Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ургамлын тосны үнэ 500-1000 төгрөгөөр буурчээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 13 секунд

Ковидын хүнд үе хэдийн ард хоцорсон. Гэвч түүний нөлөөнөөс үүдсэн үнийн хөөрөгдөл өнөөдрийг хүртэл арилаагүй л байна. Ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нь ард иргэдийн амжиргаанд хүндхэн нөхцөл байдлыг бий болгосоор. Хамгийн энгийн жишээ гэхэд иргэдийн хамгийн ихээр хэрэглэдэг атар талхны үнэ өнөөдөр 2100-2400 төгрөг болтлоо өсжээ.

Тэгвэл UBN.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Ургамлын тосны үнэ 500-1000 төгрөгөөр буурчээ

Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэх мэдээ сонстсоноос буурсан гэх мэдээ төдийлөн дуулдаагүй. Гэтэл наран цэцгийн буюу ургамлын тосны үнэ 500-1000 төгрөөр буурчээ. Энэ талаар Баянзүрх захын худалдаачин Б.Янжиндулам,

"Ургамлын тосны үнэ л 500-1000 төгрөгөөр буурсан. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Ургамлын тосны үнэ ингэж буурсан нь хил гааль чөлөөтэй болсоноос бас бусад шалтгаанаас үүдсэн. Иргэд ч ургамлын тосны үнэ ийнхүү буурсанд ам сайтай байна" гэлээ.

Үнэхээр ургамлын тосны үнэ мэдэгдэхүйцээр буурчээ. Иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг "Олейна" наран цэцгийн тос энгийн 1л нь Баянзүрх захад 8000 төгрөгийн үнэтэй байсан бол оливтой олена 10000 төгрөгийн үнэтэй болжээ. Харин Emart худалдааны төвд "Олейна" энгийн 8400 төгрөг, оливтой олейна 10200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Атар талхны үнэ 2100-2400 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлчүүдийн өглөөний цайндаа өргөн хэрэглэдэг гурилан бүтээгдэхүүн бол яах аргагүй "Атар" талх. Гэвч атар талхны үнэ нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд амжсан. Тэгвэл "Атар талх"-ны үнэ энгийн 2100-2200 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бол зүссэн атар талх 2400-2600 төгрөгийн хооронд зарагдаж байна. Ихэвчлэн зах худалдааны төвүүдэд ийм үнэтэй байгаа ч хүнсний дэлгүүрүүдэд энгийн атар талх 2300-2400 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм. Харин тавдугаар сарын байдлаар "Атар талх"-ны дундаж үнэ 2132 төгрөг байгаа талаар ҮСХ-оос мэдээлсэн бийлээ.

"Атар талх"-ны үнийн өсөлтийн талаар "Талх чихэр" компани түүхий эдийн үнийн өсөлт болон сав баглаа боодлын өртөгтэй холбон тайлбарласан байдаг. Үүгээр ч зогсохгүй сүүлийн нэг сарын хугацаанд гурилан бүтээгдэхүүний үнэ эрчимтэйгээр нэмэгдсэн тул гурилан бүтээгдэхүүн худалдан авах иргэдийн тоо эрс буурч, лангуун дээрх муудсан гурилан бүтээгдэхүүнүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Бид нэгэн худалдан авагчаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт амьдралд нь хэрхэн нөлөөлж буй талаар тодруулахад,

Гурилан бүтээгдэхүүний үнэ дэндүү нэмэгдсэн тул худалдан авч чадахгүй байна

Тэрбээр, "Ер сүүлийн хэдэн жил бараа бүтээгдэхүүний үнэ буурч мэдэгдсэнгүй. Байнга л нэмэгдэх юм. Нэг дэлгүүр орж хүнсээ цуглуулахад л өөр, өөр үнэтэй болчихсон байдаг. Аргагүйн эрхэнд хүнснийхээ материалыг бага багаар ч болов авна шүү дээ. Үнэ нь нэмэгдчихэж гээд авахгүй байж чадахгүй юм. Харин наран цэцгийн тос буурчихсан байна. Гэхдээ томоохон зах, супермаркетуудад: Харин хүнсний дэлгүүрүүдэд бол нэг их буурч мэдэгдээгүй байна лээ. Ганц нэг бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байвал бидэнд л хэрэгтэй юмсан.

Уг нь бараа бүтээгдэхүүний үнэ одоо харьцангуй буурч болох юм шиг санагдаж байгаа шүү дээ. Ядаж л хил гааль нээгчдихсэн. Яагаад буурахгүй байгааг ойлгохгүй юм.

