Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
8 минут 24 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилон ажиллуулаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэхүү албан тушаалд ерөөсөө аж ахуйн ажил мэддэг, туршлагатай хүн тэнцэнэ. Оновчтой зохион байгуулалтыг зөв цагт нь хийдэг байх шаардлагатай. Нийт хүн амын 50-аас дээш хувь нь амьдардаг, хүн амын нягтаршил, түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд асуудал ундарсан нийслэлд Ерөнхий менежерээр ажиллах амаргүй ажлыг хаших дараагийн хүн нь М.Баяраа.

Нэр хүнд, эрх мэдэлтэй зэрэгцээд буруутгал, шийтгэл цуг оршдог амаргүй албан тушаал гэдгийг өмнө нь энэхүү албан тушаалыг хашиж байсан хүмүүсээс харж болно. М.Баяраагийн хувьд олонд танигдаагүй, энэхүү албан тушаалд тэнцэх хүн шүү хэмээн нэг ч хүн өмнө нь санал болгож, дарга нарын халаасанд нэр нь яваагүй, өөрөөр хэлбэл, таамаглаагүй хүн. Тийм ч учраас өндөр суудалд тохирох хүн нь томилогдтол суугаад явах “явуулын хүн” байх гэсэн таамаг олны дунд байсан нь өнгөрсөн дөрвөн сар хагасын хугацаанд замхран оджээ. Ажлаа авсан өдрөөсөө эхлэн дүүрэг бүрд ажиллаж, хотын олон асуудлыг шийдвэрлэж, зогссон ажлуудыг хөдөлгөж, эмхэд нь оруулсан ажлууд ч иргэдийн нүдэнд харагдаж гарт баригдаад эхэллээ. Дүүрэг бүрд асуудал бий. Иргэд нь бухимдаад, өргөдөл гомдол болдог. Нийслэл рүү уламжлаад уламжлаад бүтдэггүй, хариу ирдэггүй, хариуцах хүн нь тодорхойгүй...

Гэтэл хотын Ерөнхий менежер дүүрэг бүрд ажилласан нь нүдээ олсон ажил болсон. Дүүргийн Засаг даргаас эхлээд, алба хэлтсийн дарга нар шийдүүлж чадахгүй гацсан олон асуудлаа ам уралдан ярьж, гарц гаргалгааг хэлэлцэж шийдвэрлэж байна. Иргэдээс хамгийн их сайшаал магтаал авч буй ажлуудын нэг бол ТҮЦ нүүлгэлт. Хотын төвөөс эхлээд хууль бус, дуртай газраа байршсан ТҮЦ-нүүдийг шат дараатайгаар нүүлгэж байна. Болдог юм байна. СӨХ нь хариуцах уу, дүүрэг нь хариуцах уу нь мэдэгдэхгүй тоглоомын талбайнуудыг минийх чинийх гэлгүй сэргээн засаж байна. Зуны дэлгэр цагтай уралдан хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлж байна. Бас л чадаж байна. Явган хүний замын дунд барьчихсан, олон жил болсон гэрлийн шонгуудыг нүүлгэж байна.

Золбин муур, нохойны асуудал хэрээс хэтэрсэн. Устгал хийх гэхээр сум худалдан авах зөвшөөрөл нь Хууль зүйн яаман дээр гацчихдаг асуудлыг Нийслэл дээр авахаар ажиллаж байгаа гэнэ. Асуудлын голыг олж байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хүн амынхаа тоотой уялдуулан нэмэгдүүлэх шаардлагатай. Гэтэл шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах газаргүйгээс энэ асуудлыг хүн бүр барьж авдаггүй, тойрдог. Тэгвэл М.Баяраа менежер дүүрэг бүрд байгаа бичил ногоон байгууламжийн тохижилтыг нийслэлээс хийнэ хэмээн амлаад, хийгээд явж байна. Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна. Энэ жил нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэг болон олон наст 628,000 цэцэг, навчит болон шилмүүст, гоёлын 185,930 мод сөөг, зүлгийг 20,100 ам метр талбайд тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ нь өмнө нь нийслэлд хийж байсан ногоон байгууламжаас 2-3 дахин илүү гэсэн үг аж.

