90 хувь нь сул коксжих нүүрс. Ердөө 10-хан хувь нь коксжих чанарын нүүрс тул тус ордын нүүрсний нөөцийг бараг л үнэгүй өгье гэсэн ч Хятадын тал тээврийн зардлаасаа болоод татгалзана. Мөн 3, 4 дугаар давхаргын нүүрсний нөөц дуусах үед бид заавал нүүрсээ боловсруулж, баяжуулах шаардлага угаасаа үүснэ. Үгүй бол бидний шороотой "хог"-ийг хэн ч тоож авахгүй. Тиймээс уг хуурай баяжуулах үйлдвэр зөвхөн “Бортээг”-ийн нүүрснээс гадан бусад давхаргын нүүрснүүдийг үнэд оруулах ач холбогдолтой. ТЭЗҮ-ээрээ бол тус үйлдвэр 15 жил ажиллах тооцоотой юм.

Гэрэл зургийг UBN.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Тавантолгойн орд газарт хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл нь нойтон аргаар баяжуулах үйлдвэр. 2022 оны дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалтаа эхлүүлж, зунаас нь үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. Энэ төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК бие даан хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын “Норинко” компани ОУ-ын сонгон шалгаруулалтаар шалгарч үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна.

Бортолгой, Цанхи, Онч Хараат зэрэг ордуудын дунд байгуулагдаж буй уг үйлдвэр эдгээрээс гарах сул чанартай нүүрсийг баяжуулах зорилготой. Ашиглалтад орох хугацаа нь 2024 оны 6 дугаар сар хэдий ч талууд тус төслийг хугацаанаас нь өмнө дуусгах зорилготойгоор ажиллацгааж байна.

Гэрэл зургийг UBN.MN

Ийнхүү бид нүүрс худалдаж борлуулах арга технологидоо эдгээр төслүүд ашиглалтад орсны дараа нэг шат ахих болно. Одоогийн тооцооллоор тус хоёр баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд манай эдийн засагт нүүрс зарснаар орж ирдэг мөнгөн дүн 400-500 сая ам.доллароор өснө. Үүн дээр үйл ажиллагаа хэвийн болсон нөхцөлд жилд боловсруулахаар тооцсон 5 болон 10 сая тонн нүүрс угаах хэмжээ нь 30 хүртлээ нэмэгдэх боломжтой тул нүүрснээс орж ирэх орлого энэ хэмжээгээрээ өсөх боломжтой гэсэн үг. Дээр нь Дорноговь аймагт баригдаж буй 1.5, 3 сая тонны нүүрс угаах чадалтай хоёр үйлдвэр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрвэл эдийн засгийн үр нөлөө нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.

Ер нь бол бид нүүрсийг түүхийгээр нь гаргах биш аль болох нэмүү өртөг шингээх, ядаж угааж гаргах нь туйлын зөв алхам. Ингэсэн нөхцөлд Хятадууд бидний нүүрсний чанарыг өөлж, голохгүй. Эргээд бид бүх нөөцөө хангалттай хэмжээнд, зөв төлөвлөлт дунд тогтвортой удаан хугацаанд ашиглана. Цаашлаад баяжуулсан нүүрсээ дараагийн шат ахиулж коксжих нүүрс үйлдвэрлэх нь бидний дунд бөгөөд урт хугацааны зорилго болох учиртай.

Сэтгүүлч: Г.Лхагвадорж

Зураглаач: Г.Цэнд-Аюуш

Гэрэл зургийг UBN.MN

МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, бороогүй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, бороогүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.