Өдгөөгөөс хоёрхон жилийн дараа бид "Хос бичигтэн" болно. Гэхдээ хос бичигтэн болоход бэлэн үү. Гудамжинд таарсан хүмүүсээр монгол бичгээр бичсэн хэдэн мөртийг уншуулахад уншиж чадах нэгэн тун цөөн. Гэтэл бид Англи, Монгол хэлийг бага ангиас нь эхлэн заах талаар маргалдаж, "Хос бичигтэн" болох зорилгоо хэдийнээ умартжээ.
Угтаа эх хэлний дархлаа бол Монгол хүн эх хэлээрээ бүрэн зөв ярихад, бас уншиж, бичихэд орших. Магад даяаршиж буй энэ нийгэмд олон улсын хэлийг судлах нь зүйн хэрэг ч "Хос бичигтэн" болох хэтийн зорилгоо хэсэг хугацаанд мартаж, босоо монгол бичгээ үл анзаарч буй нь нууц биш. Иймд Ubn.mn сайт нийслэлийн ЕБС-иуд эх хэлний дархлаатай, зөв монгол иргэнийг хэрхэн бэлтгэж буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэсэн бөгөөд нийслэл 16-р сургуулийн монгол бичгийн сурах бичгийн хүртээмж хийгээд сурагчид монгол бичгийг хэрхэн шимтэн сонирхож буйг сурвалжиллаа.
Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн 16-р сургууль,
Нийслэлийн 16-р сургуулийн хувьд бусад сургуулиас хэдийнээ онцгойрчээ. Учир нь манай улсад ч хайгаад олдохгүй Монгол бичгээр хөрвүүлсэн төрөл бүрийн ном, зохиол тэр ч бүү хэл зууны манлай романууд хүртэл номын санд нь бий аж.
Тэгвэл сургуулийн зүгээс номын сангийнхаа фондыг хэрхэн монгол бичгийн ном, товхимлоор баяжуулсан талаар тус сургуулийн Нийгмийн ажилтан Г.Нямдаваа дараах мэдээллийг өгсөн юм.
Монгол хүүхдүүдийг эх хэл, тэр дундаа монгол бичгээ улам сайн мэддэг болгох зорилгоор Хөлөн буйр хотын малчин П.Эрхэмбилэг 358 ном бэлэглэсэн
Тэрбээр, "Өвөр Монголын Хөлөн буйр хотын Шинэ барга зүүн хошууны малчин Баргууд овгийн Пүрэвсүрэнгийн Эрхэмбилэг өөрийн хүсэлтээр монгол ахан дүүстээ тэр дундаа монголын бяцхан шавь нартаа зориулан 3,8 сая төгрөгийн үнэ бүхий 358 ширхэг номыг бэлэг болгон явуулсан.
Өнгөрөгч аравдугаар сард манай сургууль 70 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ойн арга хэмжээнд зориулан эдгээр номыг бэлэглэсэн. Учир нь Монгол бичгээ сэргээж байгаа учраас түүнийг маань дэмжиж мөн үндэснийхээ бичиг соёлыг сурч, танин мэдэж, цаашид хөгжүүлж яваарай хэмээн бидэнд дамжуулсан. Түүнээс гадна П.Эрдэнэбилэг дүү маань бусад хүмүүс ч мөн манай улсад монгол бичгээр бичсэн ном, сурах бичгүүдийг хүргэх сонирхолтой байгаа талаар эргэн мэдээлсэн" хэмээсэн юм.
ЕБС-ийн зургаадугаар ангиас эхлэн Монгол бичгийн хичээл ордог. Титэм, шүд, шилбэ, нум гээд л үндсэн зурлагаас эхлээд үсгээ үзэн уншиж, бичиж, холбож сурдаг. Тэр ч бүү хэл уран бичлэг буюу бийрэн бичлэгийг сонирхох хүүхэд залуус ихэссэн нь бүр ч сайшаалтай хэрэг. Бид Монгол бичигт дуртай, хайртай, шимтэн унших дуртай 11а ангийн сурагч М.Амин-Эрдэнэтэй ярилцахад,
Уран бичлэгээр хичээллэх нь Монгол бичгийг илүү сонирхолтой болгодог
"Монгол бичгийг харьцангуй сайн мэддэг гэж өөрийгөө боддог. Тийм ч учраас монгол бичгээр бичигдсэн ном, зохиол унших дуртай. Миний хувьд уран бичлэгээр хичээллэж байсан юм. Түүнээс хойш миний монгол бичиг унших, бичих чадвар маш их нэмэгдсэн. Мөн саяхан манай сургууль дээр Монгол хэл, бичгийн олимпиад болсон. Унших, бичих тусдаа даалгавартай байсан юм.
