Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хэрэглээг нь хорино гэж айхдаа цахим орчинд дээрэлхэлтэд өртсөнөө эцэг, эхдээ бус сайн найздаа хэлдэг

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 50 секунд

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээг хэрэглэх хүүхэд залуусын тоо нэмэгдсээр байна. Цар хүрээгээ тэлж буй энэ орон зайтай цуг аюултай ертөнц оршиж байна. Учир нь бидний нүдэн дээр тодорхой үйлдлээр харагддаг гэж бодогддог гэмт хэргүүд цахим хэлбэрт шилжиж, үр хүүхдийг маань хүртэл хохирогч болгох аюул хажууханд байна. Тиймээс сүүлийн жилүүдэд цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэгвэл Харилцаа Холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн газар, төрийн болон олон улсын иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд залуус зэрэг олон талт оролцоог хангасан өргөн цар хүрээтэйгээр өрнөлөө. Ингэхдээ цахим орчинд хүүхдэд учирч болох эрсдэл, хүүхэд хамгааллын чиглэлд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөмж, шийдлүүдийг санал болгож, талууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тус хэлэлцүүлгийн гол зорилго байлаа.

No description available.

Энэ үеэр ХХЗХ-ны Зохицуулах бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд "НҮБ-ын хүүхдийн сан, ОУЦХБ, ХХЗХ хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЗГ-ын төлөөлөл, харьяалагдах агентлагууд, ОУ-ын байгууллагууд болон хүүхдийн төлөө ажилладаг ТББ, эцэг эх, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь цахим орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулж, түргэн шуурхай ажилладаг болох тал дээр анхаарах вэ гэдэгт санал бодлоо, мэдээллээ солилцох явдал юм. Энэ чиглэлд төрийн байгууллага нь ОУ-ын байгууллага, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-тай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "ХХЗХ нь хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.2-т заасны дагуу хүүхэд залуусыг цахим орчинд хэрхэн зөв зохистой, аюулгүй оролцох, хэрхэн өөрийгөө хамгаалах талаар заавар зөвлөмжийг тогтмол хуульчлах үүргийг ЦЕГ-тай хамт хүлээсэн байдаг. Хуулийн заалтын дагуу ХХЗХ нь 2013 оноос хойш тогтмол нөлөөллийн ажил буюу хүүхэд багачууд руу чиглэсэн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж ирсэн. 2023 оны хавар “Цахим орчин дахь гадуурхал”, “Цахим орчны хүүхэд хамгаалал” сэдэвтэй хэлэлцүүлгийг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт орон нутаг болон нийслэлийн сургуулиудаас нийт 365 сурагч оролцсон. Манай байгууллага хүүхдүүдтэй болон нийгмийн ажилтнуудтай тогтмол хамтарч ажиллахыг хичээж байна" гэлээ.

-Д.Амараа: Цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн агуулгатай материал харах юм бол холбоосыг нь хуулаад IWF порталаар дамжуулан мэдээлэх боломжтой-

No description available.

Бид үргэлжлүүлэн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд дуу хоолой болж яваа төлөөллүүдээс байр суурийг нь сонссон юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Д.Амараа "МХТС нь цахим орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг харуулсан зүйл гарсан тохиолдолд сүлжээнээс хасах эрхийг хуульчлах шаардлагатай байна.

НҮБ-ын Хүүхдийн сан 2018 оноос эхлэн энэ чиглэлд ажилласан. Жил болгон үндэсний хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг. Сангаас 2019 онд “Үндэсний хэлэлцүүлэг” арга хэмжээний үр дүнд олон улсын IWF байгууллагатай хамтран ХХЗХ болон бусад талуудтай ярилцан мэдээллийн порталыг бий болгосон. Цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн агуулгатай материал харах юм бол холбоосыг нь хуулаад IWF порталаар дамжуулан мэдээлэх боломжтой. IWF порталын шинжээчид тухайн хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллана гэсэн үг юм. Энэ бол нэг том дэвшил гэж харж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд цахим орчны хүүхэд хамгаалалд Мэдээлэл харилцаа технологийн салбарын оролцоог нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ гэдгийг хэлэлцэхээр ирсэн. Үр дүнд нь үүрэг хүлээгчид бид ойрын хугацаанд болоод алсдаа юу хийх вэ гэдгийг нээлттэй ярилцах боломж гэж харж байна.

