УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй.
Харин шалгалтын явцад тэрбээр "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн.
Харин тэрбээр энэ хугацаанд АТГ-т мэдүүлгээ өгч, иргэний үүргээ биелүүлж байгаагаа цахим хуудаснаа бичжээ. Ж.Мөнхбат "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.
Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээжээ.