Монголчууд хэзээнээс хүнд итгэмтгий ард түмэн. Нэг талаасаа сайн чанар мэт харагдах ч нөгөө талаар тийм ч зөв чанар биш. Учир нь сүүлийн үед хүмүүс "ЗАЛИЛАН"-ийн хохирогч болох нь нэмэгдэж, өөрийн эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод үлдэх тохиолдол цөөнгүй гарах болов. Залиангийн олон төрөл бий ч сүүлийн үед газар авч буй нь "ЦАХИМ ЗАЛИЛАН". Хэдийгээр цахим залилан гэх албан ёсны нэршил байхгүй ч үйлдэгдэж буй хэв шинжээс хамааран ийнхүү нэрлэдэг байна.
Хамгийн сүүлд л гэхэд койнтой холбоотой асуудал дэгдэж, койны хохирогч болсон иргэд мэдээлэл хийн хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ илэрхийлж байв. Гэтэл түүнээс ялгарахгүй бас нэгэн цахим залилангийн төрөл бол "Романс залилан". Энэхүү залилангийн талаар сэрэмжлүүлэг мэдээ их явдаг ч иргэд тэр бүр анхаараад байдаггүй аж.
Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүн бүр цахим орчинг чөлөөтэй ашиглах болсон нь энэ төрлийн залилангийн хохирогч болох эрсдэлийг хүн бүрт бий болгож буй юм. Тэгвэл романс залилангийн талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах нийтлэлийг бэлтгэв.
РОМАНС ЗАЛИЛАН: "Олон улсад энэ төрлийн залиланг ROMANCE SCAM гэж нэрлэдэг бөгөөд үүнийг манай улсад РОМАНС ЗАЛИЛАН гэж хуулийнхан авч үздэг. Учир нь романс залилан нь цахимаар танилцаж, хайр сэтгэлийн холбоо тогтоон улмаар итгэлийг нь олох замаар хохирогчтой удаан хугацаанд харилцан худал хэлэн их хэмжээний мөнгө шилжүүлэн авах үйл явцыг нэрлэдэг байна.
ХОХИРОГЧ: О /38 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ/
Бид энэхүү нийтлэлийг бэлтгэх явцдаа "Романс залилан"-ийн хохирогч болсон нэгэн эмэгтэйгээс тодруулга авав. Ингэхдээ түүний нэрийг нууцлав.
Надад хайртай гэж итгэсэн учраас цалингийн зээл авч, гаднын данс руу 10,000 ам.доллар шилжүүлсэн
-Та хэдэн настай вэ?
-Би 38 настай.
-Хэзээ энэ төрлийн залилангийн хохирогч болов?
-Хоёр сарын өмнө Америкийн цэргийн хүчинд ажилладаг гэх залуутай фэйсбүүкээр чаталж, харьцаж эхэлсэн. Фэйсбүүкийнх нь нүүр зураг Америкийн цэргийн хувцастай эрэгтэй хүн байсан. Тиймээс итгэсэн.
-Фэйсбүүкээр найзын хүсэлт ирсэн үү?
-Тийм. Тэгээд найзын хүсэлтийг нь авснаас хойш танилцъя, өглөөний мэнд гэх мэт чатыг байнга явуулдаг байсан. Дандаа Монголоор чат бичдэг байсан. Үг, үсгийн алдаатай чат ирдэг байсан ч төдийлөн ойшоогоогүй.
-Тухайн үед та залилан байх магадлалтай гэж огт гадарлаагүй юу. Ер нь цахим залилангийн талаар сонсож байгаагүй юу?
-Яахав залилангийн тухай мэдээлэл сонсож байсан ч өөрийгөө залилуулна гэж огт бодож байгаагүй. Тиймээс гадны иргэдээс ямар нэг найзын хүсэлт ирвэл битгий аваарай. Битгий чат бичээрэй. Над шиг битгий хохироосой гэж хүсэж байна.
-Яагаад тэр хүнд итгэсэн юм бэ?
-Тэр хүн "Би цэргийн хүчинд ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө олсон. Дарга нартаа хэлэх гэхээр асуудал үүсэх гээд байна. Тиймээс энэ мөнгийг чам руу явуулъя. Би Монголд очоод чамтай хамт амьдарна, хоёулаа ийм их мөнгөөр сайхан амьдарна" гэж хэлээд өөр рүү нь шилжүүлэхэд туслаад шимтгэлийн мөнгө шилжүүлээч гэсэн. Тэр шимтгэлийн мөнгө гэснийг нь би энд тэндхийн гааль, татварынханд өгөх хахуулийн мөнгийг хэлж байгаа юм байна гэж ойлгоод 10,000 ам. долларыг гаднын дансанд шилжүүлсэн.
-10,000 доллараа бөөнд нь шилжүүлсэн үү?
-Тийм. Бөөнд нь шилжүүлсэн.
-Тухайн дансыг аль улсын банкны данс гэдэг талаар огт асуугаагүй юу?
-Олон улстай харьцах данс байсан. Тухайн үед огт нягтлаагүй, данс явуулахаар нь шууд шилжүүлчихсэн юм. Одоо энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
-Уучлаарай. Таны сэтгэлзүйн байдал ямар байна?
-Залилах гэмт хэргийн хохирогч болохыг хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч байна гэж ойлгодог байх. Гэтэл үүний цаана хүний амьдрал болоод сэтгэлзүйн хувьд маш хүнд байдаг. Миний хувьд түрээсийн байранд амьдардаг, одоо тэр байрнаасаа гарсан. Ер нь маш хэцүү байна.
