Монголчуудыг "оюуны бядтай" хэмээн олон улс үнэлдэг. Тэр ч утгаараа эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдээ багаас нь эхлэн сэтгэн бодох, оюун ухааныг нь хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч, оюун ухааны хийгээд рубик шоо, шатарын академи зэрэг олон төрлийн клубуудэд элсүүлэн суралцуулдаг болсон. Тэр ч утгаараа Монгол Улсын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд тив, дэлхийд өөрсдийн нэрээ цуурайтуулж буй.
Энэ удаад Ubn Story булангийнхаа удаах зочноор рубик шоогоор хөрөг зураг бүтээдэг, авъяаслаг залуу Н.Сэргэлэнбатыг урьж оролцуулсан бөгөөд түүний үүсгэн байгуулсан "Нүүдэлчин" рубик шооны клубийн чадварлаг бяцхан сурагчидтай танилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Н.Сэргэлэнбат гэдэг. "Нүүдэлчин" рубик шооны клубийн үүсгэн байгуулагч.
-Яг таны ард нэгэн хөрөг зураг харагдаж байна л даа. Ямар хүний хөргийг урласан бэ?
-Энэ хөргийн эзэн бол хамгийн анх рубик шоог бүтээсэн Эрнё Рубик гэдэг хүний бүтээл байгаа. Түүний хувьд анх рубик шоог бүтээхдээ огт тоглоом хийнэ гэж төсөөлөөгүй байдаг. Учир нь тэрбээр архитектурын багш байсан учраас зурагзүйн хичээлээ орохдоо ашиглах жижиг, жижиг деталуудыг нэг бүрчлэн авч явах нь хэцүү байсан учраас нэг биет хэрнэ олон хувилбарт хувирч болох биетийг хийсэн байдаг.
Түүнийгээ оюутнуудаараа зуруулж, зуруулчихаад жаахан хүндрүүлье гэж шийдээд бүх талыг нь хольчихсон. Гэтэл дараа нь түүнийгээ өнгөөр нь ялгах гэтэл огт эвлүүлж чадаагүй. Түүнээс хойш 45 хоногийн хугацаанд оролдож байгаад эвлүүлсэн. Ингээд өөрөө зохиосон байж эвлүүлэхэд ийм хэцүү байна. Яагаад хэцүү байна вэ гэдэг талаас нь маш их судалгаа хийгээд түүний үр дүнд яагаад эвлүүлж чадахгүй байгаагаа ойлгосон байдаг.
Учир нь рубик шоог эвлүүлэхийн тулд төлөвлөгөөний дагуу ажиллах ёстой. Тиймээс заавал төлөвлөгөөний дагуу ажиллах, эвлүүлэх ёстойгоо ойлгоод хамгийн анх "Magic cub" гэх нэрээр худалдаанд гаргасан байдаг. Ингээд патент авахын тулд "Рубикийн шоо" хэмээн өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Ерөнхийдөө бол "Рубикийн шоо" гэж нэрлэдэг. Манай улсад "Рубик шоо" гэдэг нэрээр нэрлэж заншсан байдаг.
-Яг энэ зурган дээр хичнээн ширхэг шоо орсон бэ. Мөн хэдэн цагийн бүтээл бол?
-Энэ зурганд нийт 1200 ширхэг шоо орсон байгаа. 3х4 хэмжээтэй. Манай багийн таван тамирчин зургаан цагийн хугацаанд хийж дууссан.
-Цооны хэмжээ их жижигхэн харагдаж байна?
-Энэ шоонууд нь маш жижигхэн. 30 мм-ийн хэмжээтэй шоонууд байгаа. Хамгийн анхны бүтээлүүдээ хүмүүс том шоонуудыг ашиглаж хийж байсан. Гэтэл том шоо нь овор хэмжээ ихтэй, маш том заал, том хана шаардлагатай. Тэгж байж зураг илүү гоё, илүү тод харагддаг. Харин энэ шооны хувьд жижиг учраас зураг маш нягтаршиж харагддаг. Гэхдээ холоос харвал илүү тод, гоё харагддаг.
-Өмнө нь Чингис хааны хөрөг, мөн Make up artist Ari багшийн хөргийг бүтээсэн байдаг шүү дээ. Ер нь хөрөг зураг бүтээхэд яг юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ. Мөн эх зураг гаргаж байж бүтээх үү?
-Мэдээж хэрэг эхлээд хөрөг зургийнхаа эхийг гаргана. Энэхүү рубик шоогоор хөрөг бүтээдэг урсгал маань мозайк арт буюу шигтгэмэлийн урлалын нэг төрөл гэж явдаг. Жижиг, жижиг олон зүйлсийг нийлүүлээд нэг том бүтээл гаргахыг мозайк арт гэж нэрлэдэг.
Гэхдээ рубик шооны хувьд зургаан өнгөтэй. Тиймээс бид зургаан өнгөнд баригдаж хөргөө бүтээдэг. Тиймээс хамгийн чухал зүйл нь тухайн хөргөө хэрхэн харуулах вэ, ямар, ямар өнгийг яаж ашиглах вэ гэдгээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Түүний дараа багаараа суугаад хийнэ гэсэн үг.
-Зургаан хүн багаараа хөрөг урлана гэхээр хүн бүр хийх ажлуудаа хувааж авах шаардлага гарах байх. Мөн өмнө нь хичнээн хөрөг бүтээсэн бэ?
-Тийм. Зургаа эхлээд багц болгон хувааж, түүнийгээ гишүүн бүр хариуцан авч, шоогоо эвлүүлснээр хөргөө бүтээдэг.
