"Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо" сэдэвт олон улсын сургалт болж байна. Энэ үеэр МАН-ын НБД А.Ариунзаяатай эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо болон парламент дахь квотыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцлаа.
-"Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо" сэдэвт олон улсын уулзалт болж байна. Уулзалтаар ямар сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлж байна вэ?
-Ази Номхон далайн бүсэд социал демократ үзэл баримтлалтай намуудын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна. Ойролцоогоор 10 гаруй улсаас 25 орчим төлөөлөл ирж оролцож байгаа юм. Ази Номхон дайлайн бүсэд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, улс төр болоод шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах, яагаад нэмэгдүүлэх ёстой вэ, манай бүсэд тулгамдаж буй асуудлыг эмэгтэйчүүдийг оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох вэ зэрэг асуудлын хүрээнд хоёр хоногийн хэлэлцүүлэг өрнөж байна. Монгол Улсын тухайд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх томоохон хуулиуд энэ цаг үед хэлэлцэгдэж байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог зөвхөн УИХ-аар авч үзвэл, 17 хувь нь эмэгтэй гишүүд эзэлж байгаа. Хуулиараа нэр дэвшүүлэхдээ тодорхой хувь тавьж дэмжихийг боддог. Гэхдээ зөвхөн нэр дэвших эрхийн тухайд сонгогдох баталгаа болохгүй. Иймээс бид хуулиар тогтоосон квотдоо хүрч чадахгүй байгаа юм. Олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог сонгуулийн тогтолцоогоор дэмжиж өгдөг. Пропроциональ систем гэдэг нь намууд өөрөө жагсаалтаа гаргаж, квотоо хангаж байдаг. Манай улс түүхэндээ найман удаагийн УИХ-ын сонгуулийг явуулахдаа 2012 онд холимог тогтолцоог туршиж үзсэн. Бусад улс орнуудад мажоритар буюу тойргийн улс төр дээр эмэгтэйчүүд өөрөө дангаараа гарч чаддаггүй гэдэг нь нотлогдсон. Энд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдгийн хамгийн том нөлөөлөл нь санхүүгийн хүндрэл, өөртөө итгэлгүй байдал, иргэд сонгогчдийн нөлөөлөл ч байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулинд холимог тогтолцоог нэвтрүүлье, 50 буюу 38 гишүүн нь намын жагсаалтаар, 38 нь тойргоос сонгогдож орж ирэх зарчмын шинэчлэлийг оруулж ирж байгаа. Жагсаалтыг бүрдүүлэхдээ жагсааж байгаа нэр дэвшигчдийг МАН сөөлжих буюу эрэгтэй, эмэгтэй байдлаар жагсаах зарчмын өөрчлөлтийг дэвшүүлсэн. Харин АН-аас өргөн барьсан хуулийн төсөлд намын жагсаалтад гурван эрэгтэй хүний араас нэг эмэгтэй орж ирэх өөрчлөлтийг оруулж ирж буй.
Жагсаалтаар нэр дэвшигчид дунд эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү оруулж ирэх нь ямар нэгэн тойргийн нөлөөллөөс ангид, шууд орж ирэх боломжтой эмэгтэйчүүдийн хувь хэмжээг тогтоож өгч байгаагаараа онцлог байна.
Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүжилтийг төсвөөс тодорхой хэмжээг нь санхүүжүүлэх байдлаар оруулж ирж байгаа нь тухайн сонгуульд нэр дэвшигчээс томоохон барьцаа хөрөнгө, дэнчин авдаг байдлыг зогсоох, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалт нь эмэгтэйчүүдийг бэлдэхэд чухал. Бэл чинээ багатай мөртлөө бодлого шийдвэр гаргах түвшинд байх ёстой оюунлаг хүмүүсийн оролцоог хангахын тулд намууд өөрсдөө бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой. Мөнгөнөөс хараат бусаар хөгжих ёстой.
-Таны хэлсэнчлэн эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, квоттой холбоотой өөрчлөлтийг агуулсан чухал хуулийн төслүүд УИХ дээр хэлэлцэгдэж байх энэ цаг үетэй давхцаж тус сургалт уулзалт болж байна. Ер нь квот гэдэг өөрөө улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах төгс шийдэл мөн үү гэдэг дээр судлаач эрдэмтэд гээд олон талын байр суурийг илэрхийлдэг. Таны хувьд?
-Хүмүүс ярьдаг л даа. Яагаад квот байх ёстой вэ гэж. Удахгүй эрэгтэйчүүдэд квот тогтоох ёстой болох юм биш үү гэдэг байдлаар хүртэл тоглоом шоглоом болгох гээд байдаг. 2015 онд Сонгуулийн тухай хуулиараа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр баталж байсан шүү дээ. Гэтэл төд удалгүй улс төрийн намууд хүсэлт гаргаж, нэр дэвшигч эмэгтэйчүүд бэлэн биш байна гээд буцаагаад 20 хувьтай болгосон.
Өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийг авч үзвэл 17 хувийг эзэлж байна. Энэ нь бараг л сүүлийн 30 жилийн дээд амжилт болоод байгаа юм. Гэтэл дэлхийн дундаж 20-иос дээш хувь байдаг. Дэлхийн дунджаас дор байна.
Нийгмийн хөгжил өндөртэй, аз жаргалын индекс өндөртэй, хүртээмжтэй улс орнуудын жишээг аваад үзвэл, хүйсийн ялгаварлалгүйгээр тэгш эрхийг нь хангасан эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлогын түвшинд байдаг, Ерөнхий сайд нар нь хүртэл эмэгтэй хүн байгаа улс орнууд бий. Лидер нь эмэгтэй хүн байгаа нь өөрөө тухайн улсын хөгжлийг хүртэл харуулаад байна шүү дээ. Тиймээс улс орны хөгжлийг авч ирье л гэж байгаа бол бодлого шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой юм байна гэдэг олон улсын туршлага байна. Тэгвэл Монгол Улсад зөвхөн сонгуулийн квот дээр нэр дэвших эрхийг нь хангаснаараа эмэгтэйчүүдийн квот хангагдах уу гэвэл үгүй байгаад байна. Учир нь манайд эцгийн эрхт ёстой улс орон шүү дээ. Уламжлалт сэтгэлгээ хэвээрээ л байгаа. Үүнийг ч гэсэн тодорхой хэмжээнд өөрчлөхийн тулд квот, бодлогын дэмжлэгүүд зайлшгүй шаардлагатай байгаад байгаа.
Зөвхөн мажоритар тогтолцоон дээр эмэгтэйчүүдийн олноор нэр дэвшүүлээд сонгогдох баталгаа болохгүй. Тойргийн улс төр дээр хөрөнгө санхүү, сонгогчийн эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх байдал зэргээс хамааран улс орнууд ихэнхдээ пропорциональ буюу намын жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирж байна. Ингэснээр тодорхой хэмжээний квотыг нь хангаж байж, сая нэг эмэгтэйчүүд илүү зөв бодлогоо явуулах боломж бүрдэж, хүлээн зөвшөөрөх байдал нь нэмэгддэг юм байна.
-Н.Энхболд тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хуульд 30, АН-аас өргөн барьсан хуулиар аль нэг хүйсийн төлөөллийн квотыг 40 хувьд хүргэнэ хэмээн тусгаад буй шүү дээ. Хүн амын 51 орчим хувь нь эмэгтэйчүүд эзэлж байхад энэ хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж зарим хүмүүс үзэж байна. Ер нь үүнийг та юу гэж харж байна. Нөгөөтээгүүр эмэгтэйчүүдийн квотын асуудлыг МАН-ын эрэгтэй гишүүд ямархуу байдлаар хүлээн авч байна вэ?
-Ямартай ч МАН-ын бодлого буюу Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд намын дотоодод бодлого шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувиар хангах ёстой гэж заасан. Саяхан нэг олон улсын хурал болсон. Арван улс төрийн намын удирдлага оролцож, нам дотроо 40 хувийн квотыг хангана гэх амлалтад гарын үсэг зурсан. МАН дотооддоо жендерийн тэнцвэртэй байдлыг бодлогоороо дэмжиж байгаа. Нам харгалзахгүйгээр УИХ-ын гишүүдийн түвшинд 17 хувь эмэгтэйчүүд юм бол нөгөө талдаа 83 хувь нь эрэгтэйчүүд байгаад байна. Энэ 83 хувьд багтаж буй эрэгтэйчүүд хэрхэн шийдвэрлэхээс эмэгтэйчүүдийн квотын асуудал хамаарна. Иймээс бодлогын хувьд эрэгтэйчүүд маань ч гэсэн жендерийн эрх тэгш байдлыг хангая гэж байгаа бол сонголтоо зөв хийх хэрэгтэй байна л гэсэн үг.
-МАН-ын бага хурлын гишүүдийн жендерийн харьцаа ямар байгаа вэ?
-МАН-ын гишүүдийн хувьд 55 хувь эмэгтэйчүүд эзэлдэг. Бодлого шийдвэр гаргах түвшинд жишээлбэл удирдах зөвлөлөөр аваад үзвэл 30 хувь нь эмэгтэйчүүд. Нарийн бичгийн дарга нарын 25 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгэхээр тодорхой хэмжээнд нам дотроо квотыг 25-30 хувьд хүргэчихээд байгаа. Цаашдын амлалтаар 40 хувьд хүргэх зорилт тавиад байна.