Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар С.Зоригийн хэргийн зарим мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ. Энэ талаараа тэрбээр "С.Зоригийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийн дагуу ялаа эдэлж байх явцад энэ хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, тухайн хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдал байсан учраас хэргийг дахин хянаж үзэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг. Улсын Дээд шүүх уг асуудлыг судалж үзээд өмнө гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Мөрдөн байцаалт удаан хугацаанд үргэлжилсэн. 2022 оны тавдугаар сарын 16, зургаадугаар сарын 30, 11 дүгээр сарын 8 болон энэ оны нэгдүгээр сарын 18-нд мөрдөгчөөс энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа нийслэлийн прокурорын газарт явуулсан. Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сарын 23-нд нийслэлийн Прокурорын газарт хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож байна.
Үүнээс хэд хэдэн үр дагавар гарна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх асуудал шалгагдаж байгаа. Мөн хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр цагдаагийн байгууллагаас бэлтгэж байгаа. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгана. Энэ ажлыг Эрүүгийн цагдаагийн албаны дарга Сүхболд удирдана" гэв.