Цахим орчинд хөгжилтэй бичлэгүүдээрээ олон нийтийн анхаарлын төвд өртөж чадсан залуу болох Х.Одхүүтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Юуны өмнө өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Ихэнх хүмүүс өөрийг тань хийж, байршуулдаг видеогоор нь л мэддэг. Ямар мэргэжилтэй вэ?
-Намайг Х.Одхүү гэдэг. Одоо 24 настай. Ардын бүжигчин мэргэжилтэй. Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажилладаг.
-Бүжигчин мэргэжилтэй юм байна шүү дээ. Ямар нэг хамтлагт харьяалагддаг уу?
-Манай нагац ах бүжиг дэглээч хүн байсан. Намайг таван настай байх үед надад бүжиг зааж байсан юм. Тэр үед л бүжгийн талаар ойлголттой болж байсан л даа. “Жалам хар” гээд ганцхан бүжигтэй. Тэр бүжгээрээ бараг бүх тэмцээн, уралдаанд бүжиглэж оролцдог. Тэгж явсаар 2013 онд Хөгжим бүжгийн коллежид орж ардын бүжгийн мэргэжлээр суралцаж төгссөн. Дараагаар нь Үндэсний урлагийн их театрт ажиллах болсон. Ажилд гарсны дараа надтай адилхан сонирхолтой бүжиглэдэг найзуудтай болсноор бүжгийн бүх төрлийг сонирхож, бүжиглэх болсон. Одоо “Hungry Boys” гэдэг хамтлагт харьяалагддаг. Үе тэнгийн, санаа нийлсэн залуус бий.
-Бүжигчин болно гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ. Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?
-Манай эмээ дуучин хүн байсан. Өөрөөр урлагийн хүн манай гэр бүлд байхгүй. Ер нь бүжигт өөрөө их дуртай байсан. Гэрийнхэн маань урлагийн үзлэг, уралдаан тэмцээнүүдэд оролцохыг дэмждэг, бүжиглүүлэх их дуртай байсан. Яг бүжигчин болно, ХБК-д суралцана гэхэд эхэндээ дурамжхан байсан шүү. Тухайн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд амьдардаг байсан болохоор их гайхаж хүлээж авсан. Тэнцсэн гэдгээ хэлэхэд “Чи өөрөө дуртай байвал яв, яв” гээд зөвшөөрч байсан.
-Тэгвэл бүжигчин залуу яагаад богино видео хийх болов. Бичлэгүүдийнхээ санааг хэрхэн яаж олдог вэ?
-Би ер нь алиа хошин зантай хүн л дээ. Найз нөхөд, ойр дотнынхоо хүмүүстэй байх үедээ маазрах үе зөндөө гарна. Түүнийгээ видео болгоод хадгалаад авчихдаг. Анх бол дандаа болсон үйл явдлыг дурсамж болгох үүднээс оруулдаг байсан л даа. Тэгж байгаад үүнийгээ тавилттай болгож өөрчилбөл хүмүүс хүлээж авах байх гэж бодсон.
Бичлэгийн санааны хувьд найзуудтайгаа ярилцаж байгаад олдог. Найз нөхдийн хооронд жижигхэн инээдтэй зүйлс дандаа л тохиолдож байдаг шүү дээ. Жишээ нь онигоо сонсдог ч юм уу. Тэдгээр санаануудаа л барьж аваад, жүжиглэлт нэмж өгөөд л оруулдаг. Илүү амьдралтай ойрхон болгож өөрчилдөг гэж хэлж болно.
-Бүжгийн холбогдолтой бичлэг хийдэггүй учраас бүжиглэдэг гэдгийг маань хүмүүс сайн мэддэггүй-
-Багагүй хугацааг Солонгост өнгөрөөсөн санагдаж байна. Хэр удаан Солонгост байсан бэ?
-Солонгос улсад нэг жил болчхоод ирсэн. Мэргэжлийнхээ дагуу бүжгээр явчхаад саяхан ирсэн.
