Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Гүенбаатар: Б.Тамир ах найруулагч, би зураглаач болж тоглодог минь биеллээ олсон. Одоо “Оскар” гардах л...

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
17 минут 27 секунд

“Монголчууд “Оскар” хүртэх ойрхон байгаа. Найруулагч Б.Тамир ахтайгаа нийлж энэ шагналыг хүртэнэ гэж хэлсэн минь заавал биеллээ олно. Хийсэн хоосон үг биш” хэмээн эрмэг шулуун ярих “Redpoint media”-ийн үүсгэн байгуулагч Г.Гүенбаатар зураглаачтай ярилцлаа.

Бидний гайхшран үздэг “Зура I,II”, “Гаднын нөлөөгүй”, “Маш нууц” зэрэг 30 гаруй кино түүний харах өнцөг, дотоод ертөнцөөр бүтжээ. Ингээд түүний ойрын үеийн уран бүтээлийн олз омог болоод хэрхэн өнөөдрийн “би”-гээ бүтээснийг нь хүргэж байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Хамгийн сүүлд Зура II буюу “Цурам ажиллагаа" кинонд ажиллалаа. Ерөнхий зураглаач, зургийн найруулагчаар ажилласан. Үүний дараа Монголд огт хийгдэж байгаагүй жанрын “Бүүвэй” хэмээх УСК-г хийж байна. Киноны онцлог нь ганц хүн, ганц объектод хэвтээгээр тоглоно гэсэн үг. Цаг 40 минутын хугацаанд үзэгчдийг уйдаахгүй байна гэхээр их сонирхолтой. Энэ киногоороо гаднын улс орнуудтай холбогдож байна. Киноны хар монтаж ажилбарыг хараад Францууд санал тавьж байна.

-Таны хувьд хэд дэх кинондоо ерөнхий зураглаачаар ажиллаж байна. “Redpoint media”-г үүсгэн байгуулсны дараа “Миний ах атаман” киноны хоёрдугаар зураглаачаар ажилласан. Түүний дараа “Маш нууц” кинон дээр ерөнхий зураглаачаар ажиллаж гардаж хийхдээ их л айдастай байсан гэдэг?

-2010 онд “Redpoint media”-г үүсгэн байгуулж байлаа. Хамгийн анх “Миний ах атаман” кинонд хоёрдугаар зураглаачаар ажилласан. Түүний дараа “Маш нууц I” бие даасан уран бүтээл болж таарсан. Зориг дутаж, айж байсан нь үнэн. Өөрийгөө их л голж байлаа. Ингэж л тэр зургийг авах байсан юм гэх мэтчилэн өөрийгөө дутуу үнэлсэн. Кино нээлтэд очмооргүй санагдсан шүү. Нээлт болж кино олон түмэнд хүрснээс хойш олны урмын үгээр тэтгэгдсэн. Тэр үед миний талийгч багш Л.Шаравдорж “Миний хүү зураглаач болжээ. Кино зураглаач болсон байна” гэхэд л надад бүх зүйл сайхан санагдсан.

-Л.Шаравдорж агсанд шавь орох гэж хоёр удаа очсон гэдэг байх аа?

-Их гоё түүх. Анх 2005 онд МУИС-ийн хуулийн ангид тэнцсэн. Хажуугаар нь кино уран бүтээлд багаасаа туслах хийж явсан юм. РТМУС-д миний шүтдэг Л.Шаравдорж багш маань ажилладаг болж таарсан. Улмаар РТМУС-д конкурс өгч тэнцэж байлаа. Олон хүүхдүүд багшийн шавь болж явсан ч надад хангалттай байгаагүй. Би энэ хүний гарын шавь л болно гэсэн зорилт тавьсан. 2007 онд багшдаа цэнхэр хадаг сүүтэй очсон ч “Энэ олон хүүхдүүдэд би бүгдэд нь багш. Би бүгдэд чинь жигд зааж байгаа” гэсэн. Би “Үгүй ээ багш аа би таны гарын шавь л болмоор байна. Надад зааж өг гэсэн” гэсэн ч буцаагаад явуулсан. Хоёр дахь удаагаа очлоо. Мөн л буцаасан. Гуравдахь удаагаа гэрийнхэн нь хаалган дээр очиход “Энэ нэг хүүхэд чинь яасан хэцүү хүүхэд вэ. Өдөр болгон л ирэх юм. За ороод ир гээд доод талынхаа студид оруулж “Чи миний шавь болмоор байвал миний ажилбарыг хар, би чамд план заахгүй” гэж хэлээд шавиа болгож байлаа. Багш маань хослол зургийн нэрт мастер хүн шүү дээ. Хослол зургаар би юм сурсан ч яг одоо график хөгжсөн энэ үед кино хийх боломж нь ховор байна. Хоёрдугаарт киноны зургийн кадрт өгүүлэгдэж байгаа зүйлийг их заасан. Миний авсан кадрын талаар бид их ярилцдаг байсан нь өнөөдрийн ийм болоход минь их тус дэм болсон.

