Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боломжгүйг боломжтой болгосон ДАУНТАЙ ЖҮДОЧ Г.ӨЛЗИЙБАТ...

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 9 секунд

“Жүдо оо жүдо оо” хэмээн үеийн найзуудаа давчхаад цээжээ дэлдэн онгирох энэ хүүг Г.Өлзийбат гэдэг. Эхээс мэндлэхдээ дауны хам шинжтэй төрсөн ч бууж өгөлгүй, өөрийгөө сорьж, үеийнхнийгээ түүчээлж яваа тэрбээр 17 настай. Түүний хувьд жиюү жицүгийн улсын аваргын алтан медалийг хоёронтоо хүртэж өдгөө тусгай олимпод, Г.Отгонцэцэг багшийн удирдлага дор хичээллэж байна.

Түүний ээж Б.Ганганмөрөнгийн хувьд, хүүгээ “Олимпод оролцох нь битгий хэл улсын аваргаас медаль аваад зогсож байна гэж зүүдэлж ч байгаагүй” хэмээн ярьж байлаа. Г.Өлзийбат өөрөө маш уян зөөлөн сэтгэлтэй, тууштай учраас өөрийн хүч хөдөлмөрөөр тусгай сургуулиас энгийн сургуульд элсэж суралцах болжээ.

“Даунтай хүүхдийг гадуурхдаг өрөвддөг хандлага устаж буй нь...”

Нийгэмд дауны хам шинжтэй хүмүүсийг гадуурхдаг, өрөвддөг, шоглодог. Нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага, хэвшмэл ойлголт тун саяхныг хүртэл байсаар ирсэн.

Гэтэл Г.Өлзийбат хүүг тусгай сургуулиас энгийн сургуульд шилжин суралцах үед ангийн сурагчид болоод багш нар нь тун найрсаг хүлээн авсанд түүний ээж их олзуурхаж байгаа аж. Мэдээж энгийн сургуульд суралцаж бусад хүүхдүүдтэйгээ мөр зэрэгцэхийн тулд Жиюү жицү, жүдо, теннис гээд л түүнд хичээллэж үзээгүй спорт тун ховор.

“Спорт хүнийг хүмүүжүүлдэг нийгэмшүүлдэг учраас миний хүү чанга эр болж байх шиг байна. Үе тэнгийн нөхдөдөө гадуурхагдахааргүй болтлоо хөгжиж чадна гэдэг томоос том амжилт шүү” гэж түүний ээж хэлж байсан юм.

Харин үеийн нөхөд нь “Өлзийбат андаа баяртай. Наад хөлсөө арчаач броо” гэх мэтчилэн тун дотночилдог. Гэхдээ даунтай хүүхдүүдэд болон эцэг эхэд нь хамгийн хүндээр тусдаг дээр дурдсан “гадуурхал” гэх гаж үг бүр мөсөн арилж устсангүй. Гадуурхдаг, дээрэлхдэг, өвчин тахал мэт хүлээж авдаг, хүүхдээ түүнтэй л битгий найзлаарай гэж хэлж тэдний зүрх сэтгэлийг шархлуулдаг хүмүүс нь нөгөөд л нэг томчууд нэртэй “багачууд" байдаг гэнэ.

“Эхлэл рүү. Даунтай хүүхдийн эцэг эхчүүд эхлээд хүлээн зөвшөөрөх дараа нь ойлгох, тэгээд хязгааргүй ихээр хайрлаж эхэлдэг”

2006 онд Г.Өлзийбатыг төрснийх нь дараа дауны хам шинжтэй гэдгийг нь нярайн эмчээс сонсжээ. Б.Ганганмөрөн дауны синдромын талаар ямар ч ойлголтгүй байж. Эмч нар дауны хам шинжтэй хүүхдүүд урт насалдаггүй, өвчин ороодог хэмээн хэлж байжээ.

Гэсэн хэдий ч тэр өнөөдрийг хүртэл бууж өгөөгүй шигээ эхлээд хүлээн зөвшөөрөх гэж, дараа нь ойлгох гэж үзээд тэгээд хязгааргүй их хайрласан гэх мэт нарийн үе шаттайгаар үзжээ. “Анх дауны хам шинж гэдгийг ойлгоогүй учир хүн амьтнаас нууж явсан үе ч надад бий” хэмээн Б.Ганганмөрөн ярьсан юм. Ээж хүү хоёр өдгөө хоёулхнаа амьдардаг учир бие биедээ түшиг дэм болж яваа хүмүүс гэдгээ ч нуулгүй хэлсэн билээ. Тэр хоёрыг хичээлдээ явж бэлтгэл сургуулилтдаа хамрагдахад ээжийнх нь ажлын газрын хамт олон, найз нөхөд, хамаатан саднууд ч гэсэн чамгүй тус хүргэдэг.

Г.Өлзийбат “ээждээ хайртай, жүдо” гэх үгнүүдийг хамгийн их хэлэх дуртай нэгэн аж. Тэрбээр бидэнд ярилцлагын дундуур жүдогийнд дөрвөн мэх зааж, өөрөө тайлбарлаж өгсөн юм.

Г.Өлзийбатын өглөө 06:30 цагт эхэлдэг байна. Хичээл 08:00 цагаас эхэлдэг тул өглөөний цайгаа уучхаад ээжтэйгээ хамт сургуулийн зүг хөдөлнө. Хичээлээ тараад жүдогийн бэлтгэлдээ явна. Ээж нь орой ажлаа тараад очиж, авна. Тэдний амьдрал ийм л тойрогт өнгөрдөг. Анх дауны хам шинжтэй хүүхэд асрамж их шаарддаг, аав, ээж хоёрынх нь аль нэг нь гэртээ хүүхдээ хараад байдаг гэсэн төсөөлөлтэй байсан ч бүх зүйл эсрэгээ байсан тухай түүний ээж ярилцлагын үеэр онцолсон юм.

Мөн тэрбээр “Амьдрал ердийн сайхнаараа. Хүү маань хэнд ч төвөг болдоггүй. Бие засахаас эхлээд, хувцсаа өмсөх, дэлгүүр гарах гээд бүгдийг нь өөрөө хийчихдэг” хэмээн инээмсэглэж байлаа.

Тэрбээр, ярилцлагын төгсгөлд хүмүүс анх хүүг нь хэрхэн хүлээж авч байсан тухай ярьсан юм. “Өөрт тохиолдоогүй үед хүн юу ч анзаардаггүй юм билээ. Дауны хам шинжтэй хүүхэдтэй болчхоод гадуур явж байхад хүмүүс байнга л эргэж харна. Эхэндээ ийм үйлдэлд төвөгтэй байлаа. Цахилгаан шатанд суусан ч хүүхэд рүү минь хараад л. Одоо бол ийм юм тоохоо больсон. Хүү минь л жаргалтай байвал боллоо. Би өмнөөс нь санаа зовоод, гутраад, шаналаад байх шаардлагагүй. Намайг сонгоод, жаргах гээд л ирсэн хүн шүү дээ, хүү минь. Үлдсэн бүх амьдралаа түүнийхээ сайн сайхны төлөө зориулна” хэмээн хэлсээр бидний яриа өндөрлөсөн юм.

Улаанбаатарт -1 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Улаанбаатарт -1 хэм хүйтэн, ялимгүй цас орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.