Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд 102 багшийг сургагч багшаар бэлтгэсний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа юм. Тэрбээр энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ сурагчдадаа хуваалцахын зэрэгцээ үе тэнгийнхний нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, анхны “Парламентын боловсрол” клубийг 2022 онд өөрийн сургууль дээрээ санаачлан байгуулжээ.
Тус клубт нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр сонгосон 9-11 дүгээр ангийн 18 хүүхэд хамрагдаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн гарын авлагад тусгасан 14 сэдвийн хүрээнд өөрсдийн мэдлэгээ өргөжүүлжээ. Клубийн хүүхдүүд Төрийн ордонд зочилж, “Үндсэн хууль” сэдвийн хүрээнд анхны хичээлээ хийж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцсан байна.