-Солонгосоос ирээд удаагүй байгаа юм байна. Саяхан нэг эвентэд оролцсон байсан. Тэр үеэр хүмүүс өөрийг тань таниад мөн үү, биш үү гэх зэргээр ярьж байсан. Тухайн үед ямар санагдаж байсан бэ?
-“Мөнгөн мод” хэмээх урлаг, соёлын хамгийн том шагнал гардуулах ёслол байсан. Тухайн наадмын нээлт дээр бүжиглэсэн. Эмэгтэй бүжигчидтэйгээ хамтран “Hungry Squad”-аараа оролцсон. Бүжгийн холбогдолтой бичлэг хийдэггүй учраас намайг бүжиглэдэг гэж хүмүүс сайн мэддэггүй л дээ. Хүмүүс бас таниад хэн бэ, мөн үү гэх үед бага зэрэг ичсэн. Гэхдээ гоё байсан шүү.
-Ажил мэргэжлийнх нь хувьд одоогоор юу хийж байгаа вэ?
-Яг одоогоор манай ажлын амралт эхэлчихсэн байгаа. Тун удахгүй Херо энтертайментийн “Тамгагүй төр” жүжиг гадаадад тоглогдохоор яригдаж байна. Хэрэв тоглогдохоор болвол бэлтгэлдээ орох байх гэж бодож байна.
-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг бараг л гардаггүй. Шахуу хуваарьтай ажилладаг. Өөрөө ч завгүй амьдралын хэв маягт дуртай. Тийм ч учраас чөлөөт цаг гарвал аль болох найзуудтайгаа хөгжилдөхийг л боддог доо.
-Анх найзууд болон дагагчид нь л бичлэгийг нь үздэг байсан гэх. Гэнэт л бичлэг нь тэсрэлт хийгээд хүмүүс олноор үзэх болсон. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?
-Тийм ээ. Анх зөвхөн ойр дотнынхондоо л зориулж бичлэг оруулдаг аккаунт байсан л даа . Тийм олон хүн ч дагадаггүй. Оруулдаг бичлэгээ жаахан тавилттай болгоод эхэлсэн чинь хүмүүс бага багаар нэмэгдэх болсон. Манай найзууд ч гэсэн ийш тийш нь шэйрлэдэг байсан. Яг жагсаалын үеэр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд улс төртэй холбоотой нэг бичлэг оруулж байсан. Тэр бичлэг нилээн хандалт ихтэй байсан. Олон хүнд хүрээд эхлэхээр бас бага зэрэг айж байсан.
Анх дагагчдын маань тоо 300 дээр гацчихсан байсан юм. Солонгост очоод арай завтай болсон л доо. Тухайн үедээ бичлэг тогтмол хийдэг болсон. Өдөрт 2-3 бичлэг хийгээд эхлэхээр хүмүүст бага багаар нэмэгдээд одоогоор 44 мянга гаруй дагагчтай болсон байна.
Намайг гэдгийг мэдэхээргүй 2-3 бичлэг байдаг л даа. Эмнэлгийн цонхон дээр бүжиглэж байгаа нэг бичлэг бий. Ковидын үед эмнэлэгт хэвтэж байх үеэр найзууд маань эргэж ирээд цонхон дээр бүжиглэж байсан юм. Тэр бичлэгийг хүмүүс намайг гэж танилгүйгээр их үзсэн байна лээ. Солонгост байхдаа эмэгтэй хүн шиг харагдуулдаг филтер ашиглаад хийж байсан нэг бичлэг маань бас их хандалт авсан. Тухайн үед ойр дотнын бүх хүмүүс л “Хөдлөө, хүйтэн байна, эрчүүд ийм хөлдүү” зэргээр хэлдэг байсан. Түүнийг санаа болгоод бичлэг болготол багагүй хүнд хүргэж чадсан шүү.
-Үзэгчдээс ирэх сэтгэгдлийн хувьд ямар хандлагатай байна. Ер нь сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ихэнхдээ инээсэн, баярласан эерэг сэтгэгдлүүд байдаг. Сөрөг комментийг тоогоод байдаггүй дээ. Орж ирж л байг гэж боддог.
