Ж.Эрдэнэбатыг хорьсон бол С.Баярцогтыг зургадугаар сарын 16-нд, Д.Эрдэнэбатыг зургадугаар сарын 18-нд шүүхээс таслах гэж байна. Сэлэнгэ аймаг өрсөлдөгчгүй болж Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Үүрийнтуяа тэргүүтэй хүүхнүүд ногоон гэрлээр гарах зам зурайж эхлэв.
Өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ талаар шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийхдээ “Ж.Эрдэнэбат нь шүүхийг хүндэтгээгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэргээс зайлсхийх үндэслэл болохгүй гэж үзсэн” гэж тайлбарлав. Урьд өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хорих арга хэмжээ авсан анхны тохиолдол мөн шүүх 10.0 тэрбумын барьцаа нэхсэн зэргээрээ уг үйл явдал олон хүний гайхшралыг төрүүлж байна.
Тэгвэл энэ даваа гарагт Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг ч мөн шүүхэд дуудаж 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн үйл явдал боллоо.
Урьд өмнө огт сонсогдож байгаагүй 10 тэрбум төгрөгийн барьцаа чухам ямар үндэслэл тооцоогоор гарч ирээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгуульд сонгогдох хамгийн өндөр магадлалтай гурван нэр дэвшигчийг ийнхүү онилж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Хэрвээ шүүхээс дээрхи нэр бүхий хүмүүст ял шийтгэл оноовол санал авах нэрсийн жагсаалтаас хасагдаж, мөн заримынх одоо үйлчилж байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцогдоно. Тийм болохоор Сэлэнгэчүүд бараг сонголтгүй болно гэсэн үг юм. Сэлэнгийн тойргийг цэвэрлэж өгөх том тохирооны ард ямар ашиг сонирхол явж байна вэ?
АН-аас нэр дэвшигч Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгчийн зөвлөх асан ногоон гэрлээр сонгогдох боломж бүрдэнэ. Уул уурхай томоохон компанийн төлөөлөл болсон Ч.Ундрамд ч шанс нэмэгдэнэ. Сэлэнгэ аймагт алт төмөр бусад байгалийн нөөц асар их учраас уул уурхайн ашиг сонирхол дамнасан томоохон лобби явагдаж байж ч болох юм. Цаашлаад Сөүл группийн босс Д.Өнөрболорт зам зурайна. Эдгээрээс хууль шүүхэд нөлөөлөх магадлал хамгийн өндөр нь гарцаа байхгүй улсын ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Үүрийнтуяа юм. Сэлэнгэчүүдийг сонголтгүй болгож “сул” гурван гишүүнтэй болгох стратегийн ард ямар сонирхол нуугдаж байгаа вэ? гэсэн хардлага гарцаа байхгүй сонирхолтой сэдэв мөн.