Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 7 сая 797 мянган хүн өвчилж, 435 мянган хүн нас барсан байна. Одоогоор 3.3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 8835 хүн шинээр халдвар авсан байна. Ингээд нийт өвчлөлийн тоо нь 528 мянга хүрчээ. Монгол Улстай хил залгаа Тувад 199 тохиолдол, Читид 89 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Харин манай улсын хувьд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2061 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 82, 1-5 насны 57 хүүхэд, жирэмсэн 39 иргэн байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 165 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг, зусланд гарах зөвлөмжийн талаар мэдээлэл авсан.
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, БНСУ, Швед улс оронд буй монгол иргэдээс дуудлага ирж эмнэлзүйн мэдээлэл авсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 258 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээнд 5 дугаар сарын 26-ны өдөр Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 авто тээврийн жолооч нарын давтан шинжилгээ хамрагдсан.
Харин өнөөдөр 10 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Үүнээс 8 иргэн нь оюутан. Мөн 49-65 насны хоёр иргэн эдгэрсэн. Элэгний хавдартай 65 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд амжилттай эдгэрлээ. Энэ бол хамгийн их анхаарал тавьж байсан хүн. Маш сайн мэдээ юм.
Мөн 49 настай хүн 55 хоног эмчлэгдээд эдгэрч гарлаа. Өнөөдөр 132 хүн ХӨСҮТ-д тандалт, судалгаа эмчилгээн дор байна.