2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон ч цагдан хоригдож байсан учир гишүүний тангарагаа өргөж чадаагүй Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан хаалттай болж байна. Ж.Эрдэнэбатын зүгээс шүүх хурлыг дахин хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан хэдий ч шүүхээс Ж.Эрдэнбатад шүүгдэгчийн эрхийг нь эдлүүлэх бүх боломжоор хангасан. Тиймээс түүний өмгөөлөгч Н.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг шинжлэн судлах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж байгаа юм.
Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж 22,865 саналаар ялалт байгуулсан. Гэвч түүнийг 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа тул УИх-ын гишүүний үнэмлэхээ аваагүй байгаа юм.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.