-Та шилжүүлсэн гэх 10,000 ам.доллараа хаанаас цуглуулсан бэ. Хүмүүсээс зээлсэн үү эсвэл?
-Би цалингийн зээл авсан. Түүн дээрээ нэмээх хамаатан саднаасаа, ах дүүгээсээ зээлсэн.
-Таныг мөнгөө шилжүүлсний дараа тухайн харьцаж байсан хүн нь холбоогүй болчихсон юм уу?
-Тийм мөнгө шилжүүлсний дараа нөгөө хүнээс хариу ирэхээ байсан. Намайг блоклсон юм шиг байна лээ. Ядаж байхад мөнгө шилжүүлсэн данс нь аль улсын данс гэдгийг ч мэдэхгүй болохоор арга буюу цагдаагийн байгууллагад хандсан.
-Ер нь таны итгэлийг яаж олж авсан юм бэ. Та яагаад гаднын танихгүй хүнд итгээд тэр их хэмжээний мөнгийг танихгүй хүн рүү тэр тусмаа аль улсын иргэн болохыг нь танихгүй хүн рүү шилжүүлсэн юм бэ?
-Үнэхээр надад хайртай юм байна гэж л бодсон. Өдөр болгон чат бичсээр байгаад дасчихсан байсан. Байнга чатаар харилцдаг байсан учраас итгэсэн.
ХУУЛЬ: Эрүүгийн хуулийн 17.3 зүйлд зааснаар хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, итгэлийг урвуулан ашиглах эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс алван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсын хууль тогтоомжид залилан хийсэн этгээдэд дээрх ял шийтгэлийг оногдуулах авч "Романс залилан"-ийн хувьд эзэн холбогдогч нь тодорхойгүйн дээр гаднын данс руу шилжүүлсэн мөнгө эргэж олдох нь ховор байдаг байна. Түүнээс гадна "Романс залилан" нь бусад залилангийн төрлийг бодвол хохирогч цөөн боловч хохирлын хэмжээ хэд дахин өндөр байдаг аж.
Түүнээс гадна романс залилангийн ард гаднын улсуудын томоохон бүлэглэл байдаг талаар ч албаны хүмүүс мэдээлэл өгч байсан юм. Мөн гэмт этгээдүүд хохирогчдоо удаан хугацаанд судлан, манай улсын иргэдийг хохирогч болгон онилж, зорилтот ажил болгон маш нарийн төлөвлөгөөгаар романс залиланг үйлддэг байна.
КЕЙС: Зөвхөн 3 эмэгтэйн жишээ дурдахад, Аль улсын иргэн гэдгийг нь мэдэхгүй ч хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147,800 ам.доллар буюу монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болжээ.
Энэ талаар бид ЦЕГ-ын Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Б.Цэвээндоржоос тодруулсан юм.
Романс залиланд эрэгтэйчүүд ч өртөх тохиолдол бий
Тэрбээр, "Манай улсын иргэд цахим орчинд ихэнх цагаа өнгөрөөж, өдөр тутмынхаа амьдралыг цахим орчинд мөнхөлдөг болсон байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Түүнээс гадна сүүлийн үед "Романс залилан"-ийн хохирогчид ихэссээр байна. Энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг вэ гэвэл, гадаад улсын иргэний нэр, зурагтай хаягаас тухайн хүний цахим хаягт найзын хүсэлт илгээснээр энэ төрлийн гэмт хэргийн эхлэл тавигддаг. Улмаар найзын хүсэлтийг нь авснаар тухайн хүнтэй холбоо тогтоох гэж хичээнэ. Чатаар харилцахдаа google translate ашиглах ч юм уу эсхүл ямар нэг аргаар, ойлгомжтой байдлаар мэдээлэл өгч эхэлдэг. Өөрийгөө маш сайн хүн мэтээр ойлгуулдаг.
Энэ үйл явц улам лавшрахын хэрээр тухайн иргэний хувийн мэдээлэл цаашлаад дансны мэдээллийг нь мөн авдаг. Ийнхүү тухайн хүнд хайр сэтгэлтэй болчихлоо, чамтай сууна, Монголд очиж амьдарна гэх мэт хүний хайр сэтгэлийн байдлыг ашиглан өөртөө мөнгө татах арга эхэлдэг.
Мөн дан ганц эмэгтэйчүүд энэ төрлийн залиланд өртдөггүй. Эрэгтэйчүүд ч өртсөн тохиолдол бий. Тиймээс иргэд та бүхэн энэ төрлийн болон бусад төрлийн залилангаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг анхааруулж байна" гэлээ.
Иргэдийн дунд залилах гэмт хэргийн талаар урьд өмнө сонсож байсан ч өөрийгөө залилангийн гэмт хэргийн хохирогч болно хэмээн төсөөлдөггүй. Гэвч өнөөдөр хохирогч болоогүй ч маргааш хохирогч болоод үлдэх эрсдэл хүн бүрт бий. Тийм ч учраас залилан мэхлэлт болон амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэж яарахгүй байх, мөн хайр сэтгэлийн асуудлаас үүдэн гаднын улс орны данс руу их хэмжээний мөнгөн гуйвуулга хийж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахыг энэ ташрамд сануулъя.