Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 200 мянган хүн шинээр өвчилж 3 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 41 мянган тохиолдол, Бразилд 24 мянган тохиолдол, Энэтхэгт 18 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл эрчтэй нэмэгдсэн эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр халдвар авч 53 хүн эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Тувад 126 тохиолдол, Буриадад 29 тохиолдол, Читид 63 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн.
Манай улсын хувьд орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч ажиллаж 6000 гаруй зорчигчдод коровирус илрүүлэх тандалт судалгааг хийсэн. Коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагийн 119 дугаарын утсанд 150 дуудлага ирсэн. Эдгээр дуудлага коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар мэдээлэл авсан.
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд БНСУ, Казахтсан, Тажакстан, АНУ улс оронд буй монгол таван иргэнээс дуудлага ирж эмнэлзүйн мэдээлэл авсан" гэв.