Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал олны нийтийн анхаарлын төвд байна. Товчхондоо, гурван гишүүний парламентад үлдэх, явах хувь заяа УИХ дахь бусад гишүүдийн гарт буй.
Тэгвэл 1990 оноос хойших буюу Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын саналаар хэдэн гишүүнийг ямар хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал УИХ-д гаргаж байсныг эргэн сануулъя.
Тодруулбал, 1992 оноос хойш нийт 8 удаа УИХ-ын ээлжит сонгууль болсон бөгөөд тухайн цаг үед байгуулагдсан үе үеийн парламентын түүхэнд авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдож бүрэн эрхээ түдгэлзүүлсэн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гишүүдийн мэдээллийг хүргэж байна.
Хамгийн анхны бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн тохиолдол 1991 онд Улсын бага хурлын гишүүн Д.Дамдиныг мөнгөний ханштай холбоотой 20 дугаар тогтоол гэх алдарт тогтоолын талаарх нууцыг задруулсан хэргээр түдгэлзүүлэх санал орж дараа нь тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байжээ.
“Казиногийн хууль баталсан гурван гишүүнийг түдгэлзүүлсэн нь парламентын анхны тохиолдол болов”
Үүний дараа 1996-2000 онд УИХ Казиногийн хууль баталсан ч тендер будлиулж, авлига авсан гэх хэргээр Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг анх удаа бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, улмаар шүүхээс ял оноож байв.
Энэ нь Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш прокурорын саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн анхны тохиолдол болжээ.
“Фургон болон Хадгаламж банкны хэргээр Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нарын нэр орж ирсэн ч УИХ хамгаалж байв”
Харин 2007-2012 онд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунай болон одоогийн Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гишүүн байхдаа фургон, Хадгаламж банкны хэрэг зэрэгт холбогдож прокуророос нэр нь орж ирсэн ч нам нь авч үлдэж байжээ. Харин дараа нь Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг нийт гишүүдийн 58,3 хувийг саналаар дэмжиж чөлөөлсөн байна.
“УИХ-ын хамгаалалтад үлдсэн Л.Гүндалай, Д.Дондог нар”
Мөн 2008-2012 онд прокуророос Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа тендерийн шалгаруулалтад албан тушаалаа ашигласан, Д.Дондог гишүүнийг бусдыг залилсан гэх хэрэгт шалгаж буй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж байсан ч тухайн үед аль алийг нь авч үлджээ.
“Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Мурат, Д.Гантулга хоёрыг парламент хамгаалж, Д.Гантулга дараа нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ”
2016-2020 оны парламентын үед УИХ-ын гишүүн асан Д.Мурат, Д.Гантулга нар хүчингийн хэрэгт холбогдож прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулсан бөгөөд хуралдаанд суусан 57 гишүүнээс 76.8 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж авч үлдсэн байдаг. Харин сүүлд Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаснаар УИХ-ын нийт гишүүдийн 82.5 хувь нь дэмжиж чөлөөлсөн байдаг.
“ЖДҮ сангийн хэрэгт холбогдсон 5 гишүүнийг бүгдийг нь хамгаалж, Б.Батзориг дараа нь чөлөөлөгдөх өргөдлөө өгөв”
2016-2020 онд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Л.Энхболд, Г.Солтан, Б.Дамба-Очир нарыг ЖДҮ-тэй холбоотой хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн ч УИХ дахин хамгаалж үлдсэн нь тухайн үед нэлээд шүүмжлэлийг дагуулсан. Б.Ундармааг УИХ-ын гишүүдийн 82.5 хувь нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Б.Дамба-Очирт санал хураахад оролцсон 57 гишүүний 73.4 хувь нь, Б.Батзоригийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байсан байна. Гэхдээ Б.Батзоригийн хувьд дараа нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.
“Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв”
Түүний дараа 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь дэмжиж, баталсан нь түдгэлзүүлсэн УИХ-ын тогтоол батлагдаагүй байсны улмаас тэрбээр УИХ гацаанд орчихлоо хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч шийдэгдэж байжээ.
“Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнийг УИХ хамгаалав”
Харамсалтай нь, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ хаалттайгаар хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90 гаруй хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн авч үлдсэн талаар УИХ-ын зарим гишүүд ярьж шүүмжилж буй.
Дээрхээс харвал 1992 оноос хойш нийт найман удаагийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан үе үеийн УИХ-д ердөө нэг удаа прокуророос орж ирсэн саналын дагуу хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг чөлөөлж байжээ. Энэ нь 1996-2000 онд УИХ Казиногийн хууль баталсан ч тендер будлиулж, авлига авсан гэх хэргээр шалгагдаж байсан Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нар юм.
Өөрөөр хэлбэл, тэр цагаас хойш үе үеийн парламентын аль ч түүхэнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол гараагүй байна.
Харин 2007-2012 онд казиногийн хэрэгт шалгагдаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 2016-2020 онд хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга, ЖДҮ сангийн хэрэгт холбогдсон таван гишүүний нэг Б.Батзориг, хамгийн сүүлд буюу 2020 онд Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байжээ.
Тэгвэл УИХ өнгөрсөн оны энэ цаг үед Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж буй УИХ-ын дөрвөн гишүүнийг авч үлдсэн алдаагаа нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаж бүрэн эрх нь хөндөгдөж байгаа Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “ажнай” Д.Бат-Эрдэнэ нар дээр дахин давтах эсэхийг харах л үлдэж байна.
Хэрвээ хулгайчдаа хамгаалч үлдвэл, энэ хавар УИХ өөрөө тарах нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой юм.