ЭМЯ-наас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
"Ковид-19 халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 8 сая 241 мянга хүн өвдөж, 444 мянган хүн нас бараад байна. Ялангуяа Бразил улс дэлхийн анхаарлын төвд байна. Тус улсад 24 цагийн дотор 30 гаруй мянган хүн шинээр өвчилсөн нь нэг өдөрт өвдсөн хүний тоогоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.
Зарим орнуудад өвчлөлийг хяналтдаа авсан гэж зарласан ч дахин өвчлөл гарч эхэллээ. Тухайлбал, зургадугаар сарын эхээр Шинэ Зеланд улс коронавирусийг бүрэн хяналтдаа авлаа гэж зарласан. Гэсэн ч тус улсад гаднаас орж ирсэн 2 тохиолдол 14 хоногийн тусгаарлалтынхаа хугацаанд коронавирусээр өвчилжээ.
ДЭМБ-аас Хятадын Шимпати захтай холбоотой гарсан 100 гаруй тохиолдлыг онцгой кластер гэж үзсэн байна. Уг дэгдэлт анх гарсан захаас хальж, ойр хавийн 29 дүүрэг, хороодод хатуу хөл хорио тогтоогоод байна.
ОХУ-д 24 цагийн дотор 8248 тохиодол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 545000 болж 7284 хүн нас барсан байна.Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөс 51-93 хүнээр нэмэгдсэн байна. Ялангуяа Эрхүү хотод өвчлөл 319 хүнээр нэмэгдсэн нь хамгийн өндөр өвчлөлтэй өдөр болж байна." гэлээ.