Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ховд аймгийн төвд 27 настай иргэнд тарваган тахал халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ. Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байна. Нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй болсон мэдээлэл байна.
Тарваган тахал өвчин тарвагатай холбоотой түүхий эдийг хэрэглэх үед дамжин халдварладаг. Энэ сэжигтэй тохиолдлын хувьд энэ сарын 22-ны өдөр тарвага их байгаа голомтод гэр бүл, найз нөхөдтэйгээ нийлээд 11-үүлээ гурван тарвага агнаж идсэн байсан. 26-ны өдөр эмнэлэгт хандаад улмаар бүсийн оношилгооны төвд ирээд тарваган тахал өвчин байж магадгүй хэмээн үзсэн. Ингээд яаралтай лабораторын шинжилгээ хийж ажиллаж байна. Түргэвчилсэн тестээр цэр, булчирхай шүүрснээс шинжилгээ авахад хариу эерэг гарсан. Тэгэхээр энэ нь уушигны хэлбэр байж болзошгүй байна. Сорьцыг нь наашаа УБ хот руу авчирч байгаа.Маргааш орой лабораторын шинжилгээгээр батлагдаж сүүлийн хариу гарна" гэв.