Бид одоогоор нийт таван хөрөг зураг бүтээсэн байдаг. Одоогоор гурав дахь хөрөг нь ийнхүү мэдэгдэж байна. Өмнө хэлсэнчлэн Их эзэн Чингис хааны хөрөг, Ари багшийн хөрөг олон нийтэд ил болсон. Харин үлдсэн хөргүүд нь захиалагч нарын маань хүсэлтээр нийтэд ил болоогүй.
-Ер нь хамгийн анхны рубик мозайк артын бүтээл ямар хөрөг байсан бэ?
-Хамгийн анхны бүтээл нь Мартин Лютер Кингийн бүтээл байдаг. Түүнээс хойш энэхүү урсгал эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. Одоогоор дэлхий дээр энэ урсгалыг идэвхтэй хөгжүүлж байгаа тоотой 10 артист бий. Ихэвчлэн инстаграммаар олон нийтэд хүргэдэг. Харин манай улсын хувьд зөвхөн манай клуб л энэ чиглэлийг илүү хөгжүүлэх гээд хичээж байна.
-Одоо рубик шооны тухай хэсэг хором ярилцъя. Багш, дасгалжуулагч хүний хувьд рубик шоогоор хичээллэхийн давуу талыг мөн хүүхдүүдэд ямар, ямар эерэг нөлөө үзүүлэх талаар хэлж өгөхгүй юу?
-Шоог эвлүүлж сурснаараа аливааг төлөвлөж чаддаг болдог. Учир нь нэг түлхэлт хийхэд хавтгайн өнгүүд бүгд сэлгэгдэж явдаг. Тийм ч учраас оюуны тоглоом гэж нэрлэдэг. Хольчихсон байхад нь өнгөө хөөж тоглоно. Гэхдээ зөв хөөхгүй бол өнгүүд нь улам л холигдоод байдаг. Тиймээс тархийг маш ихээр ачааллуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байж шоогоо эвлүүлдэг.
Тэгэхээр хүүхдийг багаас нь буюу гурван настайгаас нь эхэлж сургавал илүү үр дүнтэй. Учир нь хүүхэд шоог эвлүүлж сурахдаа төлөвлөгөө гаргаж сургадаг. Түүний дараа харааны хурд мөн гарын хурд хөгжинө. Шоог эвлүүлэх гэж байгаа хүн өөрөө маш хурдан эвлүүлэхийг хүсэж байдаг. Тэр хугацаандаа тааруулахын тулд илүү хурдан хөгждөг. Мөн логик сэтгэлгээ ч гэсэн давхар хөгждөг.
Тэгэхээр хүүхдүүдэд төлөвлөх чадвар, логик сэтгэлгээ, гарын хурд, харааны хурд мөн анхаарал төвлөрөх чадвар суудаг. Багаасаа сууж сурдаг болдог. Цаашлаад сургуульд сурахад нь ч мөн эерэг нөлөө үзүүлдэг.
Эхэндээ шоо эвлүүлж сурч байгаа бүх хүн гарын бугуйгаа эргүүлж эхэлдэг. Цаашлаад хурдан эвлүүлэхийн тулд хуруугаараа түлхэж сурдаг. Ингэсэнээр хурууны жижиг булчингууд илүү их хөгждөг.
-Шооны төрлүүд гэж бий байх. Ер нь хичнээн төрөл байдаг вэ?
-Дэлхийн шооны холбоонд 17 өөр төрлийн шооны тэмцээн зохион байгуулагддаг. Мөн нэмэлтээр 3х3, 4х4, 5х5 шоог нэг гараар эвлүүлэх төрөл, харахгүй эвлүүлэх төрлүүд нэмэгддэг. Манай клубийн хувьд үндсэн бэлтгэл буюу 3х3 шоог сурагчдадаа заадаг. Энэ шоог маш сайн эвлүүлж сурч байж дараагийн төрөл рүү шилжинэ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Харин түүний хамгийн отгон шавь болох зургаан настай С.Хансар мөн найман настай Н.Эгшиглэн нартай дараах яриаг өрнүүлэв.
С.Хансар: Рубик шоогоор хичээллэснээс хойш 15 медаль авсан
-Сайн уу. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг С.Хансар гэдэг. Би зургаан настай.
-Хэдэн настайгаасаа эхлээд шоогоор хичээллэж эхэлсэн бэ?
-Дөрвөн настайгаасаа эхэлж шоо эвлүүлж сурсан.
-Эгчийн дүү хамгийн хурдан эвлүүлсэн шоогоо хэдэн секундэд эвлүүлсэн бэ?
-19 секунд.
-Хэдэн медальтай вэ?
-15 медальтай.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Эгшиглэн: Рубик шоог хурдан эвлүүлэхийн тулд зүй тогтлыг нь сайн ажиглах, хуруунуудаа хурдан хөдөлгөх хэрэгтэй
-Чамайг хэн гэдэг вэ. Рубик шоогоор хичээллээд хэдэн жил болж байна?
-Намайг Н.Эгшиглэн гэдэг. Одоо найман настай. Рубик шоогоор хичээллээд хоёр жил болж байна.
-Эгчийн дүү 3х3 хэмжээтэй шоог бас гурвалжин шоог хамгийн хурдан хэдэн секундэд эвлүүлж байсан бэ?
-3х3 хэмжээтэй шоог 16 секунд, гурвалжин шоог 5 секундэд эвлүүлж байсан.
-Шоогоор хичээллээд ямар ямар амжилт гаргасан бэ. Хэдэн медальтай вэ?
-15 медальтай. Олон тэмцээнд оролцсон.
-Шоо эвлүүлэхийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Хурдан эвлүүлэх нь гоё санагддаг.
-Шоо эвлүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Зүй тогтлыг нь сайн ажиглана. Бас хуруунуудаа хурдан хөдөлгөх хэрэгтэй.
-Баярлалаа.