Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Отгонцэцэг: Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахдаа хамгийн түрүүнд өөрсдийн сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 13 секунд

Бид сэтгэлзүйн талаар төдийлөн мэддэггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, ойлгоход хэцүү байдаг. Тийм ч учраас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн толгойны өвчин нь хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцахаа төдийлөн мэддэггүйгээс үүдэн стресстэх, үл ойлголцох асуудал байдаг биз. Тиймээс өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог хийгээд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах вэ гэдгийг зөвлөх үүднээс Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Хамгийн түрүүнд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцъя?

-Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог нь сэтгэл хөдлөл тогтворгүй болох, найз нөхдийн харилцааг чухалчлах, өөрийгөө ойлгох гэж хичээх мөн бусдад өөрийгөө батлан харуулах хүсэл гээд нийгэмтэйгээ харилцаж, өөрийгөө таньж мэдэх эхэн үе байдаг. Тийм учраас маш эмзэг, нандин үеүүдийх нь нэг гэсэн үг.

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хамгийн их сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?

-Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд Монголд гэлтгүй дэлхийн анхаарлын төвд байна. "Оптимал Эн Макс" компаниас 2022 онд гаргасан "Монголын Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс судалгаа"-нд өсвөр насныханд эцэг эхийн биеийн болон үгэн хүчирхийлэл, дээрэлхэлт нь өөрийгөө гэмтээхэд хамгийн их нөлөө үзүүлж гэсэн үр дүн гарсан.

-Сэтгэлзүйн хувьд бүрэн төлөвшөөгүй байгаа учраас өмнө нь тулгарсан аливаа саад, бэрхшээлийг даван туулж чадахгүй байгаад байна уу эсвэл өөр шалтгаанууд байгаа юм болов уу?

-Бүрэн төлөвшөөгүй эсвэл аливаа асуудлыг даван туулж чадахгүй байна гэхээс илүү гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа мөн тухайн хүүхэд нийгмийн харилцаанд хэр сэтгэл ханамжтай байгаа вэ гэдэг хамгийн чухал. Энэ нь ч өсвөр насны хүүхдүүдийг аливаа тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэдэгт мөн хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийн суурь хүчин зүйл нь болж байгаа юм.

Харин үүний дараа нийгмийн дэмжлэг буюу сэтгэл зүйн дэмжлэг, урам зоригийн дэмжлэг, биет дэмжлэг, мэдээллээр хангагдах дэмжлэг хэр авч байна вэ гэдэг нөлөөлдөг.

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал тогтворгүйгээс үүдэн хүүхдүүд яаран алхам хийх гээд байдаг мэт санагдсан. Жишээлбэл, амиа хорлох оролдлого ч юм уу. Үүнийг мэргэжлийн үүднээс хэрхэн дүгнэдэг юм бэ?

-Ер нь бол өсвөр насныхан ч бай насанд хүрсэн том хүн ч бай тухайн шийдвэрийг шууд л гаргачихдаггүй гэж үздэг. Ямар нэгэн байдлаар ойр тойрны хүмүүстээ хэлсэн байдаг. Тэр нь заавал үгээр хэлэхгүй ч үйлдлээрээ харуулж байдаг.

Жишээлбэл, Таны хүүхэд сүүлийн үед өөрчлөгдсөн үү, дуугаа хураах, хичээлдээ явах дургүй болох, ихэнх хугацаанд гунигтай байх, сонирхдог зүйлсээ сонирхохоо болих, өөрийгөө тусгаарлах, найз нөхдийн талаар ярихаа болих, жижиг зүйлс дээр ч маш их уурлах, төвөгшөөх, өөртөө итгэлгүй болох, нойр, хоолондоо муудах, амьдралын идэвхгүй болох, байнгын ядарсан байх, анхаарал төвлөрөлт муудах, өөрийгөө гэмтээх, өөрийн гадаад байдалдаа анхаарахаа болих, амиа хорлох тухай тоглоом хийж ярих гэх мэт зүйлсийг ажиглаад үзээрэй. Мэдээж шууд өөрийгөө гэмтээх гэж байна гэж тодорхойлохгүй ч хүүхдэд ямар нэгэн асуудал байгаа бол бага байгаа дээр нь хүүхдэдээ анхаарч ярилцаж өөрийг нь ойлгож буйгаа, чухал үнэ цэнтэй, итгэж буйгаа илэрхийлдэг байхыг эцэг эхчүүддээ зөвлөе. Мөн хүүхэд нь нэг л биш байна гэж бодож байвал мэргэжлийн хүнээс тусламж үйлчилгээ авдаг байх хэрэгтэй.

-Тэгвэл эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ. Хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй, ойлголцохгүй байгаа учраас хүүхэд зарим тохиолдолд болчимгүй шийдвэр гаргадаг юм болов уу?

-Хүүхэд өсвөр насандаа өөрчлөгдөж эхэлдэг. Энэ үед эцэг эхчүүд би хүүхдээ мэднэ, ийм биш гэх мэтээр хүүхдээ өөрийнхөө хүссэнээр байлгах тохиолдлууд бий. Гэтэл хүүхэд нь өсөж том болж өөр шинэ үзэл бодолтой болж тантай санал нийлэхгүй ч тохиолдол гарна.

Хүүхдээ бодит байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байх буюу хүүхдийнхээ нас болон өөрийнх нь онцлогийг хүлээж авахгүй байх мөн шүүмжлэх, үнэлэхгүй байх, бусадтай харьцуулах, уурандаа таагүй үг хэлэх, цаг гаргахгүй байх зэрэг харилцааны асуудлууд түгээмэл тохиолддож байна. Энэ нь л хамгийн их түгээмэл алдаа болдог.

-Та мэргэжлийн хүний үүднээс эцэг эхчүүдэд бас өсвөр насныханд хандаж сэтгэлзүйгээ зөв удирдах мөн хүүхдүүдтэйгээ зөв харилцах харилцааны талаар зөвлөгөө өгөөч?

-Хамгийн түрүүнд эцэг эхчүүд өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хосын харилцаандаа анхаарах хэрэгтэй. Та сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байвал хүүхэд нь ч тайван байх магадлал өндөр болно. Сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байх үед хүний тархины урд хэсэг сайн ажилладаг. Энэ нь таныг аливаа асуудлыг логикоор харж сэтгэл хөдлөлөөрөө бус ухаанаар шийдэхэд тусалдаг.

Хүүхдээ шүүмжлэхгүй, зөвлөх гэж яаралгүй, бодлоо тулгахгүй хүн гэдэг утгаар нь хүүхдээ хүлээн авч сонсоорой. Хүүхдээ хэрхэн өсгөх талаар шинэ мэдээлэл авч, ярилцах олон төрлийн арга техникүүдэд суралцаарай гэж зөвлөмөөр байна. Хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад, зөв шийдвэр гаргаж сурахад, бусдыг даган дуурайхгүй байхад таны үлгэр дуурайлал, таны өгч буй мэдээлэл хамгаас чухал юм шүү. Бид мэдээллийг харилцаагаар дамжуулж өгдөг шүү дээ. Тиймээс та ч гэсэн харилцааны ур чадвар болон мэдлэг мэдээллээ нэмэгдүүлээрэй гэж зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.

“Шимт сүрэг“ мал аж ахуйн цахим зах нээгдлээ
“Шимт сүрэг“ мал аж ахуйн цахим зах нээгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.