Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: “Алуурчин” нь мотоцикл уу, сэтгэлгээ юу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 25 секунд

Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 1087-д хүрчээ. Хэрэв энэ тооны хүн амьд байсан бол төдий хэмжээний гэр бол аз жаргалтай элэг бүтэн байх байлаа. Мөн өөр нэг тоон мэдээллийг энд дурдахад, 2505 иргэн мотоциклийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдаад байна.

Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 13 настай хүү мотоциклтой онхолдож амь насаа алдсан хэрэг гарав.

Энэ хэргийн талаар түүний хамаарал бүхий хүн ярихдаа “Хэрэв хүүдээ мотоциклоо өгч явуулаагүй бол өнөөдөр манай гэр бол элэг бүтэн байх байлаа. Манай хөдөөнийхөн хараа хяналтгүйгээр хүүхдэдээ мотоциклоо унуулах нь бараг л хэвийн зүйл. Гэтэл үүнээс болж өчнөөн осол гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна л даа. Хүүхэд л болсон хойно хурдтай давхиж байвал сайхан санагдана шүү дээ. Гэтэл томчууд бид үүний хор уршгийг, үүсч болох үр дагаврыг нь ойлгуулах хэрэгтэй байдаг юм билээ” хэмээн ярьж байлаа.

Нээрээ л бид хөдөө орон нутагт хэн нэг хамаатныдаа очиход хөл нь дөрөөндөө хүрэхгүй шахуу мотоцикл унаад хониндоо давхичихдаг жаахан хүүхдүүдийн дүр зургийг хардаг шүү дээ.

Тэгвэл үүнээс бид олон арван залуусаа мотоциклийн ослоор алдахгүйн тулд юу хийх ёстой вэ гэх асуулт урган гарна. Ингэхдээ асуудлын бурууг дан ганц Хятад мотоцикл руу түлхэж, амь насаа алдсан залуусын тоог цаашид ч тоолсоор суух уу гэдэг дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй болж таарч байна.

ИНФОГРАФИК: Нэг жилийн дотор /2022/ мотоциклийн ослоор 120 хүн амиа алдаж, 2505 хүн бэртэж гэмтжээ

ИНФОГРАФИК 1: Мотоцикл холбогдсон зам тээврийн ослын мэдээлэл
Эх сурвалж: ТЦА
ИНФОГРАФИК 2: Мотоцикл холбогдсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан болон нас барсан иргэдийн тоон мэдээлэл
Эх сурвалж: ТЦА
ИНФОГРАФИК 3: 2022 онд бүртгэгдсэн зам тээврийн осолд өртөгсдийн хөдөлгөөнд оролцсон хэлбэр
Эх сурвалж: ТЦА

Цагдаагийн байгууллагаас мотоциклийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Мотоцикл”, “Хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж хэвших” “Мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг маш сайн зохион байгуулж байна. Гэвч энэ бүхэн малчин залуусын эрүүл мэнд, амь насыг хамгаалах ТӨГС арга биш. Өөрөөр хэлбэл, залуус өөрийнхөө амийг өөрөө л хамгаална. Наанадаж л архи уусан үедээ жолоо барихгүй байвал өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалж, гэр бүлийнхээ элэг бүтэн авч үлдэж чадах "ТӨГС АРГА" нь болно. Мотоцикл гэх хурдан унаа таны ажлыг хөнгөвчилдөг нь мэдээж. Гэхдээ сонор сэрэмж, болгоомжтой жолоодохгүй бол эрүүл мэнд, амь насыг чинь эргэлт буцалтгүйгээр авч одох аюултайг санах хэрэгтэй.

Нэмэлт анхаарах зүйлсийг ч энд дурдаж болно. Тухайлбал,

  • Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох,
  • БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикл оруулж ирэх,
  • Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон үүнийг хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклийн хурдын дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандартыг баталж мөрдүүлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

-Мотоциклийн ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 25.7 хувиар өссөн-

Тэгвэл энэ төрлийн ослын шалтгаан нөхцөл болон анхаарвал зохих ойлголтын талаар Тээврийн цагдаагийн албаны урьчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сүүлийн үед зам тээврийн мотоцикл унаж яваад бэртсэн, гэмтсэн осол их бүртгэгдэж байна. Он гарснаар хэчнээн мотоциклийн осол гарсан бэ?

-Улсын хэмжээнд 2021 онд мотоциклтой холбоотой зам тээврийн 462 осол бүртгэгдэж, ослын улмаас 93 хүний амь нас хохирч, 246 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийт ослын 70,8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 25.7 хувиар өссөн байна.

Нийт ослын 28 буюу 5.7 хувь нь Өвөрхангай аймагт, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт тус бүр 34 осол бүртгэгдсэн. Эдгээр аймагт мотоциклийн хэрэглээ өндөр байгаа бөгөөд осол, гэмтэл их бүртгэгддэг. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар мотоциклийн холбоотой зам тээврийн осол улсын хэмжээнд 88 бүртгэгдсэн. Хэргийн улмаас 48 хүн гэмтэж, 31 хүний амь нас хохирсон ба үүнээс насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүний амь нас хохирсон ослын 30 нь орон нутагт гарсан.