Дээр нь дотоодын хүнсний үйлдвэрүүд үнээ хэт нэмэх юм. Гурилан бүтээгдэхүүн авахын арга алга. Үнийг нь дийлэхгүй юм. Атар талхны үнэ нэмэгдсэн ч арай хямд юм даа гээд л атар талх авч байна. Түүнээс биш бусад гурилан боов, боорцог зэргийг авахад их хүндрэлтэй байна" гэсэн юм.

Төмс Баянзүрх захад 1800 төгрөг, Emart худалдааны төвд 1490 төгрөгөөр худалдаалагдаж байна

Хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна. Тийм ч учраас худалдан авагчид хүнсний ногоо худалдан авахөд төдийлөн хүндрэл учрахгүй байгаа аж. Гэхдээ төмс, хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй нэмэгджээ. Гэвч иргэд хэдийнээ үнийн өсөлттэй нүүр тулж, эвлэрсэн нь харагдаж байлаа.

Тэгвэл Баянзүрх захад 1 кг төмс 1800 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол Emart худалдааны төвд 1490 төгрөгөөр буюу 310 төгрөгөөр илүү хямд худалдаалагдаж байв. Гэхдээ Emart худалдааны төвд савласан төмсний үнэ харьцангуй өндөр байсан юм.

Emart худалдааны төв,

  • Төмс 1 кг-1490 төгрөг
  • Байцай 1 кг-1980 төгрөг
  • Шар манжин 1кг-2500 төгрөг
  • Хүрэн манжин 1кг-2800 төгрөг
  • Сонгино 1кг-3300 төгрөг
  • Лууван 1кг-2100 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Харин Баянзүрх захад,

  • Төмс 1 кг-1800 төгрөг
  • Байцай 1 кг-3000 төгрөг
  • Шар манжин 1кг-4000 төгрөг
  • Хүрэн манжин 1кг-4000 төгрөг
  • Сонгино 1кг-2500 төгрөг
  • Лууван 1кг-2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа юм.

Бид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар худалдан авачгаас тодруулахад,

Хүнсний ногоогоо өмнө нь олон хилээр нь авчихдаг байсан бол одоо 1, 2 клограммаар л авч байна

"Хүнсний ногооны үнэ өмнө нь нэмэгдчихсэн учраас одоо нэг их анзаарахаа болчихсон юм шиг санагдаж байна. Гэхдээ өмнө нь олон хилээр нь авчихдаг байсан бол одоо тэгж авч чадахгүй ганц, хоёр хилээр нь л арай хийн авч байна. Хүнсний дэлгүүрүүдэд бол бүр ч үнэтэй. Зарим хүмүүс хилээр нь битгий хэл граммаар нь л авч байгаа шүү дээ. Ер нь л бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол ард иргэдийн амьдрал хэцүү байна.

Сая махны тасгаар орсон махны үнэ ч бас өндөр санагдлаа. Бага багаар нь л хиллээд авлаа. Ямааны мах бүр олдохгүй байна. Ер нь мах, сүү, гурил гээд бүх л бараа бүтээгдэхүүний үнэ буурвал амжиргаанд маань ч эерэгээр нөлөөлөх байх" хэмээлээ.

Үхрийн цул мах 20500 төгрөг

Үнэхээр бид Баянзүрх захын махны тасагт очиход ямааны мах олдохгүй байсан юм. Түүнээс харин үхрийн цул мах 20500 төгрөг, үхрийн ястай мах 17000 төгрөг, хонины ястай мах 16000 төгрөг, хонины цул мах 18000 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Харин ҮСХ-оос тавдугаар сарын 01-ний өдрийн гаргасан статистик мэдээллээр хонины ястай мах дунджаар 14088 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол үхрийн ястай мах 17385 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1,5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үхрийн махны үнэ ханш нэмэгдсэн хэвээр байгаа аж.

Цар тахлын улмаас манай улсын эдийн засаг төдийгүй дэлхийн бүхий л улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Гэвч манай улсын хувьд ард иргэдийн амьдрал төдийлөн сайжрахгүй байгаагийн дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь хамгийн харамсалтай юм. Харин энэхүү сурвалжилгаас харахад наран цэцгийн тосны үнэ ханш буурсанд иргэд ам сайтай байгаагийн дээр бусад бараа бүтээгдэхүүн тэр дундаа Монголчуудын өргөн хэрэглэдэг мах, махан бүтээгдэхүүний үнэ ханш буурахыг хүлээж буйгаа ч илэрхийллээ.

Улаанбаатарт +20 хэм дулаан байна
Улаанбаатарт +20 хэм дулаан байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.