Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алба хаагчдадаа “НАД ШИГ БАЙ“ гэж хэлж чаддаг байх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 59 секунд

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч-штабын дарга дэд хурандаа Сүхбаатарын Ариунболдыг “Монгол цэргийн өдөр”-ийн баярын тусгай дугаарт урьж ярилцав. Тэр залуу хүн ч ярилцах сэдэв, хамрах хүрээ өргөн, онцлох чанар нь олон учир яахын аргагүй Зэвсэгт хүчиндээ гүйцэтгэж буй үүргээрээ тэргүүлэгч офицеруудын нэг болж чаджээ гэмээр.

Түүнийг илэрхийлэх гурван гол өнцөг надад байна. Нэгдүгээрт, хүндэтгэлийг үгээрээ биш үйлдлээрээ үзүүлж явсан торгон цэрэг буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагчаас эхэлсэн ажлын гараа.

2001-2005 онд ҮБХИС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцан төгсөж тэр жилдээ Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагчаар томилогджээ. Тухайн үеийн ангийн захирагч бригадын генерал Г.Энхбаатар цэргийн сургууль төгссөн сонсогч нараас өндөр нуруулаг, илтгэл өгөхдөө гаргуун, хөл, гар тэгш гээд хэд хэдэн залууг сонгож авсны дотор залуухан дэслэгч С.Ариунболд багтжээ. Тэрээр хүндэт харуулын ангид салааны захирагчаас Хүндэт харуулын дарга-ротын захирагч хүртлээ есөн жил ажиллахдаа төрийн ёслол хүндэтгэлийн 850 гаруй ажиллагааг командалсан офицер. 17 орны төрийн тэргүүн, мөн тооны Ерөнхий сайд, түүнтэй дүйцэх албан тушаалтнуудад жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлж, тэрхүү агшныг нь илэрхийлсэн гэрэл зургууд ч хэвлэлийн хуудаснаа түгсэн байдаг. Хүчирхэг гурван гүрэн буюу ОХУ, БНХАУ, АНУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд л.

Төрийн ёслол хүндэтгэл бүрийг албан ёсоор бүртгэлжүүлдэг бөгөөд түүнд тэмдэглэгдсэнээр дэд хурандаа С.Ариунболд 3000 болон 3500 дахь хүндэтгэл үзүүлэх ажиллагааг командалж байж.

Түүнээс “Командлах хоолойн өнгөөрөө таных арай онцлог байсан гэж цэргийнхэн ярьдаг” гэхэд “Илтгэл гэдэг өөрөө маш том хариуцлага. Алдах эрхгүй. Төрийн хүндэт харуулын ёслол хүндэтгэл гэдэг дөнгөж газардсан гадаад орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнуудад эх орноо илэрхийлсэн гол үзүүлэмж нь. Монгол эр хүн, монголчуудын үнэлэмж үүнээс эхэлнэ гэж үе үеийн хүндэт харуулууд маш их хичээж ирсэн, одоо ч зүтгэж яваа. Хоолойн өнгөний хувьд гаднын зочид төлөөлөгчид Монгол хэлийг сайн мэдэхгүй учраас чанга дуугаар орилж илтгэхээс илүү зөөлөн гэхдээ тод, өргөлттэй, монгол эр хүний цээл хоолойг гаргахыг хичээдэг байлаа” гэж хуучлав. Тэрээр өнөөдрийн Ариунболдыг бүтээхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан хүндтэй он жилүүд, сургаж дадлагажуулсан үе үеийн захирагч буюу бригадын генерал Г.Энхбаатар, хурандаа Ч.Баярсайхан, Л.Батболд хүндэт харуулын дарга бригадын генерал Л.Онцгойбаяр, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нарыг аав шигээ, ах шигээ бодож талархаж явдаг гэлээ.

Түүний “бүтээсэн” өөр нэг түүх нь 2014-2017 онд ОХУ-ын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг “Нэгтгэл, анги салбарыг удирдах” мэргэжлээр оператив-тактикийн магистрын зэрэгтэй алтан медальтай төгссөн явдал байв. Түүнээс өмнө ЗХЖШ-ын орлогч дарга, ЦТГ-ын дарга, хошууч генерал А.Ганбат алтан медальтай төгссөн бөгөөд 20 орчим жилийн дараа дэд хурандаа С.Ариунболд буухиалж, сургуулийнхаа хүндэт самбарт залрах монгол офицерын тоог нэмж чадсан нь тэр билээ.

