"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үнэлгээний комиссын дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Гуравдугаар сарын 16-нд тендер сонгон шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон. Энэ бүх мэдээллийг tender.gov.mn мэдээллийг системээс харж болно.
Өмнө нь хөрс хуулалтын ажил 2019 онд нэр бүхий хоёр ААН-тэй гэрээлсэн байдаг. Гэрээний хугацаа дуусч дахин гэрээ байгуулах нөхцөл бий болсон. Холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер зарласан. Өмнөх тендерээр нэг метр куб уулын цулын ажлыг 12,900 төгрөгөөр тооцож гүйцэтгэлийг өгч явсан байна. Бид тендерийн баримт бичигт нэг метр куб уулын цулын ажлыг 11,982 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр санал болгоно гэх шаардлагыг тавьсан. Ингэснээр нэгдүгээр багцаас 62 орчим, хоёрдугаар багцаас 72 тэрбум төгрөг буюу нийт 130 орчим тэрбум төгрөгийг батлагдсан төсвөөс хэмнэх бололцоо бий болсон. Үүний дагуу тендерийн үнэлгээ хийхэд нэгдүгээр багц дээр “Эрдэс Майнинг Оператор” компаниудын түншлэл, хоёрдугаар багц дээр "Моннис майнинг" ХХК шалгарсан" гэв.