"Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан. Энэ үеэр Академич С.Нарангэрэлээс дараах мэдээллийг авсан юм.
Тэрбээр, "Энэхүү төсөл нь гуравдахь жилдээ үргэлжлээд төгсгөлийнхөө шатанд ирж байгаа юм байна. Манай улсын хувьд хог хаягдалтай харьцах сэтгэлгээ, түүний менежментийг бидний өвөг дээдэс бий болгочихсон. Учир нь бидний эх орон мөн бүх Монголчууд таван хошуу мал болон түүний ашиг шимээр өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн. Тиймээс хог хаягдалтай тэмцэх нь бид үндсэн амин зуулгаа цэвэр, эрүүл, аюулгүй байлгахтай шууд холбогдож байгаа юм.
Мөн байгаль орчноо бохирдуулж болохгүй, байгаль орчиндоо тээр болж болохгүй гэдгээ үр хүүхдүүддээ байнга хэлж, сургаж ирсэн. Жишээ нь нүүдэл суудал хийхдээ хүртэл бууриа цэвэрлээд, гадас зоосон ч бай түүнийгээ битүүлээд идэж, уухдаа хүртэл хог хаягдал гаргадаггүй. Байгальд хор хөнөөлтэй хог хаягдлаа дардаг, булдаг, шатааж устгадаг арга зүйг үр хүүхдүүддээ сургаж хойч үе нь ахмадуудынхаа үг сургаалийг дуулгавартай дагадаг байсан.
1911 оны хувьсгалын дараа Монголчууд өөрсдийнхөө хуулийг буюу 65 дэвтэр бүхий зохиож байсан. Үүний 1 дэвтэр нь "ёс алдах" тухай заасан байдаг. Үүнд үр хүүхэд нь эцэг эхийнхээ үгэнд орохгүй, хог тарих юм бол махан биед нь ойлгуулах хүртэл арга хэмжээ авахыг заасан байдаг юм. Үүгээр дамжуулан үр хүүхдээ сургаж ирсэн. Хэдий одоогоор нүүдэл болон суурьшмал соёл иргэншил хосолж байгаа боловч Монголчуудын ой тойнд хог хаяж болохгүй гэдэг ухамсар бий учраас энэ чиглэлээр менежментээ хийж чадвал бид хог хаяхаа болино.
ЕБС-ийн бага ангиас нь эхлээд сард хоёр өдөр ч юм уу хүүхдүүдээр хог цэвэрлүүлж, хаясан чихрийн цаасыг түүлгэх, гэр орноо цэвэрлэдэг үйлд сургачихвал хүүхэд ухамсраараа ойлгож, улс эх орноо ч мөн хайрлаж чадна" гэлээ.