Гурав дахь онцлох чанар нь түүний цэрэгжлийн спортод оруулсан хувь нэмэр. Энэ түүхийг дурдахад цөөнгүй цаг хугацаа, хөлс, хүч хөдөлмөр, их, бага Тавантолгой тойрч гүйж явсан үеэр “аялах” болов. 2001 оноос Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сонсогч байхаасаа цэрэгжлийн спортоор хичээллэж, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээс сургуулийнхаа нэлээд олон жил тасалдаад байсан амжилтыг салаагаараа хүрэл медалиар эргүүлэн авчирсан нь 2003 он байв. Түүнээсээ урамшиж, Зэвсэгт хүчний бүхий л уралдаан тэмцээнд 2014 он хүртлээ цэрэгжлийн гимнастик, саадын зурвас, өвлийн хоёр төрөлт, марш, салаа, рот гээд оролцоогүй төрөл гэж үгүй, аваагүй медаль ч үлдээгүй ажээ. 2015 онд Цэрэгжлийн спортын мастераа гардаж, 2017 оноос хойш томилогдсон анги, байгууллагынхаа баг тамирчдыг дасгалжуулах, бэлтгэх ажилдаа шамдаж яваа юм байна.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нэгэн тэмцээний үеэр “Цэрэгжлийн спортоор хичээллэдэг офицер, ахлагч нараа өөрийнхөө үрээс дутахааргүй хайрлаж ирж. Үүний нэг үе нь дэд хурандаа С.Ариунболд, дэд хурандаа Э.Билэгсайхан нарын залуус. Адуу шиг гүйгээд ороод ирдэг айхтар эрчүүд дээ” гээд нөхдийнх нь дунд бахдан байсан нь тэднийг ямархан тамирчид явсныг илтгэх биз.

Дэд хурандаа С.Ариунболд нь удам дамжсан офицер. Түүний аав дэд хурандаа Н.Сүхбаатар Зэвсэгт хүчинд 30 гаруй жил алба хаасан нэр төртэй, нөхдөдөө хүндлэгдсэн инженерийн цэрэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний 084, 014 дүгээр ангид, хожим Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн штабын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч, 2003 онд бурхны оронд дэвшсэн байдаг.

Аавынхаа тухай өгүүлэхдээ “Аавын хүмүүжил намайг цэргийн хүн болгосон. Харамсалтай нь хүүгээ өөр шиг нь офицер болохыг үзэж чадаагүй, сонсогч байхад минь тэнгэр болсон. Амьдралын сайн, муу бүхэнд аавынхаа нэрийг бүтэн авч явах юм сан л гэж боддог. Хүндэт харуулын дарга байхдаа Сүхбаатарын Ариунболд гэж хэлэх бүртээ аавыгаа бодож хичээдэг байлаа. Аавтай хамт ажиллаж байсан цэргийн ах нар “Сүхбаатарын Ариунболд” гэж овогтой минь дуудаж, ажил алба, амьдрал ахуй ямар байгааг тодруулахад нь маш их баярлана бас. Аав минь аливаад тууштай, хүний итгэлийг алддаггүй байхыг хүүдээ захиж өсгөсөн, өнөөдөр захиасыг нь амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг хичээж, хүүхдүүддээ ч ингэж л хэлдэг” гээд амьдралынх нь аз жаргалын нэг болсон ээжийнхээ тухай өгүүллээ. Түүний ээж Д.Өнөрбат Зэвсэгт хүчинд энгийнээр насаараа ажиллаж амьдарсан эмэгтэй, өдгөө ач, зээгээ тойруулаад жаргаж суугаа гэнэ. “Ээжийгээ хайрлахад маргааш гэж байдаггүй” гэдэг шиг аль болох баярлуулахыг хичээдэг ч ажил, албаны цаг заваас шалтгаалаад төдийлөн санасан хэмжээндээ хүрэхгүй л явна. Ээжийнхээ санаа сэтгэлийг зовоохгүй яваа минь л чухал юм даа гэв.