-Бичлэг хийхдээ хөгжилтэй байх үүднээс ямар нэг дүрд хувиран жүжиглэж байгаа шүү дээ. Бичлэг дээрх дүр болон амьдрал дээрх Х.Одхүү хоёр хэр адилхан бэ?
-Ер нь адилхан шүү. Найз нөхөдтэйгөө хамт байх үедээ их марзаганадаг. Бичлэг дээрх шиг үйл явдалд би байсан бол тэгж л хандах байсан байх гэж бодож хийдэг учраас бичлэгээ надтай их дөхөм.
-Хийсэн бичлэг нь санаанд нь хүрэхгүй, ичээд оруулалгүй устгах тохиолдлууд байдаг уу?
-Зөндөө байгаа шүү. Монголчууд маань ер нь дургүйцсэн, доромжилсон сэтгэгдлийг маш ихээр бичдэг шүү дээ. Нэг бичвэл газар дор ортол нь дардаг. Зарим бичлэгүүд маань хүмүүст хүнд тусах болов уу гэж бодоод зарим бичлэгүүдээ оруулахаа больдог.
-Цаашдаа юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Хүмүүст “Энэ залуу яг юу хийдэг, хэн гэдэг залуу юм” гэдэг нь их сонирхолтой байгаа байх. Би нэг ийм хүн, ийм зүйл хийдэг гэдгээ харуулж, таниулахаар нэг өдрийн аль эсвэл 7 хоногийн влог хийх бодолтой байгаа.
-Өөрийг тань харахаар үргэлж инээсэн, баярласан харагддаг л даа. Шантрах, гуних үе хэр их гардаг вэ?
-Мэдээж хүн л юм хойно “эморох” үе байлгүй яах вэ. Гэхдээ айхтар хүнд биш ерөнхийдөө гайгүй шүү. Урлаг гэдэг өөрөө чанга шүү дээ. Сургуульд байхдаа л шантрах мэдрэмж үе үе төрдөг байсан. Эхний хоёр жил гэрээ, гэрийнхнээ, найзуудаа санана, хааяа уйлна, “Заавал гэрээсээ хол сурах хэрэг байна уу даа” гэж бодно. Бүжигтээ дурлаад эхэлсэн чинь шантрах, гуних нь гайгүй болчихсон.
-Хүмүүсийн хамгийн ихээр мэдэхийг хүссэн асуултыг асууя. Найз охинтой юу. Ер нь ямар төрлийн эмэгтэй хүн сонирхдог вэ?
-Найз охин байхгүй ээ. Эмэгтэй хүн болгон л төгс. Яг ийм байгаасай, тийм байгаасай гэж хэлж чадахгүй ээ. Яг зөрчихдөг юм байна лээ. Ер нь тэгээд харилцааны үед л энэ хүн мөн юм байна гээд мэдрэгддэг шүү дээ.
-Хүн бүрд дортоо хадгалдаг, хүнд хэлье гээд хэлж чаддаггүй зүйл байдаг шүү дээ. Мөн тантай адил мэргэжлээр суралцдаг оюутан, залуустаа зөвлөвөл юу гэж хэлмээр байна?
-Манай залуус бага зэрэг зориг муутай болчихсон санагддаг. Тиймээс ямар ч үед зөвхөн өөрийнхөөрөө байгаасай. Жүжиглэхгүйгээр, хэлмээр байгаа зүйлээ хэзээд ч зоригтой хэлчихдэг байгаасай. Зөв зүйл дээр нэгнээ дэмждэг, нэгддэг байгаасай л гэж боддог доо.
Мэдээж дуртай зүйлээ хийх гоё. Тэр нь ажил нь болоод амьдралынх нь салшгүй нэг хэсэг байна гэдэг хамгийн гоё мэдрэмж шүү дээ. Хийх дуртай зүйлээ зүгээр л хий. Түүнээс биш аав ээжийн шахалт, дарамтаар хүсээгүй зүйлээ битгий хийгээрэй. Гэхдээ аав, ээжийн үг бол хэзээ ч буруу байдаггүй. Аав, ээжийнхээ үгийг сонс, мөн өөрийн дотоод хүнээ сонс. Дуртай зүйлээ хий.
-Ярилцсанд баярлалаа.