Гудамжинд гарч зогсоод хажуугаар зөрж өнгөрөх арван хүнээс "Танд гадаад улсад ажиллаж, амьдрах хүсэл бий юу" гэж асуувал магадгүй 70-аас дээш хувь нь "Тийм" хэмээн хариулах байх. Магадгүй "үгүй" хэмээн хариулсан хүмүүсийн санааны мухарт тийм хэмээх хариулт нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ бол өнөөдрийн нийгмийн бодит дүр зураг. Харь оронд хөл тавих бодол. Зарим нэг нь амьдрал ахуйгаа дээшлүүлж, санхүүгийн хувьд боломжтой нөхцөлд ажиллая хэмээн бодно. Харин нөгөө хэсэг нь алхам тутамдаа стресс бухимдалтай орчноос хэсэгхэн хугацаанд хол байя хэмээн санадаг ч байж болох.
Гэтэл энэ байдал залилагч нарт шинэ "бизнес" санаа болж хувирчээ. Тэд "Найдвартай виз гаргана" гэх зараа цахим сүлжээнд дамнан байршуулж, иргэд олон нийтийг хууран мэхлэх замаар халаасыг нь "сэгсрэх" явдал газар авч байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилсан сэргийлэхийг анхааруулсаар буй юм.
Тоон мэдээлийг хүргэвэл, залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.
-Т.Тэлмүүн: Иргэд биечлэн уулзаж, гэрээ хэлэлцээр хийгээгүй байж итгээд мөнгөө шилжүүлчихдэг ГЭНЭН байдлаасаа болж хохирогч болж байна-
Цахим орчинд үйлдэгдэж буй залилах төрлийн гэмт хэргийн гаралт тэр дундаа визний залилангийн талаар СХД-ийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Тэлмүүнээс тодруулахад "Хоногт улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн 15-18 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Тухайлбал, цахим орчинд иргэдийн ашиглаж буй хаягийг хакердаж, нэвтрэн найз нөхөд болон төрөл төрөгсдөөс мөнгө гуйх байдлаар чат бичиж залилах хэрэг гарч байгаа.
Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс үзэхэд, 278,189 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнд 262,500 хүн хохирсны 66 хувь нь нийслэлд, 34 хувь нь орон нутагт байна. Залилах төрлийн 32080 гэмт хэрэгт 30687 хүн хохирсны 15 мянга нь эмэгтэй хохирсон байдаг. Хохирсон иргэдийг насны байдлаар авч үзвэл, 26.3 хувь нь 18-29, 31.9 хувь нь 30-39, 21.4 хувь нь 40-49, 10.4 хувь нь 50-59 насны иргэд байна" гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн визний залилангийн талаар "Монгол Улсад ажиллаж амьдрахад цалин бага байна гэх шалтгаанаар иргэд гадаад улс руу зорчиж ажиллах хүсэл сонирхол нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед визний залилан ихээр бүртгэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандах нь нэмэгдэж байна.
Иргэд визээ мэдүүлэхдээ тухайн компанийг судлахгүйгээр хандсанаас хохирогч болж байна. Тодруулбал, тухайн компани нь өөрсдийгөө бодит мэтээр итгэн үнэмшүүлж, иргэнээс удаа дараа их хэмжээний мөнгө шаардах нь элбэг. Энэ бол залилангийн шинжтэй үйлдэл. Үүнийг иргэд мэдэхгүй байна. Иргэд удахгүй виз нь гарна гээд хүлээгээд байдаг. Гэтэл хугацаа нь дөхөөд ирэхэд тухайн этгээдтэй холбогдох боломжгүй болж, гэмт хэргийн хохирогч болсныхоо дараа цагдаагийн байгууллагад ханддаг. Өөрөөр хэлбэл, биечлэн уулзаж, гэрээ хэлэлцээр хийгээгүй байж мөнгө шилжүүлчихдэг гэнэн байдлаасаа болж хохирогч болж байна гэсэн үг. Иймээс тодорхой бичиг баримттай, ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгчийн газруудыг судалж, хандах хэрэгтэй. Миний шалгаж байсан хэргүүд дунд визний залилангийн хамгийн өндөр хохирлын дүнтэй нь 15 сая төгрөг залилуулсан хэрэг байсан" гэв.