Түүний ханийг Л.Алтангэрэл гэдэг, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эмнэлгийн байрны албаны дарга, хошууч цолтой бүсгүй. Тэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид байхдаа танилцаж, цэл залуухан дэслэгч, эмч хоёр амьдрал нэгтгэн өнөөдөр гурван хүүхдийн аав, ээж болжээ. Хайрцаг саваа баглан томилогдох бүрт ард минь байж, ганц биеийг тав болгон үржүүлж, гал голомтыг минь бадрааж, ажил албандаа чин сэтгэлээ зориулдаг сайхан эмэгтэй. Амьдралд минь ийм л хүчирхэг бүсгүй байгаа учраас ажил албандаа гол анхаарлаа хандуулж явна гэж ханийнхаа талаар өгүүлнэ лээ.

Нийтлэлийн баатар маань өдгөө дөрөв дэх ангидаа алба хааж байна. 2005-2014 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагчаас ротын захирагч, 2017-2018 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны захирагч, 2018-2019 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид штабын даргын орлогч, оператив тасгийн дарга, 2019 оноос Зэвсэгт хүчний 186 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч-штабын даргаар томилогдон ажиллаж байна.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн дотор ангидаа алба хааж байгаа байлдагчийн ар гэрийнхэнд 3 дугаар сарын 18-ны өдөр гэнэтийн бэлэг барихаар зэхэж. Хугацаат цэргийн алба хаагчийнхаа гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-д хүсэлт тавьж, таван ханатай өргөө цагаан гэртэй болгож, газрын асуудлыг нь ч шийдвэрлэж, группт байдаг ээжийнх нь хөдөлмөрийн чадамжид нийцсэн ажлын байрыг нь орон нутгаасаа хайж яваа гэнэ. Ямар ч байсан “Монгол цэргийн өдөр”-өөр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж яваа эгэл жирийн байлдагчдаа бэлэг барихдаа бэлтгээд өөрсдөө ч түүндээ баярлачихсан гүйж яваа бололтой.

Ярилцлагынхаа төгсгөлд өсөх ирээдүйтэй дэвшиж яваа офицерынхоо баримталдаг зарчим, өөртөө тавьдаг шалгуурыг нь сонирхов. Тэгэхэд “Миний хэлэх дуртай нэг үг байдаг. Тэр нь “Над шиг бай” гэж. Бид нэгэнт цэргийн амьдралыг сонгоод алба хааж байгаагийн хувьд цэргийн хүн ямар байх ёстой тэр бүхнийг нь өөртөө шингээсэн байх ёстой. Бие бүрэлдэхүүндээ “Над шиг бай” гэж шаардлага тавьж, хэрхэн ханган биелүүлж байгаагаас хамааран урамшуулж эсвэл дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Бид хувь хүн талаасаа ч, цэргийн алба хаагч талаасаа ч үлгэрлэгч, манлайлагч, харилцаа хандлагаараа эерэг байх ёстой. Цэргийн хүнд хамгийн чухал хоёр төрлийн үүрэг байдаг гэж боддог. Тэр нь удирдлагад байгаа хүмүүсээ сургах бас хамгаалах. Хэрхэн сургах, хэрхэн хамгаалахаа мэддэг байж, өөрөө бас үлгэрлэн манлайлагч байж ажил алба урагшилна. Ийм ч учраас залуучуудаа хөгжүүлэх талд нь анхаарч, хэн хөдөлмөрлөж байна түүнд нь бас шударга хандахыг хичээдэг” гэснээр бид ярилцлагаа өндөрлөв.

Түүнд албаныхаа төлөө хийж бүтээх зорилго төлөвлөгөө цээжинд нь дүүрэн байх агаад Зэвсэгт хүчинд ийм л шилдэг залуус олон байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй баярламаар... https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/1233

Ахмад Д.БОЛОРМАА

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН

Д.Лхагвасүрэн: Цаг урагшлуулснаар нойртой холбоотой асуудал үүснэ. Зарим улс оронд үүнээс болж, зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс нэмэгддэг
Д.Лхагвасүрэн: Цаг урагшлуулснаар нойртой холбоотой асуудал үүснэ. Зарим улс оронд үүнээс болж, зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс нэмэгддэг
 
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.