Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КАМЕРТОН: Рок попын урлагт байхгүй өнгө төрх, дуу хоолойг бүтээх зорилго маань өнөөдөр ч биднийг зангидаж яваа

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 25 секунд

No description available.Үзэгч сонсогчдын дунд тоглолт нь хэзээ вэ гэх асуултад хамгийн их хүлээтэй байдаг хамтлаг бол Камертон. Тус хамтлагийнхан энэ жил 28 нас хүрч байна. Тэд 28 насны төрсөн өдрөө энэ сарын 28-нд сонсогч фенүүдтэйгээ цугтаа тэмдэглэхээр болсон. Тэгвэл тоглолтын сонин сайхныг угтан бид Камертон хамтлагийнхантай цөөн хором ярилцлаа.

-Сонсогчдодоо бэлэг барьсан шинэхэн мэдээллээс нь ярилцлагаа эхлүүлье гэж бодож байна?

-Мээдээ: Тэгэлгүй яах вэ. Энэ сарын 24-нд Камертон хамтлагийн 28 жилийн арга хэмжээ болох гэж байна. Тоглолт гэхээсээ илүү парти, үдэшлэг маягийн арга хэмжээ болох юм. Өнгөрсөн жил Харанга, Никитон, Гурван охин хамтлагтай эвент хийж байсан бол энэ удаа Зайсан эвент халлд хийх гэж байна. Тухайн цаг үед урлагт цугтаа зүтгэж, уран бүтээлээ хийж байсан Хар сарнай хамтлаг маань оролцож байгаа. Олон бүжигчидтэйгээ цуг тайзны шоугаа үзүүлнэ. Бид Хар сарнайг тайзнаас харна гэсэн үг. Мөн Quiza маань оролцоно. Түүнчлэн гаднын улсаас мундаг DJ залуу ирэх гэж байгаа. Ricky Jay нь Азид 1 дугаарт, дэлхийд эхний 13-д жагсдаг клубын DJ залуу байгаа. Монголд хүлээн зөвшөөрөгдсөн гаднын DJ-үүд их ховор ирдэг шүү дээ. Энэ утгаараа манай 28 жилд ирж байгаад нь баяртай байна.

-Тоглолтын тов зарласны дараагаар сонсогчдоос гадна хамтлагийнхан өөрсдөө ч мөн адил хүлээлттэй байдаг болов уу эгж бодож байна. Та бүхэн хэр хүлээлттэй байна. Бэлтгэлүүдээ базааж байна уу?

-Төлөвлөгөөндөө бэлтгэлүүдээ хангаад явна. Олон жил дуулсан хуучны дуунуудаасаа дуулах учраас бэлтгэл ч их шаардаад байхгүй. Биднийг тайзан дээр дуулж байхад сонсогч фенүүд маань дууны бараг л тэн хагасыг дуулаад явчихдаг байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ бэлтгэлээ базааж байгаад уулзацгаана шүү гэж хэлмээр байна.

No description available.

-Нууц биш бол төрсөн өдрийн орой хэчнээн уран бүтээлээ хүргэх вэ. Нөгөө талдаадууныхаа сонголтыг хэрхэн хийж байгаа бол?

-Мээдээ: Одоогоор дуунуудынхаа жагсаалтыг хараахан гаргаагүй байна. Камертон хамтлагийн дуунууд дунд олон нийтэд хүрч чадсан уран бүтээлүүд их бий. Тэдгээрээс аль болох олон дууг сонгож, тэр үдэш хүргэнэ гэж бодож байгаа.

