ТЕГ, ЦЕГ-аас өнөөдөр /2020.06.15/ УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад хүний, улс төрийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой байж болзошгүй гомдол мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 390 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага, мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн байна.
Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гомдол 108, Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан 228, Улс төрийн чансаа тогтоосон, санал асуулга явуулсан 20, Бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан 4 зэрэг мэдээлэл, гомдолууд ирсэнийг цагдаагийн байгууллагаас бүртгэн шалгасан байна.
Мөн хууль зөрчсөн 71 цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах санал хүргүүлсэний 50 цахим хуудасны хандалтыг хаагаад байна.
Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3-т зааснаар сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.
Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон бол сүүлийн өдрүүдэд зарим нам, эвсэл, нэр дэвшигчдээс хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах, сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, бусдын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилсон илт худал мэдээллийг цахим хэрэгслээр нийтэд тараах зэрэг хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль бус үйлдэл их гарах болсоныг холбогдох албаныхан мэдээллээ.
Мэдээллийн төгсгөлд Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү "Нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээгүй мэдээллийг ирүүлж байна. Мэдээж ирсэн гомдол мэдээллийг шалгах нь хуулийн байгууллагын үүрэг. Гэхдээ иргэд маань үндэслэлтэй мэдээ мэдээллийг хуулийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна" гэв.