-Д.Баттуяа: Хүүхдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд сайн ярилцаж, мэдээллээр хангах нь чухал юм-

Сургуулийн орчинд хамгийн ойр харилцах боломжтой нь багш, сурган хүмүүжүүлэгчид. Сүүлийн жилүүдэд сургууль бүр сэтгэлзүйчтэй болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Д.Баттуяа "Өсвөр насны хүүхдүүд буруу зүйлд амархан татагдах байдал ажиглагддаг нь хорих боломжгүй "зүй тогтол" мөнөөсөө мөн. Энэ утгаараа тус хэлэлцүүлэг цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж харж байна. Цахим орчин дахь үе тэнгийхний дээрэлхэлт их байна. Дээрэлхэлт олон хэлбэрээр явагдаж болно. Жишээлбэл, өсвөр насны хүүхдүүд хоорондоо үерхэж байгаад болилоо гэхээрээ нэгнээ блоклоно. Үүнээс болоод хүүхдүүд “Намайг дээрэлхээд байна, цахим орчинд гадуурхаад байна” гэх зүйлс тохиолддог. Нөгөө талаас бие биенийгээ янз бүрийн үг ашиглаж цахимд доромжлох, бусдын хяналтад орж айдас түгшүүрт өртөх зэрэг олон жишээ бий. Манай сургуулийн хувьд сэтгэл зүйч сүүлийн 5 жил ажиллаж байна. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэйгээ сурагчид ганцаарчлан чөлөөтэй уулзаж ярилцаж, зөвлөгөө авдаг. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар тухайн үйл явдлаас шалтгаалан тал талтай хамтран эргэх холбоотой ажилладаг. Хамгийн чухал зүйл нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа буюу мэдээллээр хангах юм. Энэ чиглэлээр бид эцэг эх, багш сурагчдадаа мэдээлэл өгч хангалттай сайн ажиллаж байна" гэлээ.

-О.Дашням: Хүүхдүүд цахим орчинд дээрэлхүүлэх үед эцэг, эхдээ хэлэхээс илүү сайн найздаа хэлдэг-

No description available.

Хэлэлцүүлгийн үеэр "Логарифм" сургуулийн 11-р ангийн сурагч О.Дашням цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон тулгардаг асуудлуудын талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хувьд сурагчдад энэ төрлийн асуудал тулгарахад эцэг, эх гэхээсээ илүүтэй үе тэнгийн найз нөхдөдөө хандах нь элбэг байдаг талаар хэлж байсан юм. Тэрбээр "Коронавирусээс хойш том хүмүүсийн гэлтгүй хүүхдүүдийн цахим хэрэглээ эрс ихэссэн. Үүнийг дагаад цахим орчинд болж буй гэмт хэргийн хохирогч болох эрсдэл илүү их үүсч байна. Хэдий хүүхэд өөрийгөө хамгаалах гэж оролдсон ч асуудлыг зохицуулж чадахгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цахим орчин дахь хуулиуд батлагдаж байна. Цахим орчинтой холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх буюу хууль батлахдаа мэргэжлийн хүмүүс, хүүхдүүдийн талаас бодож үзвэл илүү үр дүнтэй, зөв, чанартай хууль гарч ирнэ бодож байна. Хүүхдүүд цахим орчинд дээрэлхүүлэх үед эцэг, эхдээ хэлэхээс илүү сайн найздаа хэлдэг. Эцэг, эхдээ хэлбэл хэрэглээг нь хорино гэхээс айгаад хэлдэггүй. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүддээ зөв хараа хяналт тавиасай гэж хүсэж байна" гэлээ.

Б.Дашмаа

Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.