Ганаа: Ерөнхийдөө тоглолт маань оройн 19 цагаас эхэлнэ. 19-22 цагийн хооронд ирсэн хүмүүс маань хүссэн ууж, идэх зүйлсээ сонгон хэрэглэх боломжтой. Хуулийн дагуу арга хэмжээ маань шөнийн 00 цагт дууссан байх ёстой юм. Тэр хүртэл зорьж ирсэн сонсогч фенүүдээ уйдаахгүй байх олон арга хэмжээнүүд бий. Дан ганц Камертон дуулаад байвал уйтгартай шүү дээ. Ер нь тоглолтын "амт" нь хоёр цаг л байдаг юм билээ шүү дээ. Хоёр цаг хамтлагийнхаа дууг сонсоход их таашаал авдаг гэсэн "статистик" бий. Олон жилийн дунджаас хараад үзэхэд гэдэг шиг л. Тиймээс хоёр цаг Камертоны уран бүтээлээр амьсгална гэсэн үг. Сонсогчид маань ч гэсэн нэг дуу хэдэн минут байдаг вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр тухайн хоёр цагт хэчнээн дуулах нь вэ гэдэг нь тодорхой болоод ирэх байх аа. Тухайн хоёр цагаас гадна Quiza, Хар сарнай хамтлаг болон DJ маань уран бүтээлээ хүргэхэд 4-5 цагийг хамтдаа өнгөрөөнө гэж хэлж болно.

-Ер нь Камертон хамтлаг тоглолтоо хийхгүй юм уу гэх асуулт байнга ирдэг байх гэж бодож байна?

-Ганаа: Би ингэж боддог юм. Хамтлаг дуучдын өөрсдийнх нь ажил бол дуулах. Жишээлбэл, зургаадугаар сарын 24-нд болох гэж буй энэ тоглолт сонсогчдын маань хүсэлтийн дагуу хийж буй арга хэмжээ. "Та нар төрсөн өдрөө тэмдэглэж, уран бүтээлийнхээ тоглолтыг хийж цуглаач ээ" гэсэн сонсогчдийн маань хүсэлтийн дагуу хийгдэж байгаа. Нөгөө талдаа бид нар дуулах гэхээр дуулж болдоггүй, дуулахгүй гэхээр дуулахгүй байж болдоггүй нийгэмд амьдраад байна гэж хардаг. Дуулахаар "Эд нар мөнгөгүй болчихсон юм уу" гэж харах хүмүүс байдаг. Дуулахгүй байхаар "Эд нар залхуу, дуу хийдэггүй, тоглолт хийдэггүй" зэргээр хэлэх нь бий. Ийм хоёр талын ойлголт яваад байдаг юм. Мэдээж дуулах нь бидний ажил. Хэн захиална, хэн дуул гэнэ, хэн дуулуулмаар байна. Бид дуулах л үүрэгтэй гэж хувьдаа ойлгодог.

-Бэлтгэл хийхэд харцаараа л ойлголцдог-

No description available.

-Тамирчин хүн байнгын дасгал хөдөлгөөнтэй байж, форумаа алдахгүй байх нь чухал гэдэг шүү дээ. Түүний адилаар удаан хугацааны дараа цуглаад уран бүтээлээ дуулж бэлтгэл сургуулилт хийхэд бие биетэйгээ хэр ойлголцож чаддаг вэ?

-Ганаа: Ер нь харцаараа шүү дээ. Хоёр чих гэж маш том контрол байна. Мэдээж бэлтгэлээ хийхэд би чанга дуулаад байна уу, аяархан байна уу, өнгө алдаад байна уу гэх зэргээр өөрсдийгөө хянаад явчихдаг. Олон жил дуулсан учраас дотоод сэтгэлээсээ л уран бүтээл бүхнээ дуулдаг юм даа. Хэрхэн дуулж байгаагаа хянаад байхаасаа илүү дотоод мэдрэмжээ гаргаад явахад хоорондоо хурдан ойлголцчихдог.

-Энэ жил Камертон хамтлагийн 28 насны төрсөн өдөр. Удахгүй 30 жил урлагт өөрийн орон зайгаа бий болгосон хамтлаг гэдгээ батлах нь. Ер нь ой гэлтгүй бусад үед ч Камертон хамтлагаас сонсогчид нь шинэ уран бүтээл нэхдэг шүү дээ?