-Хөгжиж чадсан хүн л хол явдаг гэж боддог. Та анх РТМУС-д орсноосоо хойш одоо өөрийгөө харахад хэр хөгжиж чадсан юм шиг харагдаж байна?

-2010 оноос хойш их л юм үзлээ. Уран бүтээлээрээ унаж, босож үзлээ. Шүүмжлүүлж, сайшаалгаж ч үзлээ. Энэ хугацаанд 30-аад кинонд ажилласан байна. Миний өөрийн хичээл зүтгэл нөлөөлсөн гэж боддог. Аливаа зүйл дээр шунадаг зан чанар маань бүтээлийн чанарт нөлөөлдөг байх. Юманд сэтгэл зүрхээ гаргаад шунаж чадахгүй бол солгой гараараа хийснээс өөрцгүй. Миний хийсэн кинонууд Гүенбаатар гэдэг хүний төсөөлөл нүдээр л хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр киног миний нүдээр л үзэгчид хүлээж авч байгаа гэсэн үг. Анх зохиол уншихад л би өөрөө өөртөө шинэ орон зай, ертөнцийг бий болгож харах өнцгөө хүртэл тооцоолдог. Миний харааны ертөнцөөр л хүмүүс үздэг учир би маш их зүйл сурах хичээх хэрэгтэй болдог. Харин одоо байгаа миний түвшин болоогүй. Энэ бол зөвхөн эхлэл байхгүй юу. Найруулагч Б.Тамир ах бид хоёр чинь үеэлүүд. Хар бага наснаасаа нэг нь камер бариад, нэг нь найруулж байна гэж тоглодог байлаа. Жаахан дүү нараараа жүжиглүүлж байгаа юм. Б.Тамир ах ингэ тэг, би болохоороо энэ талаас нь зургийг нь авъя гээд л. Магадгүй энэ зүйлүүд маань одоо биеллээ олж байгаа байх.

"Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүн эгогоо тэтгэж зоригжуулах хэрэгтэй"

-Б.Тамир ахтайгаа хамт “Оскар” гардана гэсэн байсан. Сэтгэлд тань багтаж байна уу?

-Багаасаа бид хоёр мөрөөддөг тоглодог байсан зүйлийн маань гол үндэс нь тэр байхгүй юу. “Оскар” гэхээр манай үзэгч, уран бүтээлчид хол мэт санадаг. Гэтэл яг үнэндээ ойрхон. Бид нар чадна. Хүмүүс энийг хараад ямар онгироо юм гэж магадгүй. Гэхдээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүн эгогоо тэтгэж зоригжуулах хэрэгтэй. Манай Ази кинонууд “Оскар” аваад эхэлсэн шүү дээ.

-Тоглох ондоо. Одоо Б.Тамир найруулагчтай уран бүтээлд хамтрахдаа зарчмын хувьд ойлголцлын зөрүү гарах уу?

-Бид хоёр ах дүүс хэдий ч ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэдгээ маш сайн салгадаг. Ажил дээр Тамираа ах намайг дүүгээ гэж харахгүй. Хэдий ажил дээр санал зөрөлдөх маргалдаан гарсан ч бид хоёр сүүлд нь сайхан тэврэлдчихдэг. Харин олон уран бүтээл дээр хамт ажиллаад ирэхээр хүссэн хүсээгүй харцаараа нэгийгээ ойлгодог болдог. Ганц найруулагчтайгаа ч биш дуу, гэрлийнхэнтэйгээ ч амархан ойлголцдог болчихдог.

-Түрүүн та хуулиар шалгалт өгөөд тэнцсэн гэсэн. Гэтэл яагаад зураглаач болоод “шуналтай Гүеэ” гэдэг нэрийг автлаа энэ салбарт дурлах болов?

