Хөрсний бохирдол "Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Чингэлтэйчүүд хөрсний бохирдол, тоосжилтоо хэрхэн, яаж шийдэх тухайгаа хэлэлцэж, Төрийн ордондоо цуглалаа. Манай Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 18 хороонд нь гэрийн хорооллынхон аж төрж байна. Бид дүүргийнхээ хэмжээнд шийдэх асуудлаа эрэмбэлэн өмнө нь хэд хэдэн удаа уулзахад агаар хөрсний бохирдол, жорлонгийн асуудлаа шийдье гэх санал иргэдээс нэлээд ирүүлсэн. Энэ хүрээнд бид Төрийн ордондоо цуглаж хөрс, агаарын бохирдол, тоосжилт, нүхэн жорлонгоосоо салах боломжоо ярилцаж, ажил хэрэгч яриа өрнүүлэн ийнхүү хэлэлцэж байна.
Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Гэр хорооллын сэргэлт” төсөл эхэлж байгаа энэ үетэй Чингэлтэйчүүд бидний зорилго нийцэж байгаа юм. Иймд гэр хорооллын орчныг сайжруулах, амьдрах таатай орчныг бий болгоход “Гэр хорооллын сэргэлт” төсөл бидний өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах санал, шийдлүүдээ хэрэгжүүлэхэд бодлогын томоохон дэмжлэг, түшиц онцгой ажил хэрэг болно гэж итгэж байна. Чингэлтэй дүүргийн ИТХ "Экологийн мэдрэмжтэй төсөв"-тэй болох ёстой. Ингэснээр иргэдийнхээ амьдрах орчны био экологийг сайжруулахад онцгой дэмжлэг болно" гэлээ.