Уг олимпиадад миний бие оролцоод байр эзэлсэн учраас түүнээсээ ч мөн их урам авсан. Илүү их унших сонирхолтой болсон. Ялангуяа монгол бичгээр хэвлэгдсэн нууц товчоо унших маш сонирхолтой санагддаг. Мөн монгол бичиг сурснаараа сууж, төлөвшиж сурдаг. Түүнчлэн ёс заншлаа ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд бид хадгалж үлдэж байгаагаараа илүү онцлогтой. Уран бичлэгээр хичээллэх ч маш сонирхолтой" хэмээсэн юм.
Харин өөр нэгэн сурагч болох 11а ангийн сурагч Э.Бадамгарав,
Монгол хүн болж төрснөөрөө бахархах бас нэгэн шалтгаан бол Монгол бичиг мэддэг байх явдал
"Зургаадугаар ангиасаа хойш монгол бичиг үзэж эхэлсэн. Түүнээс хойш багшийнхаа заах арга барилд дурлаж монгол бичигт дуртай болсон. Яг одоо "Шинэ, хуучин шилдэг дуунуудаас" гэдэг шүлгийн номыг уншаад сууж байна.
Манай сургуулийн хувьд бусад сургуулийг бодвол маш олон монгол бичгийн номтой. Энэ нь хүүхэд, багачууд биднийг монгол бичиг сайн судлах, монгол бичгээр сайн унших хүсэл эрмэлзэлтэй болгож байгаа. Хэдий чинээ сонирхолтой ном байна төдий чинээ бид чадвартай болно.
Хүмүүсийг ажиглаж байхад Монгол бичиг төдийлөн мэддэггүй. Харин миний хувьд монгол бичгээр уншиж, бас бичиж чаддаг. Тиймээс хаана ч явсан монгол бичгээрээ уншиж чаддаг учир өөрөө ч гэсэн бахархдаг. Энгийнээр хэлэхэд Монгол бичиг уншиж, бичиж чаддаг байх нь Монгол хүн болж төрснөөрөө бахархах нэг гол шалтгаан болов уу" гэлээ.
Магадгүй зарим хүүхдүүд тэр ч бүү хэл томчууд монгол бичиг төдийлөн мэдэхгүй байх. Гэхдээ саарын хажуугаар сайн ч бас бий. Түүний тод жишээ бол дээрх охид. Монгол хэл, монгол бичигтээ хайртай, бас дуртай. Бидний ирээдүй болсон бяцхан шавь нар өдрөөс өдөрт монгол бичигт шимтэж байна гэдэг л хамгийн чухал зүйл.
Тиймээс бид сургуулийн Номын санч Т.Отгоогоос монгол бичгээр хэвлэгдсэн ном товхимлын талаар асуухад,
Монгол бичгээр бичсэн ном олон байх тусам хүүхдүүд дуртай болно
"Өвөр Монголын малчин ард манай сургуулийг сонгон 358 ширхэг монгол бичгээр хөрвүүлсэн номыг хандивласан. Монгол хүн гэдэг утгаараа мөн үндэсний бичгээ дээдэлдэг утгаараа монгол бичигтэй номыг бэлэглэсэн учраас сурагчдынхаа дунд уралдаант, тэмцээнүүдийг зохион байгуулсан.
Дөнгөж монгол бичиг сурч буй хүүхдүүд маш их сонирхож орж ирдэг, бие биеийнхээ алдааг засдаг, сайжруулдаг. Энэ нь нэг ёсондоо хүүхдүүдийг номтой ойртуулж буй нэг хэлбэр л дээ. Ерөнхийдөө сургуулиудад монгол бичгээр хэвлэгдсэн ном тун ховор байдаг. Үүнийг л олшруулах хэрэгтэй. Монгол бичгээр бичсэн ном олон байх тусам л хүүхдүүд уншина, монгол бичигт дуртай болж эхэлнэ. Тиймээс монгол бичигтэй номыг сургуулиуд баяжуулах хэрэгтэй гэж бодож байна.
Манай номын санд "Тунгалаг тамир" роман, "Алтан товч" роман мөн "Эвтэй дөрвөн амьтны бэлгэдэл" гээд сурах бичгээс гадна маш олон ном ирсэн. Манай улсад бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Дандаа Өвөр Монголд хэвлэгдсэн номууд байгаа" гэсэн юм.
Ийнхүү бид сурагчид монгол бичгээ хэр сайн мэддэг, хэрхэн уншиж судалдаг мөн цаашид бусад сургуулиуд монгол бичгээр хэвлэгдсэн номын фондыг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг олон олон сэдвийн хүрээнд ярилцсан юм. Үүнээс үзэхэд хүүхдүүдийн сонирхлыг татах, монгол бичигт шимтэн суралцуулахад хамгийн чухал үүрэгтэй зүйл бол яах аргагүй монгол бичгээр хэвлэгдсэн ном товхимол олон байх түүнээс гадна уран бичлэгээр хүүхдүүдийн сонирхлыг татах бүрэн боломжтой гэдгийг харж авлаа. Магад 2025 онд бидний ирээдүй хойч болсон багачууд маань монгол бичгээрээ криллээр уншдаг мэт уншиж сурвал хос бичигтэн болох зорилгод нэг шат ахих боломж бий.