-ХОХИРОГЧ А: Сургуульдаа ч явахгүйгээр цагийн ажил хийж олсон мөнгөө визний залилагчдад алдсан-
Иргэн А гадаадад суралцангаа ажиллах хүсэлтэй олон мянган залуусын нэг төлөөлөл. Тэрбээр БНСУ-д суралцах хүсэлдээ хөтлөгдөн виз хөөцөлдөхөөр зориг шулуудсан үед нь цахим орчинд "Виз найдвартай гаргана, түргэн хугацаанд" гэх зар нүдэнд нь өртөж. Зарын дагуу холбогдож, удаа дараа мөнгөө шилжүүлж явсаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэст нь ойлгожээ.
Тэрбээр ярихдаа "Миний хувьд багаасаа гадаадад сурья гэж их боддог байсан. Тэгээд өнгөрсөн оны нэгдүгээр сараас сурах виз хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед цаашдын ажил амьдрал, карьераа бодоод Солонгос руу явж сурангаа ажиллая л гэж бодсон. Тухайн үед миний бодож байсан нөхцөл шаардлагад нийцсэн зарыг цахим орчноос олж хараад холбогдоход нааштай санагдсан. Эхлээд бичиг баримтаа бүрдүүлэхэд нэг сая 500 мянган төгрөг авсан. Дараагаар нь над руу холбогдоод "Бичиг баримт чинь болсон шүү. Нааштай байна. Харин одоо оочер урагшлуулах хэрэгтэй байна. Хэрвээ чи хурдан гарах бодолтой байгаа бол урагшлуулах асуудлыг ярья гэсэн. Нэгэнт бичиг баримтаа өгчихсөн юм чинь хурдан гарахаа бодъё гэж бодоод дахин нэг сая төгрөг шилжүүлсэн. Эргэж холбогдохыг нь хүлээсэн. Түүнээс хойш хоёр билүү гурван сарын дараа холбогдоход дугаар нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь чат бичиж байсан хаяг руу нь бичиж болохгүй байхаар нь найзынхаа хаягаар тухайн хаяг руу орж үзсэн. Гэтэл миний анх харж байсан постын доор хүмүүс залилуулчихлаа гэсэн байсан. Тухайн үед балмагдаад айсандаа шууд л цагдаад хандсан. Монголдоо сургуульдаа ч явахгүй цагийн ажил хийж олсон мөнгөө визний залилагчдад алдсан" хэмээн ярив.
-Иргэд визний залилангийн талаар МЭДДЭГ VS СОНСОЖ БАЙГААГҮЙ-
Тэгвэл иргэд олон нийт энэ төрлийн гэмт хэргийн талаар ямар ойлголт, мэдээлэлтэй байдаг талаар тодрууллаа.
Иргэн н.Бадамжав "Гадагшаа явж сурах бодол байгаа. Визний залилангийн талаар сонсож байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Энэ чиглэлд мэдээлэл бага юм шиг санагддаг" гэв.
-Залуус албан ёсны, баталгаатай газарт визээ мэдүүлснээр гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна-
Иргэн Г.Сэргэлэн "Авсрали руу явж сурах бодол байгаа. Визний залилан гэж сонсож байсан. Би өөрөө өртөж байгаагүй л дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар, зуучилж буй байгууллагаасаа шалтгаалдаг гэж боддог. Найдвартай байгууллагаар зуучлуулсан тохиолдолд асуудалд өртөхгүй байх. Сүүлийн үед цахим сүлжээнд виз гаргана гэх зарууд их харагдах болсон. Үүнийг сайн судалж байж хандахгүй бол бусдаас мөнгө залилах, гэмт хэргийн хохирогч болгох асуудал их байгаа гэж хардаг. Тиймээс залуус баталгаатай газарт хандаж, визээ мэдүүлэх хэрэгтэй байх" гэлээ.
-Албан бус, баталгаагүй зуучлалын газраар зуучлуулснаас хохирох явдлыг визний залилан гэж ойлгодог-
Иргэн н.Даваахүү "Япон улс руу явж сурах бодолтой байгаа. Визний залилан гэж сонсож л байсан юм байна. Албан бус, баталгаагүй зуучлалын газраар зуучлуулснаас хохирох явдал гэж ойлгодог. Иргэд гадагшаа явах тохиолдолд зуучлуулж буй газар, хувь хүнээ сайтар судлах хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.
