Хан-Уул дүүргийн III хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийх юм.
Учир нь, Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл энэхүү зохицуулалтыг хийснээр,
- Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9 хувиар нэмэгдэнэ.
- МТС-н уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.
- Хөдөлгөөн зохицуулалтын тоо багасаж, тэнцвэртэй зорчилт бий болно.
- Иргэд олон нийтээс ирэх гомдол саналын тоо багасна.
- Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасана.
Харин Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг бөгөөд оргил ачааллын үеэр тус уулзвараар цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.
Тэгвэл уг зохицуулалтыг хийснээр ямар үр дүн гарах вэ,
- Бүх чиглэлд хүлээлтийн хугацаа багасаж хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар сайжирна.
- Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34,1 хувиар нэмэгдэж, ТЭЦ 4-н зам буюу Эрчим хүчний гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.
- Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.
Тус зохицуулалтуудыг 21 хоногийн хугацаанд турших бөгөөд дээр үр дүнг үзүүлэх эерэг үр дагавартай юм.