Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тогтоолоор “Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид хүлээн авсанаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл өнгөрөгч онд эл компанийн санхүүгийн тайланд аудитын байгууллага СӨРӨГ дүгнэлт гаргажээ. Ингэхдээ сөрөг дүгнэлт гаргах үндэслэлүүдийг дараах байдлаар тайлбарлажээ.
-12.5 тэрбум төгрөгийн 62 ажлыг хууль зөрчиж шууд худалдан авалт хийж, 56 сая төгрөгийн үргүй зардал гаргасан-
ЗГХЭГ-аас тус компанийн 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаарх үйл ажиллагаанд шалгалт хийж, есдүгээр сард шалгалтын тайланг танилцуулсан байна. Шалгалтаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 12.5 тэрбум төгрөгийн 62 ажлыг хууль зөрчиж шууд худалдан авалт хийсэн, 2022 оны хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй 56.0 сая төгрөгийн үргүй зардал гаргасан, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 313.5 сая төгрөгийн хөрөнгө худалдан авсан зэрэг зөрчлүүд илэрсэн аж.
-183.5 сая төгрөгөөр спорт урлагийн баяр наадам, орон нутгийн хайрхан бумба тахижээ-
Мөн онд тэвчиж болох зардлын хүрээнд дараах зөрчилтэй зарцуулалтыг хийж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Үүнд:
-Бараа материалын илүүдэл нөөц бэлтгэсэн - 816.9 сая төгрөг
-Оффисын байрны түрээст нормативт хэмжээ болон үнийн тарифыг хэтрүүлэн зарцуулсан - 53.7 сая төгрөг
-Байгууллага, спортын холбоо зэрэгт хандив тусламж, спорт урлагийн баяр наадам, орон нутгийн хайрхан бумба тахисан - 183.5 сая төгрөг
-Зориулалт бусаар - 119.0 сая төгрөг зарцуулсан гэж үзсэн байна.
-Дээд газрын шийдвэргүйгээр 300 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, 262.3 сая төгрөгийн шууд худалдан авалтаа тайлагнаагүй-
Цемент шохой ТӨХК-ийн худалдан авалтын үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн эсэхийг тендерийн баримт материалтай тулган шалгахад дараах зөрчил илэрсэн байна. Тухайлбал, худалдан авалтын төлөвлөгөөнд нээлттэй тендер шалгаруулахаар баталсан боловч 11.746.5 сая төгрөгийн 9 удаагийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулсан, төлөвлөгөөнд батлаагүй, дээд газрын шийдвэргүй 1 удаагийн 300.0 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Түүнчлэн 262.3 сая төгрөгийн шууд худалдан авалт нь төлөвлөгөөнд байгаа ч оны эцэст тайлагнаагүй хэмээн эл дүгнэлтэд дурджээ.
-Томилолтын зардал болгож 7.7 сая, Гүйцэтгэх захирлын хувийн зардалд 6.4 сая төгрөг, ажилчдын хор саармагжуулахад 11 сая төгрөг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн-
Аудитын байгууллагаас дүгнэлт гаргах явцад хэд хэдэн зөрчилтэй зарцуулалтад төлбөрийн акт тавьсан байна. Үүнд:
-Гүйцэтгэх захирлын хувийн зардал - 6.4 сая,
-Улаанбаатар оффисын үйл ажиллагаанд батлагдсан төлөвлөгөөнд тусгаагүй хөрөнгө зарцуулсан - 27 сая төгрөг,
-Хайрхан тахисан, бумбын баярт оролцсон 5.9 сая,
-Сангийн сайдын тушаалаар баталсан хэмжээнээс илүү, Улаанбаатар хотод ажпын байртай ажилтнуудад Хөтөлөөс-УБ гэсэн маршрутаар томилолтын зардал олгосон - 7.7 сая олгосон,
-Ажилчдын хор саармагжуулах гэсэн гүйлгээний утгатай 11 сая төгрөгийг барилгын компанид шилжүүлсэн байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжпэг олгохыг хориглоно", 15.1.7-д "байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах" гэснийг зөрчсөн гэж үзсэн аж. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж үргүй зарцуулсан хөрөнгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоожээ.
-Охин компанийн удирдлага 6.1 сая төгрөгийг үр дүнгүй зарцуулсан-
Охин компани болох "Хөтөл Энержи Дулаан" ХХК-ийн удирдлага 2022 онд томилолтын зардалд 2.6 сая илүү зарцуулсан, урлагийн бага наадамд 0.9 сая, улсын баяр наадамд 0.8 сая, барилгачдын баярт 1.8 сая, нийт 6.1 сая төгрөгийг тус тус үргүй зарцуулсан гэжээ.
-Гүйцэтгэх захирал, газар хэлтсийн дарга нарын долоон хүн Дархан аймагт амьдрах байр түрээсэлж, 40.5 сая төгрөгийг Цемент шохой ТӨХК-иас төлжээ-
Гүйцэтгэх захирал, газар хэлтсийн дарга нарын долоон хүн Дархан аймагт амьдрах байр түрээсэлж, 40.5 сая төгрөгийг байгууллагаас төлсөн. Түүнчлэн Улаанбаатар хотод компанийн төлөөлөгчийн газарт ТӨБЗГ-ын зөвшөөрөлгүй 206.4 м2 талбай бүхий байрыг 1м2-г 66.000 төгрөгөөр үнэлж түрээсэлжээ. Ингэхдээ түрээсийн үнэ Засгийн газрын тогтоолоор баталсан үнэлгээнээс хэт өндөр 53.7 сая төгрөгийн илүү зардал гаргасан гэж үзсэн аж.
-3x3 сагсан бөмбөгийн талбай тохижуулахад 22.3 сая, барилгачдын баярт 33.1 сая, хүлээн авалтын зардалд 14.4 сая төгрөг зарцуулжээ-
Компаниас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй дараах зарцуулалтыг ч мөн адил хийжээ. Үүнийг нарийвчилбал,
-Эдийн засгийн форумд 66.2 сая,
-Урлагийн наадам 10.2 сая,
-Хөлбөмбөгийн талбай тохижуулахад 25.6 сая,
-3x3 сагсан бөмбөгийн талбай тохижуулахад 22.3 сая,
-Сэлэнгэ аймгийн жудо бөхийн холбоо, 2-р цэцэрлэг, Орхон сумын ЗДТГ зэрэгт 26.1 сая,
-Барилгачдын баярт 33.1 сая, хүлээн авалтын зардалд 14.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Эл зөрчилд нь аудитын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн аж.
-Борлуулалтын нягтлан бодогч, байцаагч, няравуудын цалинг үндэслэлгүй бууруулж, дутуу цалин олгосон-
Охин компани Хөтөл Энержи Дулаан ХХК борлуулалтын нягтлан бодогч, байцаагч, няравуудын цалинг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс үндэслэлгүй бууруулж, батлагдсан цалингийн хэмжээнээс нийт 5.5 сая төгрөгийн дутуу цалин олгосон байна.