-Эба: Төрсөн өдрийн баярын үдэшлэг, тоглолт дээр шинэ дуу дуулах нь өөрөө зохимжгүй байх нь бий. Яагаад гэвэл, тухайн дууг шинээр сонсож, мэдэрч, шууд хүлээгээд авчихана гэдэг учир дутагдалтай. Зургаадугаар сарын 24 бол Камертон хамтлагийн 28 насны төрсөн өдөр. 30 насны төрсөн өдөр ч удахгүй тохионо. Бидэнд бодож төлөвлөж байгаа зүйл ч их байгаа. Тэр үедээ хүмүүст таалагдах хэмжээний уран бүтээл хийх нь чухал. Сонсогч фенүүдээ "дурлуулах"-ын тулд дуу гаргадаг болохоос өөрсдөдөө зориулж буй зүйл биш шүү дээ. Тиймээс тухайн цаг үеэ мэдрээд уран бүтээлээ хийнэ гэж бодож төлөвлөж байгаа.

-Бидний зорилго маш өчүүхэн байсан бол 1-2 жилийн дотор л тарчих байсан байх-

No description available.

-Ярилцлагын төгсгөлд хамтлагийн өнгөрсөнд "үлдсэн" цаг үеэс нэг зүйлийг онцлон асууя гэж бодлоо. Хамтлаг байгуулагдсан цаг үеэс өнөөдрийг хүртэл оршин тогтноход хамтлагийн продьюсер болоод ахлагчийн зүгээс хамтлагаа нэг цул болоход хэрхэн зангидаж авч явсан гэж дүгнэдэг вэ?

-Болд: Камертон хамтлагийг анх байгуулж байхдаа Монголын рок попын урлагт байхгүй өнгө төрх, дуу хоолойг бүтээе гэж зорьсон. Мэдээж хөвгүүдийн дөрвөл хамтлаг, мэргэжлийн өндөр түвшинд дуулах ёстой гэх зарчмыг өөрсдөдөө тавьдаг байсан. Хөгжимгүйгээр дөрвөн хоолой салгах нь бусдаасаа ялгарах нэг зүйл байна гэж хамтлагаа байгуулж байсан. Тэр үед ижилхэн хувцас өмсөх, хөгжимгүй дуулах, нэг үеийн залуучуудаас бүрдсэн мэргэжлийн түвшний хамтлаг гэдэг ховор байсан цаг үе. Бидний өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа үндэс нь бид эхлэхээсээ маш том зорилгыг тээсэн. Бид зургаан настайгаасаа мэргэжлийн сургуульд нь суралцсан учраас бид өнөөдөр шинэ уран бүтээл хийж чадахгүй байгаа ч гэсэн аливаа хамтлаг мэргэжлийн түвшинд яаж ажилладаг вэ гэдгийг одоог хүртэл хувь хувьдаа болоод хамтлагаараа хийсээр ирсэн.

Бид өнөөдрийг хүртэл нэг л зорилго дор зангидагдаж ирсэн. Монголын урлагт маш сайн, чанартай уран бүтээл хийх нь бидний зорилго. Бидний зорилго маш өчүүхэн байсан бол нэг, хоёр жилийн дотор л тарах байсан байх. Гэхдээ бид их шинэчлэлүүдийн эхлэл байж чадсан учраас үзэгч, сонсогчид маань бидний уран бүтээлийг сонсдог, тэр хэрээрээ хүлээлттэй байдаг гэж хардаг. Иймээс бид 28 насны төрсөн өдрөө халуун дулаан уур амьсгалтай сонсогч фенүүдтэйгээ ойр дотноор тэмдэглэх байдлаар энэ удаагийн арга хэмжээгээ зохион байгуулах гэж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг ирэх сарын 6-н хүртэл цагдан хорихоор болжээ
Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг ирэх сарын 6-н хүртэл цагдан хорихоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.