Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий "Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Хотын бүх дүүрэг болгонд Олон нийтийн хөгжлийн төв, амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтцүүдийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсээ эхэлсэн. Гэр хорооллууд руу дэд бүтэц ихээр тавиглаж байна. Тэр дундаа нийгмийн дэд бүтцүүд ихээр хийгдлээ. Баянхошуу, Цайз зах орчим баригдах олон нийтийн төвийн ажил эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүрэгт баригдах олон нийтийн төвийн ажил эхэлж байна. Сургалтын төвүүд, Бизнес инкубатор төв, Нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт энд орно. Бид нийслэлийн есөн дүүрэгт хөгжлийн бодлого шийдвэр ижил түвшинд хүрдэг байхад онцгой анхаарч ажиллаж байна” гэв.
“Дөрвөн дүүрэгт Олон нийтийн хөгжлийн төв, хоёр дүүрэгт орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл баригдаж эхэлж байна. Олон нийтийн хөгжлийн төв нь гурван давхар, ахмадуудад зориулсан танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан бүхий талбайтай байхаар байхаар төлөвлөгдсөн. Мөн соёлын төвтэй байна. Гадна талбайг иж бүрэн тохижуулж, сагсны талбай, автобусны зогсоол болон бусад ногоон байгууламжийн ажил хийгдэнэ” гэдгийг энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Ш.Авирмэд онцолж хэлсэн юм.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууц, тэр дундаа түрээслээд өмчлөх орон сууц амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дүүрэг бүрт хийгдэх олон нийтийн төвүүдийг дагаад дэд бүтцүүд хийгдэнэ. Орон сууц гэхээр хэдэн байшины тухай ярьдаг цаг өнгөрсөн. Түүнийг дагаад дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин нөхцөл бүрдсэн байдлаар шийдэхийг зорьж ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү дүүрэг бүрд баригдах Олон нийтийн хөгжлийн төвийн барилгын ажлууд эхэлж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын ОНХМХХ