-Манай ах 2-3 жилийн өмнө визний залиланд 10 сая төгрөгөө алдаж байсан-
Иргэн "БНСУ руу явж, мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаа. Визний залилангийн талаар сонсож байсан. Манай ах хүртэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан юм. 2-3 жилийн өмнө гадаад руу явах гээд нэг компаниар зуучлуулж байгаад дансанд нь мөнгө байршуулахаар болж байсан гэсэн. Тухайн үед 10 сая төгрөг байршуулсан шиг санаж байна. Гэхдээ виз нь гараагүй. Би бодохдоо визний залилан байсан байх гэж боддог. Цагдаагийн байгууллагад хандсан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй юм" гэв.
-НЭМЭЛТ: БНСУ руу зорчих визийг мэдүүлэх албан ёсны 10 байгууллага-
Солонгос Улс руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтойг ЦЕГ-аас анхааруулж байна. Тус 10 байгууллагын танилцуулга болон виз мэдүүлэх журам, төлбөр талаарх мэдээллийг хүргэж байна.
БНСУ руу зорчих визийг дараах албан ёсны 10 байгууллагаар авч байна
Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга
A. Passport Express International
-
Байршил: Хан-Уул дүүрэг 1-р хороо, DHL байр 3-р давхар
-
Утасны дугаар : (976)7777-0152
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
-
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Мөнх Даатал, 3-р давхар
-
Утасны дугаар : (976) 7012-4909
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
C. Hang-Mong Law
-
Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот
-
Утасны дугаар : (976) 9800-3005,3007
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
D. Chinggis Global
-
Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
-
Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00
E. Mongol Namshin
-
Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
-
Утасны дугаар : (976) 7014-3332
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
F. GH&F
-
Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
-
Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
G. Mongol News
-
Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
-
Утасны дугаар : (976)11-31-8988
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
H. TECKM
-
Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
-
Утасны дугаар : (976)7015-8288
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
I. Bambai Security Service(‘18.7.27~)
-
Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
-
Утасны дугаар : 7000-9696, 7000-4949
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
J. Dido(‘18.7.27~)
-
Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар
-
Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)
-
Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
-
Утасны дугаар : 7766-8888
-
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30
-
Вэб хуудас : www.visaforkorea.mn
-Виз мэдүүлэхдээ KVAC гэх байгууллагад 57.000 төгрөгийн хураамж төлнө-
Визний анкет бөглөх
Анкетын загварыг ЭСЯ-ны дараах цахим хуудас болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758236&page=7)
Визний анкетыг зөвхөн солонгос эсвэл англи хэлээр бөглөнө.
БНСУ-ын цагаачлалын албанаас визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба бүртгэлийн хураамж төлж, төлөөлөн гүйцэтгэх байгууллага эсвэл KVAC-д мэдүүлнэ. KVAC гэх газрын визний хураамж 57.000 төгрөг, мөн виз мэдүүлж буй газартаа бүртгэлийн хураамж 10.000 төгрөг тушаах юм.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангиллын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. Дараах холбоосоор орж танилцана уу.
(https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758289&page=2)
Анхаарах зүйлc: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос эсвэл англи хэлээр орчуулсан байна. Дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон сүрьеэгийн шинжилгээний бичгийг орчуулах шаардлагагүй.
Бүртгэлийн хураамж
Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
-
Оршин суух хугацаа 90 хоног хүртэлх виз: Хураамжгүй
-
Оршин суух хугацаа 90 хоногоос дээш виз: 60 USD
Тус бүртгэлийн хураамж нь виз олгох хураамж биш визний хүсэлтийг шалгах хураамж тул виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу. Байгууллагын үйлчилгээний хураамж тусдаа тул анхаарна уу.
Виз мэдүүлэх
Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC)-д мэдүүлэх.
Ярилцлага
Шаардлагатай тохиолдолд зөвхөн ЭСЯ-наас виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудаж болно
Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ
Ярилцлагын үед бичиг баримтаа авч ирнэ
Визний хариу олгох хугацаа
Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)
-
Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
-
Байгууллага болон гэр бүлийн урилга, сургалтын виз: 15 хоног
-
*Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
-
Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 30 хоног
-
Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 2 сараас дээш
Виз мэдүүлэх иргэдийн тоо хэт ихсэх болон мэдүүлж буй ангиллаас хамаарч визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
Визний хариу гарсны дараа иргэдийн паспортыг виз мэдүүлсэн төлөөлнө гүйцэтгэх байгууллага руу буцаах бөгөөд виз мэдүүлэгч өөрийн биеэр очиж паспортаа авна.