Тэрээр хамгийн сүүлд, мөнгөөр зодож барьсан гэгдэх томоохон орон сууцны хорооллуудыг барьсан эзэдтэй дайн зарлачихлаа. “Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороололд 25 мянга гаруй хүн амьдардаг. Эдгээр хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол УБЗАА-нд ирсэн. Шугамын зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам хоолой тавьсан, угсралт хийсэн компаниудтай уулзаж, гаргалгаа, шийдэл ярихаар урьсан ч ирээгүй. Иймээс дараагийн арга хэмжээг авахаас аргагүй. Шугам угсралтын ажилтай холбоотой захиалагч гурав, угсралт хийсэн хоёр компани байгаа. Мөн хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтан бий. Эдгээрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна” хэмээн хэлсэн.

Ер нь, Хотын Ерөнхий менежерийн албан тушаал бол хотын иргэн бүрд тулгамдаж буй жижиг, том гэлтгүй бүхий л асуудлыг шийдвэрлэхийн төлөөх цаг наргүй ажил юм. Энэ ажлыг М.Баяраа хийж чадаж байна. Түүнд оролцохгүй асуудал, хийгээгүй ажил алга. Дөрвөн сар хагасын хугацаанд түүний хийсэн ажлыг дурдаж байхаар хийгээгүй ажлыг нь хайвал цаг бага орох байх.

Эцэстээ сайн менежер бол зөв зохион байгуулалтыг хийж чаддаг хүн. Тэр ч утгаараа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна гэж олон жил ярьсан ч тэр бүр амжилтад хүрч чадаагүй гоё үгийг ажил хэрэг болгож эхэлж байгаа хүн бол М.Баяраа. Тэрээр "2023 онд хувийн хэвшлийнхэн худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хог цэвэрлэгээний ажлыг төр дангаараа оролцохгүй. Тухайлбал, Гачууртын аманд буй хур хогийг цэвэрлэхийн тулд төсвийг нийслэлээс гаргаад тухайн нутагт ойрхон байгаа ААН цэвэрлэгээг хийх боломжтой. Орон нутаг руу зарим төсвийг шилжүүлнэ. Адуу, малгүй бүс болох, золбин нохой, муурын устгал, гудамжны гэрэл, ногоон байгууламжийн асуудлаар хувийн компаниудтай хамтарч ажиллана. Технологийн дараагийн шат руу орох болсон. Цэвэрлэгээ үйлчилгээг алийн болгон гараар цэвэрлэх вэ. Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна" гэж шийдвэр гаргаад хотын хөгжилд хувийн хэвшлийг татан оролцуулж байна.

Хотын ерөнхий менежерийн суудалд таамаглаагүй хүн суусан нь олны анхаарлыг татсан. Ажил албандаа хариуцлага алдсан хүний араас томилогдсон учраас түүнийг хийж чадна гэдэгт бүрэн итгэл өгөөгүй. Зүгээр л хотынхон юу хийж чадахыг нь анхааралтай харж, ажиглаж байсан гэхэд болно. Гэтэл М.Баяраа менежер өнгөрсөн хугацаанд хийснээрээ, шийдсэнээрээ, хөдөлгөснөөрөө өөрийгөө энэхүү албанд тэнцэнэ гэдгээ баталж, харуулж чадлаа.

Нэр хүнд, эрх мэдэлтэй зэрэгцээд буруутгал, шийтгэл цуг оршдог амаргүй албан тушаалыг ийм нэг “тэнэг” зоригтой хүн л хашдаг юм байна.

Ц.Цэдэвсүрэн

Баянзүрх дүүргийн санаачилсан төслүүд улс, нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна
Баянзүрх дүүргийн санаачилсан төслүүд улс, нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна
 
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хот руу нислэг үйлдэнэ
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хот руу нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.