Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш Монголд УИХ-ын сонгуулийг найман удаа зохион байгуулсан байдаг. Харин Монгол Улс нь өөрийн парламентын сонгуулийн тогтолцоог нийт долоон удаа өөрчилсөн ба 1992, 1996, 2005, 2011, 2015, 2016 болон 2019 онд УИХ-ын сонгуулийн өмнө өөрчилсөн байдаг. Тэгвэл бид 20 гаруй хоногийн өмнө холимог тогтолцоо бүхий сонгуулийн системийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж баталсан билээ. 1992 оноос хойш зохион байгуулагдсан УИХ-ын сонгуулиудын үр дүнг илтгэх зарим сонирхолтой баримтыг энэ удаагийн визуал тойм буландаа бэлтгэн хүргэж байна.
-1992-2020: 3448 хүн УИХ-д нэр дэвшжээ-
20 гаруй хоногийн өмнө хийгдсэн ҮХӨ-өөр ирэх жилийн сонгуулиар УИХ 126 гишүүнтэй байхаас 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар орж ирэхээр болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд буюу шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ-ын сонгуульд нам, эсвэл, бие даагчдын төлөөлөл бүхий нийт 3448 хүн нэр дэвшсэн байдаг.
-608...-
Давхардсан тоогоор УИХ-д 3448 хүн нэр дэвшсэнээс 608 нь ард түмний төлөөлөл болж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
-Сонгуулийн ирц 95 хувиас 73 хувь болтлоо буурчээ-
Анхны ардчилсан сонгуулиар 90 гаруй хувьтай байсан ирц сүүлийн гурван сонгуулийн хугацаанд 67-74 хувь болж буурсан байна. Сонгогчдын ирц буурч байгаа шалтгаан нь сонгуулийн тогтолцоо байнга өөрчлөгдсөнөөр тогтолцоонд итгэх сонгогчдын итгэл буурч, сонгуульд оролцох сонирхол багасаж байгаатай холбоотой хэмээн зарим судлаачид үздэг байна.
-МАН, МАХН 6 удаа төрийн эрх барив-
Нийт сонгуулийн тэн хагаст нь МАХН/МАН үнэмлэхүй ялалт байгуулсан (1992, 2000, 2016, 2020 онуудад) ба бүхий л тохиолдолд МАН нь УИХ-ын суудлын 80 гаруй хувийг эзэлсэн ч нийт саналын 57.1 хувийг л авч байжээ.
-ЖИЖИГ НАМУУД 8 УДААГИЙН ПАРЛАМЕНТАД ХЭЧНЭЭН СУУДАЛ АВАВ...-
Улс төрийн томоохон хүчин болсон намуудаас гадна жижиг намуудын төлөөлөл УИХ-д хэр их суудал авч байсан бэ гэдгийг дээрх инфографикаас харж болно. Азийн сангийн судалгааны материалд дурдсанаар 2008 оноос хойш сонгогчдын улс төрийн хоёр том хүчинд өгөх нийт саналын хувь буурсан бөгөөд энэ нь бусад намын санал нэмэгдэхэд хүргэсэн хэмээн тэмдэглэсэн байдаг.
-ТАНИЛЦ: 8 удаагийн парламентад хамгийн их болон бага хүний саналтайгаар "хөл тавьсан" гишүүд-
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн онд бүрдэх парламентад хамгийн бага хүний саналтайгаар орж ирсэн гишүүдийн мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, 2016 онд МАХН-аас нэр дэвшсэн О.Баасанхүү, 2020 онд МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг нар бусад гишүүдээс хамгийн бага саналтайгаар УИХ-д багтан орж байжээ.
Тэгвэл дээрхийн адилаар бусад УИХ-ын гишүүдээс хамгийн олон хүний санал авч байсан гишүүдийг сонирхуулья.
-Найман удаагийн парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 5.3-17.1 хувь болжээ-
Эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд хангагдаж чадахгүй байгааг өнгөрсөн 8 удаагийн парламентын дүн харуулж байна. Монгол Улс 1992 онд анхны байнгын ажиллагаатай парламентыг байгуулсан цагаас эхлэн нэг удааагийн парламентад сонгогдсон 76 гишүүний 20 гишүүний тоонд ч хүрч чадалгүй явж иржээ. Гэхдээ эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 5.3-17.1 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн турш парламентад 65 эмэгтэй гишүүн сонгогдож ажилласан байна.
-УИХ-ын сонгуульд 356 бие даагч нэр дэвшжээ-
Сонгуульд нам эсвэл, эмэгтэйчүүдийн төлөөллөөс гадна бие даагчдын оролцоо чухал хэмээн үздэг ч сонгуульд хамгийн ихдээ 3 бие даагч ялалт байгуулж байжээ. Ингэхдээ нийт 356 бие даагч сонгуульд өрсөлдсөнөөс 11 нь л гишүүн болж чадсан.
-ТАНИЛЦ: БИЕ ДААГЧИД ПАРЛАМЕНТАД СУУДАЛ АВСАН БАЙДАЛ-
-Ц.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар УИХ-д хамгийн удаан ажилласан гишүүдийн жагсаалтыг ТЭРГҮҮЛЖ БАЙНА-
УИХ-д 12-оос дээш жил ажилласан буюу гурав ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүдийн нэрсийг хүргэж байна.
-ТАНИЛЦ: Хамгийн олон удаа сайдын алба хашсан улс төрчид-