ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж буй талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч Орано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан. Ажлын хэсэг Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж байна. Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Мөн хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм. Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал. Тус хөрөнгө оруулалт нь талуудад харилцан ашигтай, шударга, хууль тогтоомжын хүрээнд байх ёстой" гэжээ.