Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Килограмм мах “20К“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 3 секунд

Хаврын урт өдрүүд эхлэх цаг мөчид зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ ханш өсдөг нь “бичигдээгүй хууль” болсон гэхэд хилсдэхгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж буй энэ үед махны үнийн өсөлтөөс иргэдийг “аврах” шийдэл нь нөөцийн мах байдаг. Гэтэл сар гаруйн өмнөөс нөөцийн мах худалдаанд гарч иргэдийн гарт хүрч эхэлсэн хэдий ч худалдааны махны үнэ өссөөр байгаад иргэд бухимдалтай байна.

Тэгвэл манай сурвалжлах баг "Баянзүрх" худалдааны төв, “Хүчит шонхор” захуудад махны нийлүүлэлт ямар байгаа талаар болон нөөцийн махны үнэ тогтвортой байгаа эсэхийг сурвалжиллаа.

Үйлчлүүлэгч цөөнтэй лангууны дэргэдүүр өнгөрөх бүрд “Шинэ хонь, үхрийн мах байна шүү” хэмээн уриалгахан дуудах худалдагч олон таарах аж. Мах худалдан авахаар арай хямдыг бодож зорин ирсэн иргэд “80 сая малтай хэрнээ махныхаа үнийг дийлэхгүй” хэмээн бухимдахтай таарав. Иргэд мах худалдаалах заал орчин нөхцөлийг харахаас илүүтэй махны үнэд анхаарлаа хандуулж, худалдан авалт хийсээр гарч одно. Энэ байдалд худалдаачид ч дассан нь илт. Хямд үнэтэй хэмээн цоллох дуртай ч бодит байдал дээр үнэ өндөр байгааг иргэд хэлж байлаа. Харин махны үнэ өндөр байгааг хэлэх иргэдийн шүүмжлэлд зарим худалдаачдын зүгээс “Нөөцийн мах ч үнэтэй гарсан шүү дээ” хэмээн үг хаях аж.

-ИРГЭН: Цалин, тэтгэвэр нэмэгдсэн зүйлгүй хэрнээ гол нэр төрлийн барааны үнэ өссөөр байгаа нь гайхмаар-

Баянзүрх худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэн Д.Цэрэндолгор “Кг үхрийн мах 20 мянгад хүрэх нь дээ. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн зүйлгүй хэрнээ гол нэр төрлийн барааны үнэ өссөөр байгаа нь гайхмаар. Уг нь улс орнууд уялдуулаад болоод байдаг. Манайд л болохгүй байна даа” хэмээн ярив.

-Үхрийн мах 18500-19500 төгрөг-

Долоо хоногийн өмнөхөн Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Ингэхдээ үхрийн мах 16635 төгрөг гэх дундаж үнэлгээг ҮСХ-ноос танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал дээр ганцхан үхрийн мах л гэхэд долоо хоногийн дотор 16 мянгаас 19 мянга болтлоо өсчээ.

·Үхэр

-18500 төгрөг /Хүчит шонхор/

-19500 төгрөг /Баянзүрх/

-9500-15500 төгрөг /ястай махны жижиглэн худалдааны үнэ/

·Хонь

-11800 төгрөг /бөөний үнэ/

-16500 төгрөг /цул махны жижиглэнгийн үнэ/

-12000 төгрөг /ястай махны жижиглэнгийн үнэ/

·Ямаа

-7800 төгрөг /бөөний үнэ/

-9700 төгрөг /цул махны жижиглэнгийн үнэ/

-11300 төгрөг /ястай махны жижиглэнгийн үнэ/

Махны үнэ өссөнөөр орлогогүй иргэдийг бухимдуулж байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй.

“Иргэд махаа 200-500 граммаар авч байна”

Харин худалдаачид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байсан юм. "Хүчит шонхор", “Банзүрх” худалдааны төвийн махны тасгийн худалдагчид хэлэхдээ “Хүмүүс мах их хэмжээгээр авахаа больсон. 200-500 граммаар авч байна. Цаашдаа махны үнэ одоо байгаагаасаа буухгүй байх” хэмээн ярьж байв.

“Нөөцийн махны үнэ энэ жил нэмэгдэж, худалдаанд гарчээ”

Нөөцийн махны тухайд иргэд шүүмжлэлтэй хандаж буй өнцөг нь үнэ. Энэ талаар иргэн хэлэхдээ “Энэ жил нөөцийн мах үнэтэй худалдаанд гарсан. Чанаргүй мах учраас арга ядсан үедээ л авч хэрэглэж байна” гэв.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 35 байршилд нөөцийн махны худалдаа явуулж байгаагаас одоогоор 2808 ширхэг гулууз буюу 64893 кг махны нөөц үлдэгдэлтэй байгаа юм.

Дээрх цэгүүдэд:

-Үхрийн ястай мах 1кг 10700 төгрөг

-Хониных 1к 8600 төгрөг

-Ямааных 1кг 7100 төгрөгөөр есөн дүүргийн 481 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна. Харин өнгөрсөн 2022 онд нөөцийн үхрийн мах 8900, ямааны мах 7100, хонины мах 7950, харин бүтнээр нь буюу гулуузаар 7750 төгрөгийн үнээр нийт 539 цэгээр худалдан борлуулж байсан.

Харин 2021 оны тухайд үхрийн мах 7700, хонь 6700, ямаа 6200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгдсэн болох нь дээрх үнийн мэдээллээс харагдаж байна. Нөөцийн махны үнийг Засгийн газраас тогтоодог.

Гэхдээ нөөцийн махны худалдах үнийг Хүчит шонхор захын энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн бөөний дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 2950 төгрөг буюу 35.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 4400 төгрөг буюу 53.0 хувиар тус тус хямд үнэтэй байгаа аж.

ШИЛЭН: ТӨБЗГ-ын зарим мэргэжилтнүүд 5-6 ТӨХК-иудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, үндсэн цалингаас гадна 2.5 сая хүртэлх төгрөгөөр давхар ЦАЛИНЖИЖ байна
ШИЛЭН: ТӨБЗГ-ын зарим мэргэжилтнүүд 5-6 ТӨХК-иудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, үндсэн цалингаас гадна 2.5 сая хүртэлх төгрөгөөр давхар ЦАЛИНЖИЖ байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.