Та улаанбурхан өвчний тухай урьд өмнө сонсож байсан биз. 2015-2016 оны хооронд л манай улсад хамгийн сүүлд бүртгэгдсэн уг өвчин агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин юм. Тэр ч утгаараа хүүхдийг бага байхад буюу есөн сартайд, мөн хоёр настайд нь улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулан дархлаажуулдаг бөгөөд үүний үр дүн ч гарч буй.
Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-өөс улаанбурхан болон салхинцэцэг өвчний талаар мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Манай улсын хөрш орнуудад улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй нь манай улсад эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна" гэж мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй ч бодит эрсдэл бий болж буй. Иймд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Улаанбурхан өвчин манай улсад 1973-1989 оны хооронд 3-4 жилийн давтамжтайгаар дэгдэлтүүд бүртгэгдсэн байдаг. 1989 оноос хойш буюу улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хэрэглэснээс хойш дэгдэлтийн тоо буурсан ч улаанбурхан өвчний дөрвөн удаагийн том дэгдэлт 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд гарч байжээ.
Харин манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэн вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон. Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахай хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг вакцинаар хүн ардаа дархлаажуулж байгаа аж.
Улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ дараах мэдээллийг өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй улсад улаанбурхан өвчин илэрсэн тул манай улсад эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байна
Тэрбээр "Өнгөрсөн жил буюу 2022 онд 182 улсад улаан бурхан өвчний 172,000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22,000 тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний эрсдлийн үнэлгээг хийхэд улаанбурхан өвчний тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн дүгнэлт гарч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргүүдэд хүргүүлсэн. Улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой. Нэмэлт болон нөхөн дархлаажуулалтыг хийнэ" гэсэн юм.
Бид зарим ӨЭМТ-үүдээр очиж улаанбурхан өвчний нөхцөл байдал хийгээд эмчилгээ, гарах сөрөг үр дагаврынх нь талаар тодруулсан юм. Энэ талаар "Энэр-Ази" ӨЭМТ-ийн их эмч О.Пагма дараах мэдээллийг өглөө.
Улаанбурхан өвчин хүндэрвэл сохрох эрсдэлтэй
-Улаанбурхан өвчний эрсдэл манай улсад бий гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Улаанбурхан өвчний нууц үе гэж бий юу. Ямар, ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай мөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм. Ерөнхийдөө агаар дуслын замаар халдварладаг. Улаанбурхан өвчний нууц үе 9-11 хоног байдаг гэж үздэг.
Энэ өвчний үед Стимсоны гурвалын хам шинж гэж илэрдэг. Үүнд,
- Ларенгит
- Коньюктивит
- Ринит гэсэн шинж тэмдэг илэрдэг.
Тухайлбал, Хамраас нус гарах, найтаах шинж тэмдэг байдаг. Гэхдээ аажимдаа нус ногоорч, идээтэй болдог. Мөн нүдний салстын үрэвсэл буюу нүд улайж, ногоон нус гарах түүнээс гадна төвөнх үрэвсэх тохиолдол гардаг. Түүнээс гадна улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхэд сульдах, ядрах, ууртай болох, хурц гэрэлд мэдрэг болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
-Тэгвэл эмчилгээний талаар мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт, Хөнгөн зэрэг байвал гэрээр тусгаарлаж эмчилгээ хийнэ.
-Хоёрдугаарт, Хүнд, хүндэвтэр байвал эмнэлгийн орчинд тусгаарлаж эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, илэрч байгаа шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээний хувьд өөр, өөр байдаг гэсэн үг юм.
Улаанбурхан өвчний үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, тэр дундаа хуурсан, хайрсан хоолыг хэрэглэхгүй, шөлтэй хоол идэх хэрэгтэй. Мөн сайн амраах нь чухал.
-Улаанбурхан өвчний хүндрэлийн үед ямар сөрөг үр дагавар гардаг юм бол?
-Улаанбурхан өвчин хүндэрсэн тохиолдолд сохрол буюу хараагүй болгох эрсдэлтэй. Тиймээс энэ өвчний үед А витаминыг хэрэглэдэг. Мөн уушгины хатгалгаа үүсгэх эрсдэлтэй.
-Салхинцэцэг өвчнөөр хүн нэг удаа өвчилдөг гэдэг шүү дээ. Тэгвэл улаанбурхан өвчний хувьд ч ижил үү?
-Тийм. Улаанбурхан, салхинцэцэг өвчин нэг удаа туссан бол насан туршийн дархлаа тогтоно.
-Вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-2015-2016 оны үед улаанбурхан дэгдсэн. Энэ үед Монголд вакцинжуулалт хийгдэж байсан юм. Түүнээс гадна одоо бусад улс оронд эрчимтэй тархаж байгаа бол манай улсын хувьд ч эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг шүү дээ. Тиймээс сэрэмжлэх нь зүйтэй. Хэрэв улаанбурхан өвчин дэгдвэл дархлаажуулалт хийгдэнэ.
Одоо бол хүүхдүүдэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцин гэж 9 сартайд болон 2 настайд нь хийж байгаа.
Вакцины хувьд 15 жилийн дархлаа тогтоодог. Тиймээс 9 сартайд нь дархлаажуулбал 15 нас хүртлээ дархлаажна гэсэн үг. Тэгэхээр вакцинд хамрагдсан бол улаанбурхан өвчнөөр өвчлөх эрсдэл буурна, туссан ч хөнгөн тусна. Тиймээс улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд маскаа зүүж, гарын ариун цэврээ чанд сахих хэрэгтэй.
-Баярлалаа.
Улаанбурханы вакцин тариулсан хүний өвчлөлийн клиникийн явц хүн бүрт харилцан адилгүй, өөр өөр шинж тэмдэгтэй. Тухайлбал, Улайж үрэвсэх болон Бельский-Филатовын (БФ) шинж огт илрэхгүй буюу сул илрэх мөн дэс дараалсан, дээрээсээ доошоо чиглэсэн тууралтын шинж тэмдэг нь бүдэг бадаг байхаас гадна толгой өвдөх, хоолой өвдөх, хуурай ханиах, шинж тэмдэг илүүтэй илэрч, томуу болон томуу төст өвчнүүдтэй андуурч, эмнэлгийн дотоод халдвар тасаг, өрөөнүүдэд тархаж болох тул халдвар хяналтын арга хэмжээг улам чангатгах шаардлагатай юм.
2016 оноос хойш манай улсад улаанбурхан өвчин дэгдээгүй. Гэвч олон улс оронд энэхүү өвчин дэгдэж буй нь бидэнд ч эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож буй. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлж, үр хүүхэд болон ирээдүй хойч үеэ хамгаалах нь бидний үүрэг юм.