Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хуйрнан шуугигч” А.Даваабаатар: Үндэсний бөхөөр П.Бүрэнтөгс аварга, жүдогоор Ц.Цогтбаатар ах шиг л хүн болно

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 51 секунд

“Хуйрнан шуугигч” барилдаанд 32 удаа тасралтгүй түрүүлсэн А.Даваабаатар хүү өдгөө жүдо бөхөөр хичээллэж Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар ах шигээ л болно хэмээн ярьсаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Харин үндэсний бөх “Монголчуудын соёлын өв бусдаас ялгарах нэг онцлог учраас П.Бүрэнтөгс аварга шиг ёс жудагтай тамирчин болохыг хүсдэг” хэмээн бидэнд хэлж байлаа. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-Бэлтгэл сургуулилтын хажуугаар хичээлдээ хэр анхаарч байна даа?

-Сурахаа орхиж болохгүй гэж аав, ээж дандаа хэлдэг учраас шамдаж л байна. Гэхдээ тийм ч онц сурахгүй л, дундаас дээгүүр сураад байх шиг. Харин бэлтгэлээ таслахгүй маш сайн хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 20-доор жүдогийн улсын аваргын тэмцээн болох сурагтай. Тиймээс сайн бэлдэх шаардлагатай байгаа юм.

-Камерын өмнө сандрахгүй байх чинь. Хэзээнээс яриа өгөөд сурчихсан хүн шиг. Анх сандарч байв уу?

-Олон өгөөд байхаар сурдаг юм байна. Анх сандраад хэцүү л байсан.

-Анх “Хуйрнан шуугигчид” барилдахдаа хэр сандрав?

-Анх таван настай байхад аавтайгаа хамт очиж барилдаж байсан юм. Тэр үед хэр сандарч байснаа төдийлөн санахгүй байна. Ямартай ч эхлээд барилдахдаа гурав даваад өвдөг шороодсон. Харин хоёр дахь удаагаа мөн л уначихсан. Гуравдах удаагаа барилдахдаа хүрэл медаль авсан нь надад үнэхээр гоё санагдсан. Түүнээс хойш “Хуйрнан шуугигчид” 32 удаа түрүүлээд ноднин жил нас маань хэтэрсэн учир хасагдаж жүдо бөхөөр барилдах болсон. Жүдогоор хичээллэж эхлээд гурван мөнгө, нэг алтан медаль хүртсэн. Саяхан Д.Нармандах гавьяатын барилдаанаар медаль хүртсэндээ баяртай байгаа.

-Барилдах чамд юу нь гоё санагддаг юм бэ?

-Надад бүх зүйл нь л сайхан санагддаг. Би барилдахгүйгээр, бөх үзэхгүйгээр удаан байж чаддаггүй. Үндэсний бөхөөр П.Бүрэнтөгс аварга, О.Хангай аварга шиг хүн болно гэж боддог. Мөн би нутгийнхаа бөх болох Б.Гончигдамба, М.Лхагвагэрэл зааныхаа барилдааныг үзэх дуртай. Бөхийн өргөөнд орж бөх үзэхээр яагаад ч юм цаанаасаа гоё санагдаад байдаг юм. Намайг бөхийн өргөөнд бөх үзэхээр очиход зарим хүмүүс аварга явж байна зургаа даруулчихъя гэдэг шүү. Харин жүдо бөхөөр бол Ц.Цогтбаатар ах шигээ л хүн болно гэж боддог юм. Одоо би 12 настай. 26 юм уу, 27 насандаа олимпын аварга болоод эх орныхоо нэрийг гаргаж байна гэж мөрөөддөг.

-Ёс жудагтай байх талаар ярилаа. Чи жудагтай гэж боддог аваргуудтайгаа уулзаж үзсэн үү?

-Үндэсний бөх чинь тэр чигтээ бидний онцлог, өв соёл шүү дээ. Тийм учраас үндэсний бөхөөр хичээллэсэн манай найзууд тун жудагтай томоотой байдаг. Бас их тэвчээртэй болдог. Аваргуудтайгаа уулзаж үзсэн. О.Хангай аваргаас би нэг удаа тарвас худалдаж авсан юм. Тэгсэн чинь надад “сайн барилдаж, сайн бөх болоорой. Өөрөөсөө том биетэй хүүхэдтэй битгий барилдаарай. Зүрх чинь үхээд хашир болчихно” гэж хэлсэн. Тэр үг надад урам өгсөн. Ц.Цогтбаатар ахтайгаа уулзаж амжаагүй л явна.

-Үндэсний бөхөөр барилдаж байгаад шууд жүдогоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл гарч ирэв үү. Эсвэл давуу тал болж байна уу?

-Би чинь үндсээр барилдахдаа дандаа хөл мэх хийдэг байсан. Хөл авах, хутгах, хавирах гээд л. Тэгсэн жүдо бөх чинь хөлд орохыг хориглодог дүрэмтэй. Би юм л бол хөлд орчих гээд тун тээртэй байсан. Гэхдээ одоо алзахгүй болсон. Барилдааны бичлэг үзэх, ааваараа зарим зүйлийг заалгах, бэлтгэл дээрээ мэхээ сайн давтсаар байгаад одоо жигдэрчихсэн.

-Аав нь их юм зааж сургадаг байх нь?

-Намайг заримдаа унахад аав зааж зөвлөдөг. Гэхдээ миний хүү өөрөөсөө хөнгөн жинтэй хүүхдийг хамаагүй ширүүн унагаж болохгүй. Аль болох гэмтэж бэртэхгүй уян хатан байх хэрэгтэй гэх мэт олон зөвлөгөөг өгдөг юм. Манай аав хүүхэд байхдаа барилддаг байсан гэсэн. Гэхдээ одоо барилддаггүй л дээ. Жаахандаа барилддаг байсан болохоор ч тэр үү надад гоё зөвлөгөөнүүдийг өгдөг. Гэхдээ би шууд аавын хэлснээр мэх хийх нь ховор. Тухайн цаг үедээ ямар мэх хийж болохоор байна түүндээ тааруулдаг.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байна. Чамд өөр хобби байгаа юу?

-Бөх л болох байх даа. Би барилдахаас гадна сагс тоглох их дуртай.

-Ингэхэд чиний нэрийг хэн өгсөн юм бэ. Аав чинь улсын харцага Ө.Даваабаатарын барилдааныг их дэмждэг байсан болохоор ингэж нэрлэсэн юм болов уу?

-Би мэдэхгүй байна. Тийм юм болов уу. Ааваасаа асуугаад хэлнэ ээ.

-Чи допинг хэрэглээд байгаа бөхчүүдийг юу гэж боддог вэ?

-Сайхан шударга л байх хэрэгтэй. Допинг маш буруу л гэж боддог доо. Наадмаар нэг, цагаан сараар нэг допинг хэрэглэсэн бөх илэрсэн байна билээ. Би лав том болоод хэрэглэхгүй. Өөрийнхөө хүчээр барилдаад л унавал унаад давбал давна гэж боддог. Тийм учраас ах нартаа ч бас битгий допинг хэрэглэж нэр төрөө унагаарай гэж хэлмээр санагддаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Отгонцэцэг: Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахдаа хамгийн түрүүнд өөрсдийн сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй
Г.Отгонцэцэг: Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахдаа хамгийн түрүүнд өөрсдийн сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.