-МУИС-ийн хуулийн сургуулийн төлбөр өндөр байсан. Гэхдээ хуульдаа нэг их сонирхол байгаагүй. Намайг хөтөлдөг зүйл урлаг л байсан юм билээ. Манай багшийн хүү Ш.Даваахай гэж мундаг оператор байлаа. 10 жилд байхдаа л “Уулын төмөр” кинонд туслах хийсэн. О.Бат-Өлзий ахын “Ноён солиот” кинонд тусдах хийж байхдаа л Ш.Даваахай ахыг харж ямар гоё юм бэ гэж боддог байлаа. Тэр үед Ш.Даваахай ах надад “гөлчий” камер өгч кино бүтсэн түүх хийгээрэй гээд өгсөн. Ш.Даваахай ахыг зураг авч байхад хажууд нь нөгөө камераараа план барьдаг хүүхэд байсан. Ш.Даваахай ах “Энэ нэг юм хүн зураг авхуулахгүй хажууд план барьчхаад бас кино хийгээд байгаа бололтой байдаг юм” гээд л өхөөрддөг байсан. Харин сүүлд Ш.Даваахай ахын аав нь “Мандухай цэцэн хатан” киног хийсэн Л.Шаравдорж гэдэг хүн юм байна гэж мэдээд би РТМУС-д конкурс өгсөн. Ингээд л өнөөдрийг хүртэл явлаа шүү дээ. Нэг сонирхолтой юм ярихад 10 жилээ төгсөхөд багш “А” үсэг заадаг даа. Тэр үед багш маань бид нарт цаас өгч ирээдүйд ямар хүн болохыг бичүүлсэн юм билээ. 20 гаруй жилийн дараа ангийн уулзалтын үеэр нөгөө цаасыг өгсөн. Тэгсэн миний бичсэн цаасан дээр зохиол бичих дуртай, ирээдүйд кино зураглаач болно гэж бичсэн байсан. Тэр маань намайг өнөөдрийг хүртэл хөтөлсөн байгаа юм. Одоо би урлагаас өөр зүйл хийж чадахгүй байх.

-Угийн л өгөгдөл байж дээ?

-Би хүн хар багаасаа юу хүснэ түүгээрээ л явсан дээр гэж боддог. Манайхан хүүхдээ дургүй юманд хүчилж явуулаад байдаг нь ажиглагддаг. Хүсэж л байгаа бол тэр зүйлээ хийгээд хөдөлмөрлөхөд чиний цаг ирнэ. Харин цаг нь иртэл өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж боддог. Хүний хүсэл зорилго л үнэ цэнтэй гэдгийг би ойлгосон.

-Та тэгвэл өөрийнхөөрөө л явж. Гэхдээ ар гэрийн зүгээс нэг ч удаа эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй юу?

-Ар гэрийнхэн анхнаасаа л ойлгосон. Эхнэр маань эхлээд бухимддаг байсан ч сүүлд нь мөн л ойлгосон. Харин зураглаач болоход маш том дэм болсон хүмүүс бол О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёр маань шүү дээ. Гэр бүлээрээ уулзаж байхад зөвлөсөн хүмүүс байгаа юм.

-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд та бас ажиллаж байсан гэдэг байх аа?

-Тавдугаар ангийн хүүхэд байж. Б.Тамираа ахтай хамт явж байлаа. Хар бор хамаг ажлыг нь хийгээд л.

"Гарын шавь Н.Эрдэнэсайхан маань "No rules" киног ганцаараа монтажлаад явж байна"

Зургийн тодорхойлолт алга байна.

-Одоо таны хувьд хар багаасаа олж авсан, сурсан мэдсэн зүйлсээ шинээр гарч ирж байгаа дүү нартаа сургах, чиглүүлэх тал дээр хэр анхаарч байх юм. Гарын шавьтай болсон уу?

-Би маш тоотой, чанартай дүү нарыг бэлдэхийг хүсдэг. Миний шавь гэхээсээ илүү дүү нар гэж яръя. Яг гарын дүү нар гэх юм бол Н.Эрдэнэсайхан /Эрка/, н.Мөнхбаяр /Гаабий/, хоёр байна. Манай Эрка маань “No rules” киноны бүтэн монтажийг хийж, эвлүүлгийн найруулагчаар явж байгаа. 37-р точка киног монтажилсан. Одоо бие дааж уран бүтээл хийгээд явж байна. Н.Мөнхбаяр надтай долоон жил явсны үндсэн дээр одоо бие дааж ажиллах, хариуцлага үүрэх чиглэлээ авч байна. Эхнээс нь бэлдэж л байна. Би нэг зүйлийг залуучууд дүү нарт хэлдэг. Олон залуус танаас юм сурмаар байна гэж ирдэг. Тэг л гэдэг. Хүсэл зорилго алсаа харж байвал байж бай л гэдэг. Гэтэл зарим нь зургаан сарын дараа жаахан юм мэдэж аваад л би болчихсон гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй л байхгүй юу.