-Хөдөө орон нутагт гарч байгаа дийлэнх ослууд нь мотоциклтой холбоотой ослууд гэлээ. Осол гарах шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Мотоциклоор үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын гол хүчин зүйл нь тээврийн хэрэгслийн мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй, туршлага дадлага муу байна. Мөн мотоцикл унахдаа хамгаалах малгай өмсөөгүйн улмаас гэмтэж, бэртэх, улмаар нас баралт гарах нөхцлүүд бүрдээд байна. Дээрээс нь жолооч нар замгүй газраар маш их явдаг учир ховил, чулуунд цохигдож нас барах нь хөдөө орон нутагт түгээмэл тохиолддог.

Батлагдаагүй шороон зам ганга жалга, бартаат замаар мотоциклтой иргэд 60 км/цагаас илүү хурдтай явж, өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс иргэд, малчид мотоциклын хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсч, зөвхөн урин дулааны улиралд унаж хэвших хэрэгтэй.

-Танай албанаас мотоциклоор үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?

-Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Мөн мотоциклоор хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас нэгдүгээрт, эрхийн үнэмлэхтэй байхыг шаардаж байна. Хоёрдугаарт, хамгаалах малгайг өмсөх шаардлага тавьж ажиллаж байгаа. Эрх зүйн зохицуулалтын хувьд Зам тээврийн хөгжлийн яамтай хамтраад өнгөрсөн онд мотоциклийн гурван стандартыг боловсруулсан. Үүнд:

  • Авто тээврийн хэрэгсэл- мотоцикл ерөнхий шаардлага
  • Мотоцикл хайлшийн обуд турших арга
  • D4, 125маркын мотоцикл.Техникийн ерөнхий шаардлага эдгээр стандартуудыг боловсруулсан байгаа.

Тухайлбал, хамгаалах малгай, мотоциклийн дугуй гэсэн 2 стандарт байсан болвол мотоциклийн өөрийнх нь ерөнхий шаардлага гэсэн стандарт тусдаа байгаагүй автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598 гэсэн дээр л хэдэн өгүүлбэр байсан тийм учраас мотоциклийн стандартыг бид тустана боловсруулсан.

Хоёр дахь стандартын хувьд мотоциклтой холбоотой зам тээврийн осол дугуй, обуднаас болдог тохиолдол их. Тухайлбал, хигээсэн обуд, хайлшин обуд 2 төрлийн байдаг юм байна. Хигээсэн обудтай тээврийн хэрэгсэл нь аливаа цохилт өгсөн тохиолдолд өөрийн хүчийг өөртөө шингээж байдаг энэ нь юу гэхлээр давуу талтай шороон замд зориулагдсан. Хайлшин обудтай мотоцикл бол үйлдвэрлэхэд хямдхан давуу тал нь хатуу хучилттай замд зориулагдсан. Ингээд ялгаад үзэхэд обудныхан ач холбогдлыг таниулах их чухал.

Хатуу хучилттай замд ашиглах обуд нь задардаггүй болон задардаг байж болно. Мөн түүнчлэн мотоциклийн жолооч нь өвдөгний хаалт, зорчигч барих бариул, зорчигч тээвэрлэх боломжтой шахаатай, шахаагүй мотоцикл зэргийг тоноглосон байна. Ингээд детальчлаад, нарийвчлаад стандартаар ороод ирсэн. Урьд нь бол эрхзүйн акт байгаагүй. Жишээ нь өвдөгний хаалт гэдэг зүйл мотоцикл дээр маш чухал байдаг. Унаж яваа зорчигчийг хамгаалдаг мотоцикл унахад тэр хаалт нь түшүүр болдог, өвдгийг нь хамгаалдаг, хөл гарыг нь бэртээхээс хамгаалдаг. Зорчигчийн бариул гэхээр ард зорчигч сууж байгаа бариултай байна. Одоо бол өвдөгний хаалтгүй, зорчигчдын бариулгүй мотоцикл түгээмэл байгаа. Техникийн хувьд хамгаалсан иймэрхүү тодорхойлолтууд орж ирсэн.

-Энэ стандартуудын хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?

-Эдгээр стандартууд 2021 онд батлагдаж, 2021 оны 11 сарын 4-нөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Бүхий л байгууллагууд хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа төрийн байгууллага гааль, татвар, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба стандартыг хөрс нь дээр нутагшуулах, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

-Мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгодог.

ТОДРУУЛГА: Хоёр настай хүүгийн ээж БНСУ-д байдаг ч хүүгээ авахаас татгалзсан тул цагаачлалын алба Монгол руу буцаасан
ТОДРУУЛГА: Хоёр настай хүүгийн ээж БНСУ-д байдаг ч хүүгээ авахаас татгалзсан тул цагаачлалын алба Монгол руу буцаасан
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.