Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл уг төслийг өнөөдөр өдрийн 15:30 цагаас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл хуулийн төслийг өргөн барьсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд оруулах юм.
Төсвийн тодотголоор:
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ2023 оны эхний хагас жилийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт нөхөж олгоно;
- Ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ бүх тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ;
- Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэгдүүлнэ;
- Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ;
Мөн 2023 оны 7 дугаар сарын 1-нээс:
- Соёл урлаг, биеийн тамир, спортын албан хаагчдын цалингийн доод хэмжээг 780.0 мянган төгрөг болгох;
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 680.0 мянган төгрөгт хүргэх;
2023 оны 10 дугаар сарын 1-нээс:
- Төрийн мэргэжлийн үйлчилгээ (шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт)-ний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөг болгох;
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 750.0 мянган төгрөг болгох;
- Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж, албан тушаалын зэрэглэлийг оновчтой болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.
Тэгвэл дээрх зүйлсийг санхүүжүүлэхэд төсвөөс нэмж 1.8 их наяд төгрөг шаардагдаад буй юм.