-Гадаадын кино уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна уу. Зураглаачийн ажлын хувьд харьцуулахад?

-Би Солонгосчуудтай хамтарч ажиллаж байсан. Огт өөр зүйл байхгүй. Зарчим талаасаа ярих юм бол 10-20 хүн баг болж ажиллаж байх жишээтэй. Зөвхөн камерыг нь нарнаас хамгаалж шүхэр барьж зогсдог хүн гэхэд тусдаа байдаг гээд л бод. Монголд бол тийм боломж нь ховор. Хэчнээн төгрөгт кино бүтдэг билээ дээ. Тийм болоход санхүү л жаахан дутах юм. Тэрнээс чадвар нь бол байгаа. Бидний хийсэн “Сорил” гэдэг кино “Bucheon International Fantastic Film Festival”-д шалгарчихсан биднийг дуудаж байх жишээтэй. Гаднынхан болон Netflix-ийн төлөөлөгчид үзээд “энэ кинон дээр гаднынхан ажилласан юм уу. Монголчууд яг өөрсдөө ажилласан уу” гэж асуусан. Бид өөрсдөө хийсэн юм аа гэхэд Монголчууд гадагшаа гарах цаг нь болсон байна гэж Netflix-ийн төлөөлөгчид хэлсэн. Ажилбарын хувьд бол шал ондоо. Манай нэг хүн бүх л зүйлийг хийчихдэг шүү дээ.

-Хөрөнгө санхүү гэснээс сүүлийн үеийн кинонууд чинь тэрбум төгрөгөөс буухаа больсон шүү дээ. Зураглаачид ирэх хувь нь хэр байдаг бол?

-Хувь уран бүтээлчийн ур чадвараас шалтгаална. Яг тогтсон төд эд гэсэн зүйл үгүй. Манай зах зээл том байсан бол бид амьдралаа хангалтай аваад л явчих байсан байх. Уран бүтээлийн арын албаны дүү нар маань яг үнэндээ тийм хангалттай авдаг гэж би хэлэхгүй. Цалин бол бага ажилладаг шүү дээ. Хэдий өндөр өртгөөр бүтэж байгаа ч урсгал зардалдаа явчихдаг. Монголын нөхцөлд бол тэгж хангалттай хөрөнгө орж ирэх ч боломжгүй л байна.

-Netflix-ийн талаар түрүүн дурдсан. Ингэхэд та хэд Netflix-д гарах кинон дээр ажиллаж байгаа байх аа?

-Түүхэн сериал кино хийхээр Netflix-тэй “Фантастик” продакшн хамтрахаар ажиллаж байгаа. “Хүннү” гээд нэлээд том төсөл. Тэр төсөлд ерөнхий зураглаачаар ажиллана. Зураглаачийн групп 40 гаран хүнтэй л ажиллах байх. Тухайн кино маш том уран бүтээл учраас олон хүн ажиллах байх. Бэлтгэл ажил нь л гэхэд 2-3 жил болж байна шүү дээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

-Хамгийн сүүлийн асуулт. Зураглаач зураг авч байх үед эрсдэлтэй хэр нүүр тулах вэ?

-Ер нь асар эрсдэлтэй мэргэжил шүү дээ. Гадны нөлөөгүй л гэхэд 9 давхрын шатан дээр өөрсдийгөө уяагаар боогоод л зургаа авч байгаа юм. Энэ бол зураглаач хүний шунал байхгүй юу. Зураг авах тэр цаг хугацаа ахиж олдохгүй. Жишээ нь “Зура I” кинонд 22 давхарт зураг авахдаа би суудаг кранаа зоож, байшингаасаа илүү гарч планаа өргөтгөж байж зургаа авсан. Агаар дээр кран хугарвал яах уу, 22 давхарт салхинд цохиулаад унавал яах уу гээд л эрсдэл шүү дээ.

Эцэст нь хэлэхэд юмыг суръя, мэдье гэсэн шунал хүнд байх учиртай. Би хөгширтлөө, магадгүй үхэн үхтлээ энэ шуналаа хадгалсаар байх болно.

Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.