Парламентын сонгуулийн 26 дугаар тойрог бол олноо “Эрдэнэ ван”-гийн хэмээн алдаршсан Баянгол дүүрэг билээ. Ардчилсан намын даргаар 2017 онд сонгогдон ажиллаж буй АН-ын дарга Содномзундуйн Эрдэнэ энэ удаад “өөрийн дэвжээ”-нд ялагдав. Харин түүний намаас хамт дэвшсэн Салдангийн Одонтуяа саналаа авч чадсан боловч ялсан 3 мандатын бага саналтай нь. Хамгийн их саналыг МАН-аас дэвшигч Хассуурийн Ганхуяг, Жамбалын Ганбаатар нар авч ялалт байгууллаа.
Тэдгээрийн араас ахмад парламентч Д.Лүндээжанцан 4 дүгээр байрт орж, улс төрийн замналдаа түр завсарлага авсан юм. Саналын тоо нэгтгэлийн эхэнд хамгийн өндөр саналтай байсан хүн бол бие даагч П.Галиндэв юм. Тэрбээр урьдчилсан дүнгээр 25.8 мянган санал авсан.
Хэдийгээр ялагдсан ч гэлээ хуучин харьяалагдаж байсан АН-ынхаа даргын дээр гарч чадсан нь түүний хувьд амжилт гэж болно. Тодруулбал, тэрбээр АН-ын гишүүн байхдаа намаа шинэчлэх санаачилга гаргаж, түүгээрээ намаас хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулсан. Улмаар намын даргыг сөрж нэр дэвшсэн нь энэ бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр тагнуул, хуулийн байгууллагаас ч дуудагдаж, бага зэрэг барцадтай байсан билээ.